Улсын төсөвт 761.7 сая төгрөгийн татвар төлсөн тухай талархлын бичиг хүлээн авав

A- A A+
Улсын төсөвт 761.7 сая төгрөгийн татвар төлсөн тухай талархлын бичиг хүлээн авав

Энэ жил 22 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан Татварын ерөнхий газраас Монгол Улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчиддөө цахим хэлбэрээр талархал илэрхийлж байгаа аж.            

Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ ёсчлон биелүүлж улсын төсөвт нийт 761,7 сая төгрөгийн татвар төлсөн тухай талархлын бичгийг  Татварын албанаас илгээжээ.

Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэж буй энэ үед Үндсэн хуульд заасан үндсэн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан, цар тахлын хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулахад Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын хуримтлуулсан татварын орлого улсдаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, хүн арддаа нийгмийн халамж, дэмжлэг болон шингэж байгаад талархал илэрхийлсэн байна.

“Таны төлсөн татвар-Тахлыг давах дэм” уриатай талархлын бичгийг хүлээн авсан Авлигатай тэмцэх газрын хамт олон цаашид ч шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн авлигын гэмт хэргээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, татвар төлөх үндсэн үүргээ ёсчлон биелүүлж, бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн найдвартай эх үүсвэрээр хангах, эдийн засагт эрчимтэй хөгжлийг авчрахад бодит хувь нэмэр оруулах болно.

Бидний нэгэн адил улс, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөрлөж, татвараа төлөх үндсэн үүргээ ёсчлон биелүүлж, “Зөв зөвд шударга зөв”-ийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж байгаа баялаг бүтээгч бүх татвар төлөгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Авлигатай тэмцэх газрын зүгээс талархал илэрхийлье.