Хүлээж буй төлөөс нь хүртэж болох үр ашгаас давсан тохиолдолд эрсдэл бүхий хүмүүс авлигатай холбоотой үйл ажиллагаанд оролцохоос татгалздаг зүй тогтлын дагуу ихэнх улс орнууд ялын хэмжээ болон ял авах магадлалыг өсгөх бодлогоор төрийн албан дахь авлигатай тэмцэхийг хичээдэг. Энэ хандлага нь мэдээжийн хэрэг тодорхой үр дүнд хүрдэг боловч хангалттай биш бөгөөд авлигад өртөж болзошгүй төрийн албан тушаалтнуудыг “ухаалаг тоглогч” гэж үзэх үзэл дээр зөвхөн үндэслэсэн авлигатай тэмцэх стратеги бүрэн үр дүнтэй байх магадлал багатай юм. Учир нь хүн төрөлхтөн бол зөвхөн ухаалаг төдийгүй, бас ёс суртахуунтай амьтан. Энэ блог дээр нэгэнт ярьсанчлан (эндээс болон эндээс үзнэ үү) авлигад өртөж болзошгүй төрийн албан тушаалтны шийдвэр гаргах үйл явцад түүний хүлээж буй (материаллаг) төлөөс хийгээд үр ашгийн тооцооноос гадна, түүний ёс суртахууны үнэлэмж, өөрийн төсөөлөл (self-image) нь мөн нөлөөлдөг.
Чухамдаа хүмүүс өөрсдийн ёс суртахууны хэм хэмжээний дагуу үйл ажиллагаа явуулж байх үед тэдний тархийг урамшуулах төвүүд идэвхждэг бөгөөд энэ нь хүмүүс яагаад шударга байдал, ёс суртахуунлаг амьдралыг эрхэмлэдэг болохыг тайлбарлаж болох юм. Гэсэн хэдий ч ёс суртахууны хувьд тэгш шударга хүмүүс ч авлигад өртөж болзошгүй. Тэгвэл ашигтай хэрнээ шударга бус үйлдэл хийх, эсвэл, ёс суртахууны хэм хэмжээгээ баримтлан өөрийн эерэг төсөөлөл (positive self-image)-ийг хадгалах эсэхээ сонгохдоо хувь хүмүүс юуг анхаарч үздэг вэ?
Ёс суртахууны сэтгэл судлал (moral psychology) болон тархи судлал (neuroscience)-ын өсөн нэмэгдэж байгаа судалгаа нь хүмүүс өөрсдийгөө "хууран мэхлэгч" гэж тооцохгүйгээр тодорхой түвшинд хууран мэхлэх боломж олгодог сэтгэлзүйн зарим механизмыг, тухайлбал рационалчлал, ашигладагийг харуулж байна; энэ нь, тэд өөрийн эерэг төсөөлөлдөө харшлахгүйгээр шударга бус зан авираас ашиг хүртэх боломжийг олгодог аж. Гэхдээ хүмүүс ёс суртахуунлаг бус зан авираа өөртөө зөвтгөхөд илүү хэцүү болох тусам тэд шударга бус үйлдэл хийх магадлал буурдаг байна. Шударга бус зан авир гаргах хандлагад урхинд орсон үедээ өөрийгөө хянах тухайн хүний чадвар, өөрөөр хэлбэл, урт хугацааны зорилгодоо хүрэхийн тулд богино хугацааны үр ашиг хүртэх хүслээ дарах чадвар нөлөөлдөг.
Эдгээр ойлголтуудад анхаарал хандуулснаар рациональчлал ашиглахыг зогсоох, шударга бус үйлдэл хийх нөхцөлд өөрийгөө хянах чадварыг дээшлүүлэхэд аль алинд нь тохиромжтой авлигатай тэмцэх бодлогын загвар боловсруулах боломжтой болно. Жишээлбэл, төрийн байгууллагууд (ялангуяа төрийн худалдан авах ажиллагаа гэх мэт авлига ихтэй салбаруудад) дараах алхамуудыг хийж болох юм:
Эдгээр нь хүмүүс бол ёс суртахуунтай амьтан гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авлигын эсрэг энгийн, хямд төсөр бодлогын шинэ чиглэл болохыг харуулсан цөөн хэдэн урьдчилсан жишээ юм. Авлигын эсрэг аливаа бодлого нь хүний хэм хэмжээнээс гажсан зан үйлийг хязгаарлахад чиглэгддэг тул дэлхий дахинаа авлигыг таслан зогсоохын тулд хүний оюун ухаан хэрхэн ажилладагийг ойлгож ухаарах нь зайлшгүй чухал билээ.
Эх сурвалж