Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид ёс зүйн дүрэмтэй болов

A- A A+
Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид ёс зүйн дүрэмтэй болов

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд ёс зүйн дүрмийг Хурал батална” гэж заасны дагуу Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Төлөөлөгчийн Ёс зүйн дүрэм, Ёс зүйн хорооны ажиллах журмыг баталлаа.

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9-д заасныг баримтлан тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн Ёс зүйн дүрмийн төслийг хянан үзэж, албаны эрх мэдлээ хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглахгүй байх, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, зөрчлийн талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх зэрэг зохицуулалтыг бий болгох зэрэг санал хүргүүлснийг хүлээн авч, дүрэмдээ тусгасан байна.

Ийнхүү шинээр хүчин төгөлдөр мөрдөх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасны дагуу Өвөрхангай аймаг төрийн улс төрийн албан хаагч буюу ИТХ-ын төлөөлөгчийн Ёс зүйн дүрмээ батлан хэрэгжүүлж байгаа анхны аймаг боллоо.