АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ БҮЛГИЙН УУЛЗАЛТАД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

A- A A+
 АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ БҮЛГИЙН УУЛЗАЛТАД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн “Хэрэгжилтийг үнэлэх бүлэг”-ийн 12 дугаар удаагийн уулзалт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулагдаж байна.

 Дэлхийн улс орнуудын удирдагч нар 2003 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Мексик Улсын Мерида хотноо НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг баталснаас хойш өдгөө 187 улс нэгдэн ороод байна.

 Нэгдэн орсон улсууд нь дотоодын хууль тогтоомжоо конвенцийн үзэл санаа, зүйл заалтуудад нийцүүлэн, хэрэгжүүлж, ажиллах үүрэг хүлээдэг.

 Ингэснээр авлига хэмээх дэлхий нийтийг хамарсан асуудлын талаар нэгдсэн ойлголт, эрх зүйн орчинтой болох, авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах, хөрөнгө буцаах чиглэлээр хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.  

Конвецийн хэрэгжилтийг үнэлэх бүлгийн уулзалт нь жил тутам зохион байгуулагддаг бөгөөд улс орнуудын хэрэгжилтийг хянах механизмын үр дүнг хэлэлцэх, конвенцийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, сайн туршлагын талаар харилцан санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлдог.  

Энэ удаагийн уулзалтын үеэр конвенцийн Хуулийн этгээдийн хариуцлагын тухай 26 дугаар зүйл  болон Яллах, шүүхийн шийдвэр гаргах, шийтгэл оногдуулах тухай 30 дугаар зүйлийг тус тус дотоодын хууль тогтоомждоо тусган, хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар хуваалцах сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, Авлигатай тэмцэх газрын төлөөлөл оролцлоо.  

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас манай улсын Хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах эрх зүйн орчин, хэрэгжилтийг олон улсын хэмжээнд сайн туршлага  хэмээн үзэж, илтгэл тавихыг урьснаар, Авлигатай тэмцэх газрын Гадаад харилцааны асуудал харицсан ажилтан, комиссар Ж.Болорчимэг илтгэл хэлэлцүүллээ.

Манай төлөөлөгч Франц болон Австрали улсын төлөөлөгч нартай нэг панел хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд өөрийн улсын хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин болон тус газраас мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс танилцуулав. 

Монгол Улс нь 2015 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуульдаа Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн Гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах тухай 3 дугаар бүлэгт заасан бүх гэмт хэргийг тусган баталсны нэг нь Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт юм.  

Манай улс байгаль орчин, мөнгө угаах, терроризм, хахууль өгөх зэрэг 31 төрлийн гэмт хэрэгт хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.