“Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аянд сэтгүүлчид нэгдэв

A- A A+
“Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аянд сэтгүүлчид нэгдэв

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ” соён гэгээрүүлэх аянд сэтгүүлчид нэгдлээ.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах, олон нийтийг авлигатай тэмцэх арга барилд сургах, тэднийг татан оролцуулах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс улсын хэмжээнд “Зөв зөвд шударга зөв” аяныг зохион байгуулж байгаа билээ. Уг аян нь иргэн, хувь хүний зан суртахуунд тулгуурлан нийгэмд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

“Зөв зөвд шударга зөв” аяны салхийг Монголын сэтгүүлзүйн салбарын төлөөлөл хагалав. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал, сэтгүүлч Б.Отгон, Г.Мөнхтуул, Г.Цолмон, Б.Ундрахжаргалант, Д.Мягмартогтох, Б.Болдбаатар, О.Баярмаа, Т.Ганзул, О.Бямбагэрэл, Ж.Алтангэрэл, М.Батбилэг, Ч.Лодойсамбуу, Н.Баасандамба нарын сэтгүүлчид авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, шударга ёсны талаар үзэл бодлоо илэрхийллээ.  

Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяныг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа нь Монгол Улсад хөл хорио тогтоосон нөхцөл байдалд нийцүүлсэн бөгөөд иргэд, олон нийтийн оролцоог бүрдүүлэхэд сэтгүүлчдийн уриалга, дэмжлэг бодит хувь нэмэр болж байна.