Сургагч багш бэлтгэх цахим сургалт боллоо

A- A A+
Сургагч багш бэлтгэх цахим сургалт боллоо

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх”, “авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшийг бэлтгэх, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах”, Авлигатай тэмцэх газрын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан авлигын эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлж, цар хүрээг тэлэх, шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд иргэд, олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх үйлсэд олон нийтийн дэмжлэгийг авах зорилтын дагуу сургагч багш нарыг үе шаттайгаар бэлтгэж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, хууль зүй, сэтгүүл зүй зэрэг зорилтот салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагын удирдлага, гишүүдийг авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшаар бэлтгэх, чадваржуулах, мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх сургалтыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоод, эрүүл мэнд, сэтгүүл зүйн салбарын иргэний нийгмийн байгууллагын удирдлага, гишүүд хамрагдаж, цахим гарын авлага, сургалтын материалаар хангав.

Сургалтын агуулгад багшлах арга зүй, илтгэх ур чадвар зэрэг сэдвийг багтаан, ялангуяа цар тахлын улмаас танхимаар сургалт хийх боломжгүй байгаатай холбогдуулан сургалтыг цаашид цахимжуулах хэрэгцээ, шаардлагын үүднээс цахим орчинд сургалт явуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагын туршлагатай багшийг урьж оролцуулан хамтран зохион байгууллаа. 

Сургагч багш бэлтгэснээр иргэн, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоонд тулгуурлан авлигын эсрэг үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ялангуяа соён гэгээрүүлэх ажлыг орон нутагт явуулах дэд бүтэц өргөжих боломж бүрдэж байна.