Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум, Монголын тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын худалдан авалтын үйл ажиллагааны ил тод байдал” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын худалдан авах ажиллагаа, засаглалын асуудал, бараа бүтээгдэхүүнийг хэт өндөр үнээр худалдан авдаг, тендер шалгаруулдаггүй, төсвийг үр ашиггүй зарцуулдаг, шахааны бараа, материал авдаг, мэдээллээ нээлттэй ил тод, иргэдэд ойлгомжтой байршуулдаггүй, ашиг сонирхлын зөрчил ихтэй зэргээр олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулдаг.
Өндөр үнийн дүн бүхий худалдан авалт тогтмол хийдэг уул уурхайн салбар дахь ТӨК-иудад худалдан авах ажиллагааны ил тод байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох зорилгоор Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын худалдан авалтын үйл ажиллагааны ил тод байдал” судалгааг “Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” ТББ-ын судлаачид гүйцэтгэсэн. Судалгаатай холбогдуулан ТӨК-иудын худалдан авах ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, иргэдийн хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, СЯ, ХЗДХЯ, ХААГ, ТӨБЗГ зэрэг төрийн байгууллагуудаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд, Мон-Атом ХХК, Хил хязгааргүй алхам ТББ, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо зэрэг төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөл, судлаач зэрэг 150 орчим хүн оролцлоо.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах зорилтыг дэвшүүлэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Энэ удаа төрийн болон орон нутгийн өмч, төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын худалдан авах ажиллагааны ил тод байдлын талаар хийсэн судалгааны тайлан гарсантай холбогдуулан өнөөгийн нөхцөл байдлыг тоймлон, цаашид хийх ажил, хамтын ажиллагааны талаар зураглал гаргах зорилгоор энэхүү цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Үндэсний хөтөлбөрт төрийн худалдан авах ажиллагааг бүрэн цахимжуулахаар тусгагдсан бөгөөд яам, агентлаг, орон нутгийн түвшинд ахиц дэвшил гарч байгаа. Харин төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьд хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, шилэн дансанд мэдээлэл оруулах, хөтлөх ажлыг хэвшүүлэх шаардлага байгаа. Ялангуяа авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд худалдан авах ажиллагааг бүрэн цахимжуулах, ил тод, нээлттэй байдлыг хангах, хяналтыг сайжруулах, хариуцлага тооцох, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдийн бүртгэл хөтөлж, хязгаарлах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгагдсан. Иймд хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд өнөөдрийн судалгаа чухал байр суурь эзлэх болно” гэдгийг тэмдэглэв.
Хэлэлцүүлгийн эхэнд Нээлттэй нийгэм форумаас танилцуулга хийж, судалгааны багаас уул уурхайн салбар дахь төрийн өмчит компаниудыг хамруулсан уг судалгаагаар худалдан авалтын ил тод байдлыг хангахтай холбоотой хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, түүний хэрэгжилтийг төрийн болон орон нутгийн өмчит компаниудын төлөөлөл болсон 9 компанийн хувьд үнэлж, олон улсын жишиг туршлагад үндэслэсэн дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа.
Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд: Ил тод байдлыг судлах гэж байгаа учраас ил тод болоогүй мэдээлэл дээр биш нээлттэй мэдээлэл болох компанийн цахим сайт, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем, Шилэн дансны цахим систем дээр байх хоёрдогч мэдээллийг ашигласан. Үүний зэрэгцээ төрийн өмчийн санхүүгийн ил тод байдлыг хэрхэн үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга замыг зохицуулалтыг олон улсын байгууллага, судалгааны институт, судлаачдын нээлттэй болгосон холбогдох судалгаа тайлан зэрэг үнэлгээний материалыг харьцуулан үзсэн. Уул уурхайн салбартаа төрийн өмчийн менежментийг хэрэгжүүлж буй Чили, Бразил, Норвеги, Перу, Мексик зэрэг 5 улсын худалдан авалтын ил тод байдлын туршлагыг харьцуулсан судалгаатай танилцуулсан юм.
Судлаачид төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn сайтыг шилэн данстай холбох, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, олон нийтийн хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын үр дүнг мэдээлдэг байх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгааг илтгэл, мэдээлэлдээ онцоллоо.
Хэлэлцүүлэгт оролцсон зарим байгууллагын төлөөлөгчид төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн худалдан авах ажиллагааны ил тод байдлын талаар байр сууриа илэрхийлснээс товчлон хүргэе.
Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул:
"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах” журам байдаг. Энэ нь өмнөх цаасан тендер шалгаруулалтад уялдуулан үндэслэж хийсэн маягттай тул цахим худалдан авалттай уялдахгүй хүндрэлтэй асуудлууд гарч байна. Иймд бид энэ журмаа бүхэлд нь шинэчлэх, цахим системээр дамжуулан төлөвлөдөг, явцыг нь мэдээлдэг, тайлагнадаг журам боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа, энэ ондоо багтаад журмаа боловсруулан батлуулна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт 100 хувь цахимаар тендер шалгаруулдаг болох зорилт тавьсан, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ч мөн худалдан авах үйл ажиллагааг цахимд шилжүүлэх зорилтуудыг тусгасан. Бид цаасаар ямар ч худалдан авалтыг төлөвлөж, тайлагнахгүй. Бүх үйл ажиллагааг цахим системээр зохион байгуулдаг болохоор үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Цаашид цахим худалдан авалтыг үнэлгээг ч мөн хүний оролцоогүйгээр систем өөрөө үнэлэх өөрчлөлтийг хийж байгаа” гэв.
Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэлд хамаарах бүх л байгууллагууд tenger.gov.mn системийг ашиглан тендерийн урилга, үр дүн, төлөвлөгөөг шийдвэр гарч буй тухай бүр нь олон нийтэд нээлттэй, ил тодоор байршуулж байх ёстой. Тендер шалгаруулалтын үр дүнгээ хуульд заасан цаг тухайд нь оруулах ёстой. Оруулахгүй байна гэдэг нь тендер шударга явагдаж чадсан уу гэдгийг харах шалгарч чадаагүй компаниудын эрхийг хөндөж байна гэсэн үг” гэсэн юм.
ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ:
“Төрийн өмчит бизнесийн зорилготой байгууллагуудын ангилал учир дутагдалтай байна гэж судалгааны зөвлөмжид дурдагдаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдаж, нэмэлт өөрчлөлтүүд орсон ч зарим талаараа өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцэхгүй, учир дутагдалтай тал байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн өмчит компанийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж байгаа. Эдгээр хуулиудад тодорхой ангиллууд тусгагдаж улам боловсронгуй болно” гэв. Мөн тус газраас төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг үр дүнтэй, урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хийх асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.
Хэлэлцүүлгийн явцад “Эрдэнэс тавантолгой” ХК-иас хэлэлцүүлэгт оролцож буй бусад төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд худалдан авалтын үйл ажиллагааны сайн туршлагаасаа хуваалцав.
Авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод байдлыг хангах, иргэдийн хяналтыг сайжруулахад түлхэц болохуйц нээлттэй хэлэлцүүлэг боллоо хэмээн хэлэлцүүлэгт оролцогч талууд дүгнэж, дүгнэлт, санал зөвлөмжийг нэгтгэн, холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлахаар тогтлоо.
Дашрамд дурдахад Авлигатай тэмцэх газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ил тод байдлыг тодорхой шалгуурын дагуу үнэлж, олон нийтэд мэдээлэхээр ажиллаж байна.
“Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын худалдан авалтын үйл ажиллагааны ил тод байдал” судалгааг www.forum.mn сайтаас татаж үзнэ үү.