Зөвлөмж

A- A A+
Зөвлөмж
Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, тө­рийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэ­­­дээллийг хүртээмжтэй байлгах, үйл ажиллагаагаа нээлт­тэй болгох, иргэдийн оролцоог хангах талаар дор дурдсан зүйлийг анхаарч ажиллахыг зөвлөж байна:

Нэг. Мэдээлэл хүртээмжтэй байх талаар
  1. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиг үүрэг бүхий байгууллага өөрийн үйл ажиллагаандаа мөрдөж байгаа дүрэм, журмаа үйлчлүүлэгчдэд харагдахаар газарт байрлуулах;
  2. Иргэд, хуулийн этгээдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг хүргэдэг төрийн албан тушаалтны чиг үүрэг, эрх хэмжээ, ямар үйлчилгээг ямар хугацаанд үзүүлэх, бүрдүүлэх шаардлагатай материал зэргийг агуулсан танилцуулгыг үйлчлүүлэгчдэд тараах, эсхүл тэдэнд харагдахаар газарт бичиж тавих;
  3. Мэдээллийг вэб сайтаар түгээхийн зэрэгцээ хэвлэмэл материал, тодорхой зөвлөгөө бүхий гарын авлага, зурагт хуудас гарган тараах;
  4. Иргэдийг хүлээн авч уулзах, цагийн хуваарь, уулзах ажилтны овог, нэр, харилцах утсыг тодорхой бичиж, байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн самбарт болон вэб сайтад байрлуулах;
  5. Иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол, санал ирүүлсэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох механизмыг бий болгох;
  6. Иргэд, хуулийн этгээдэд хэрэгцээтэй, тэдэнд хамаарах шийдвэрээ нийтэд вэб сайт болон бусад хэлбэрээр мэдээлж байх;
  7. Төрийн үйлчилгээний бүх төрлийн төлбөр, хураамжийг бодитой тогтоох, үндэслэлгүйгээр илүү болон нэмэгдэл төлбөр, хураамж авах асуудлыг таслан зогсоох;
  8. Байгууллагын удирдлагын шийдвэртэй холбогдох материал, төсвийн зарцуулалт, албан хаагчийн мэдээлэл /хөрөнгө, орлогын мэдүүлэг гэх мэт/-ийг байгууллага бүр дотооддоо ил тод, нээлттэй болгох; 
  9. Иргэдийн хэрэгцээт мэдээллийг вэб сайтдаа тавих, тавьсан мэдээллээ байнга шинэчилж байх.
Хоёр. Үйл ажиллагаагаа нээлттэй байлгах талаар
  1. Үйл ажиллагааны нээлттэй байдлыг алдагдуулсан дүрэм, журмаа нягтлан үзэж өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээ авах;
  2. Иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлж, иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хуульд заасан хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэн хариуг өгөх;
  3. Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа нь тухайн байгууллагын ажилтнуудад нээлттэй байх, шийдвэрийн үндэслэлийн талаарх мэдээллийг иргэд, хуулийн этгээдэд нээлттэй болгох;
  4. Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажил­лагаанд ил тод байдлыг хэрхэн хангасан талаар жил бүр тайлан гаргаж дүгнэж байх.
Гурав. Үйл ажиллагаанд иргэдийн оролцох боломжийг бүрдүүлэх талаар
  1. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн бай­­­гууллагад иргэд чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх;
  2. Иргэдээс мэдээлэл хүлээн авах утас ажиллуулах, эсхүл санал хүсэлтийн хайрцаг /дэвтэр/-ийг байгууллагад байрлуулан иргэдийн санал, хүсэлтийг авч, түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллах;
  3. Төрийн байгууллага тодорхой чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн санал бод­­лыг авч, анхаарал татаж байгаа мэдээллийг нээлттэй болгох; 
  4. Тухайн байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шал­гаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол олон нийтэд ил тод байлгаж, тэдгээртэй танилцах боломжоор хангах;
  5. Байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийг улам боловсронгуй болгож, тэр дундаа ямар ёс зүйг ажилтнууд сахих талаарх заалтуудыг иргэдэд нээлттэй болгох.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
2007 он