“Авлигатай тэмцэхэд хүүхэд, залуусыг оролцуулах нь” сэдэвт цахим семинар зохион байгууллаа

A- A A+
“Авлигатай тэмцэхэд хүүхэд, залуусыг оролцуулах нь” сэдэвт цахим семинар зохион байгууллаа

Ази, номхон далайн орнуудын авлигын эсрэг сүлжээнээс “Авлигатай тэмцэхэд хүүхэд, залуусыг оролцуулах нь” сэдэвт цахим семинарыг зохион байгууллаа. Тус семинарт ази, номхон далайн орнуудын авлигын эсрэг салбарт ажилладаг 80 гаруй мэргэжилтэн оролцов.

Семинарын үеэр Хонконгийн Авлигын эсрэг бие даасан хорооны Гадаад хамтын ажиллагаа, сургалт хариуцсан нэгжийн дарга Лоуренс Чиу өөрийн байгууллагын Олон нийттэй харилцах газраас хүүхэд, залууст шударга зан төлөв төлөвшүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлдэг ажлуудынхаа талаар танилцууллаа.

Хонконгийн Авлигын эсрэг бие даасан хорооны үндсэн гурван том нэгжийн нэг болох Олон нийттэй харилцах газар нь 170 ажилтантай. Хонконгийн 7.5 сая хүн амын 15 хувь буюу 1.2 саяыг цэцэрлэг, сургууль, их сургуулийн хүүхэд, залуус эзэлдэг. Эрүүл, шударга нийгмийг бүтээхэд хүн тус бүрийг багаас нь бэлтгэх шаардлагатай гэж үздэг тул авлигын эсрэг боловсролыг цэцэрлэгийн наснаас эхэлдэг.

Цэцэрлэгийн наснаас их сургууль төгсөх хүртэлх залуу үед чиглэсэн хөтөлбөрүүд нь авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулахаас илүү шударга, үнэнч, хариуцлагатай, сахилга баттай хувь хүн бий болгоход төвлөрдөг. Ингэхдээ сургуулийн өмнөх насны хүүхдэд үлгэр, хүүхэлдэйн кино, буддаг ном зэргийг ашигладаг бол сургуулийн насныханд зориулсан хөтөлбөр, арга хэмжээнүүдэд сурагчдыг өөрсдийг нь оролцуулсан, өөрөөр нь аливаа буруутай шийдвэр, шударга бус үзэгдлүүдийг таниулахад анхаардаг байна. Энэ насандаа хүүхэд авлигын хор уршиг, авлигын эсрэг хууль, тогтоомж болон ёс зүйтэй шийдвэр гаргахын чухлыг ойлгож эхэлдэг.

Харин их сургуулийн оюутнуудад чиглэсэн хөтөлбөрүүд нь ажлын байранд авлигаас урьдчилан сэргийлж, мэргэжлийн ёс зүй суулгахыг зорьдог бөгөөд өөрийн гэсэн дотоод үнэт зүйлтэй болж, түүндээ үнэнч байхыг сануулдаг байна. Дээрх сургалтуудыг Авлигын эсрэг хорооноос бие даан зохион байгуулахаас гадна Ерөнхий боловсролын сургуулийн Ес зүй, Иргэний боловсрол зэрэг хичээлийн нэгдсэн хөтөлбөрт нэгтгэн зохион байгуулдаг.

Тус хорооноос Боловсролын яам, Багш нарын холбоо, эцэг эхчүүд суралцагч нартай нягт уялдаа, холбоотой ажиллаж дээрх хичээлүүдэд зориулсан мэдээлэл, сургалтын материал, гарын авлага боловсруулж өгдөг байна.