Зөвлөмж

A- A A+
Зөвлөмж
Нийслэл, дүүргийн газрын албаны ажилтнуудаас иргэд, байгууллагын хүсэлтийг шийдвэрлэхдээ учруулдаг хүнд суртал чирэгдлийг багасгах, авлига үүсэхэд хүргэдэг шалтгаан, нөхцөлийг арилгах, тэдгээрийг цаашид бий болохоос урьдчилан сэргийлэхийн тулд Авлигын эсрэг хуулийн 6 ба 18 дугаар зүйлд заасныг үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна:

1. Нийслэл, дүүргийн хэмжээнд газартай холбоотой асуудлаар төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэд, байгууллагын өргөдөл, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх талаар газрын албаны ажилтнуудад тавих шаардлага, дотоодын хяналтыг орхигдуулснаас иргэд, байгууллагад хүнд суртал чирэгдэл учруулж, улмаар авлига үүсэх шалтгааныг нөхцөлдүүлсэн, албан хаагчдынхаа хөрөнгө, орлогын мэдүүлгийг хууль, журамд заасан шаардлагын дагуу хүлээн авах, бүртгэх ажилд хариуцлагагүй хандсан, төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох зорилгоор Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Зөвлөмжийг дөрвөн сарын хугацаа өнгөрөхөд хэрэгжүүлж эхлүүлээгүй байсан Нийслэлийн газрын албаны дарга Б.Төмөрхуягт албан тушаалын хариуцлага тооцох;

2. Нийслэл, дүүргийн газрын албанд иргэд, хуулийн этгээдээс өгсөн өргөдөл, албан бичгийг хүлээн авдаг, Нийслэлийн Засаг даргаас газартай холбоотой асуудлаар захирамж гаргах хүртэлх олон шат дамжлагыг цөөлөх, хугацааг богиносгох, өргөдөл, гомдол, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэдэг болгох;

3. Газрын албаны ажилтнуудын ёс зүйн дүрмийг батлуулан мөрдүүлж, түүгээр ажилтнуудад албан үүргээ гүйцэтгэх үед зөвшөөрсөн болон хориглосон ёс зүйн хэм хэмжээнүүдийг олон нийтэд ил тод газар байрлуулах;

4. Газрын албанд иргэд, байгууллагаас хандсан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэлтийн хугацаанд байнгын хяналт тавих, хуулийн хугацаа хэтрүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцдог механизм бий болгох;

5. Иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах хугацааг сунгах, эзэмшигчийн нэр солих гэх мэт газрын бүртгэлтэй холбоотой зарим асуудлыг Нийслэлийн газрын албаны даргын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэхээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах;

6. Газрын асуудлыг шийдвэрлэхэд оролцдог субъектүүдийн ажлын уялдааг хангахад чиглэсэн удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг болох;

7. Нийслэл, дүүргийн газрын албанаас хариу хүлээж байгаа 1803 иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлтийг тэдэнд дахин чирэгдэл учруулалгүйгээр 2007 оны 11 дүгээр сарын 10-ны дотор шийдвэрлэж, албан ёсны хариу өгөх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

8. Албан байгууллагуудын хашаанд болон орон сууцнуудын гаднах нийтийн эзэмшил газрын зам, талбай дээр газар олгосон шийдвэрүүдийн хэрэгжилтийг эргэн авч үзэж, дүгнэлт хийж, олон нийтийн ашиг сонирхолд нийцээгүй “газар олголт”-ын зарим захирамжийг хүчингүй болгон ил тод мэдээлэх. Цаашид нийтийн эзэмшлийн газрыг бусдад эзэмшүүлэх шийдвэр гарахаас өмнө болон гаргасны дараа иргэдэд тогтмол мэдээлж байх;

9. Дүүргүүдийн газрын албаны ажилтнуудын орон тоог ажлын ачааллыг харгалзан шинэчлэн тогтоох, тэднийг аль болох сэлгэн томилуулах, иргэний бүртгэлийн албатай хамт байгаа, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн газрын албаны байрны нөхцөлийг сайжруулах;

10. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу суурьшлын бүсийн газрыг батлуулдаггүй, ерөнхий архитекторын баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мөрдлөг болгон ажилладаггүй, заримыг нь дураараа өөрчилж, иргэд, хуулийн этгээдэд чирэгдэл учруулж, авлига үүсэх шалтгаан, нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагааг таслан зогсоож, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

11. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын мэдээллийн санд оруулсан иргэд, хуулийн этгээдийн эзэмшил газрын кадастрын зургийг ямар ч нөхцөлд, хэн ч өөрчилж чадахааргүй нарийн журам тогтоон мөрдлөг болгон ажиллуулах, кадастрын зургийг засдаг этгээдүүдийг илрүүлэн зохих хариуцлага тооцож таслан зогсоох;

12. Сар бүрийн тодорхой нэг өдөр Нийслэлийн Засаг дарга газрын албан дээр ажиллаж холбогдох шийдвэр, захирамж гаргах, өргөдөл гомдол шийдвэрлэж байх.
 
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
2007 он