Аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 270 гишүүнийг цахим сургалтад хамруулав

A- A A+
Аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 270 гишүүнийг цахим сургалтад хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 21 аймаг, 9 дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 270 гишүүнд “Авлигын хор хөнөөл, өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх нь” цахим сургалтыг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав.

Хэд хэдэн аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүдийн холбогдсон авлигын хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж, дахин ийм төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газарт “Мөрдөгчийн мэдэгдэл” хүргүүлсэн билээ. Уг мэдэгдлийн мөрөөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүдэд авлигын эсрэг сургалт зохион байгуулсан юм.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн цахим сургалтыг нээж хэлэхдээ, 2020 онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой гомдол мэдээлэл өмнөх жилээс өсөж, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүдийн холбогдсон авлигын гэмт хэрэг цөөнгүй гарсныг дурдаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх зэрэг шийдвэр гаргах түвшинд авлигын бодит шалтгаан, нөхцөл үүсэж байгаа тул энэ чиглэлээр ажиллаж байгаа албан тушаалтнуудыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашид ийм төрлийн гэмт хэрэг гарахгүй байхад дор бүрнээ анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Тэрбиш хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын авлигын нөхцөл байдал болон авлигын хор хөнөөл, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулахад мэдүүлэг, тайлбар гаргахын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Авлигатай тэмцэх газраас цаашид аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, комиссын үйл ажиллагаанд ажлын байрны зураглал хийж гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан, нөхцөлийг арилгах, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүдийг байнгын сургалтад хамруулж, албаны цахим шуудангаар тогтмол мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулна.