Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2012 оны эхний хагас жилийн ажлын тайлан

A- A A+
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2012 оны эхний хагас жилийн ажлын тайлан
Нэг. Дотоод зохион байгуулалтын талаар

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь Авлигын эсрэг хуульд заасан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны үйл ажиллагааг хэлтэс улирлаар, хэлтсийн ажилтнууд долоо хоногоор төлөвлөн, төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа зохих түвшинд биелүүлэн ажиллав.

Тайлангийн хугацаанд тус газрын даргын зөвлөлийн хурал болон шуурхай зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэлтсийн хурлаар авч хэлэлцэн, төлөвлөгөөний биелэлт болон хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж ирлээ.
 
Хоёр. Урьдчилан сэргийлэх чиглэлээр

Монгол Улсын Их Хурлаар 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг газрын даргаар батлуулан, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

Уг хуульд заасны дагуу Засгийн газрын тогтоолоор 2 журам, газрын даргын тушаалаар 1 журмыг батлуулав. Үүнд:

“Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээг үнэлэх, хадгалах, зарцуулах журам” болон “Албан тушаалтан дипломат журмаар бэлэг хүлээн авах, тайлагнах, зарцуулах журам”-ын төслийг журмын төслүүд, танилцуулга, түүнийг батлах Засгийн газрын тогтоолын төсөл, мэдэгдлийн маягтын төслийг тус тус боловсруулан Засгийн газрын 133, 141 дүгээр тогтоолоор батлуулав.

“Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг газрын даргын тушаалаар тус батлуулж, журмуудыг нийтийн албан тушаалтанд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулав.

Түүнчлэн төрийн байгууллагуудын ёс зүйн дүрэм, журмуудыг судлан үзэж мониторинг хийх, эрх бүхий албан тушаалтны судалгаа гаргах, төрийн бүх шатны албан тушаалтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр, сургалтын модуль, жишээ боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бусад улс орны сайн туршлагыг судлах зорилгоор Дэлхийн банкны холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран 2 удаагийн видео хурлыг зохион байгуулж, уг видео хурлын үеэр яригдсан асуудлаар тухайн улс орнуудын тэргүүний арга хэрэгслийг өөрийн улсын онцлогт уялдуулах үүднээс тодорхой санал боловсруулан ажиллаж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах, уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр Дэлхийн банктай хамтран ажиллах үйл ажиллагааны саналыг боловсруулж, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газарт хүргүүлээд байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, НҮБ-ын Авилгалын эсрэг Конвенц, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиудын хэрэгжилтийг бүрэн хангах, дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах дүрэм, журмыг боловсруулах зорилгоор авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй Латви, Литва, Азербайжан, Хорват, Босни, Македон, Монтенегро, Албани, Аргентин, Серб, Гүрж, Чех зэрэг орнуудын ашиг сонирхлын зөрчлийн талаарх эрх зүйн актууд, Sierra Leone улсын “Авлигын эсрэг үндэсний стратеги”-ийн зарим холбогдох хэсгүүд, Латви улсын Засгийн газрын 888 дугаар журам /Төрийн албан хаагчаас албан үүргээ гүйцэтгэх явцдаа хүлээн авсан, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын өмчлөлд бүртгэгдэх, үнэлэгдэх, ашиглагдах болон эргүүлэн олгох бэлэгтэй холбоотой зохицуулалт/-ыг судаллаа.

Төрийн байгууллагуудад Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий орон тоог бий болгох зорилгоор “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүний үзэл баримтлалын төсөл, танилцуулгын хамт боловсруулж Тамгын хэлтэст хүргүүлэв.

Авлигатай тэмцэх газраас яам, агентлаг, аймаг, нийслэлийн төрийн байгууллагуудад Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнг үнэлэх, тайлагнах талаар хүргүүлсэн Зөвлөмжийн дагуу төлөвлөгөөний хэрэгжилтэд өөрийн үнэлгээ хийсэн 11 яам, 43 агентлаг, 21 аймаг, нийт 76 байгууллагын 2011 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээн авч судлан, дүн шинжилгээ хийн, үнэлэх ажлыг хийж гүйцэтгэв.

Тайлан гаргах, өөрийн үнэлгээ хийх, төлөвлөгөө боловсруулахтай холбогдуулан Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Хүүхдийн төлөө газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Архангай, Увс аймаг, Татварын ерөнхий газар, Усны газар, Төрийн өмчийн хороо, Авто замын газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох ажилтнуудад тус тус арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
“Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн тайланг онлайнаар хүлээн авч, биелэлтийг үнэлэх зорилгоор уг төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнах, биелэлтийг тооцох, үнэлэхэд зориулсан програм зохиолгон ашиглах, уг програмд тавих шаардлага, өгөгдлийн талаар дэлгэрэнгүй саналыг бэлтгэн энэхүү програм боловсруулах талаар сонгогдсон програмисттай програмд оруулах материалуудыг бэлтгэх, санал өгөх зэргээр хамтран ажиллаж, програмын эхний төслийг гаргаад байна.

Түүнчлэн Нийслэлийн амаржих газруудад зохион байгуулах авлигаас урьдчилан сэргийлэх тусгайлсан арга хэмжээний төлөвлөгөөг Газрын даргаар батлуулан хэрэгжүүлэв. Төлөвлөгөөний хүрээнд амаржих газруудад мөрдөгдөж буй эрх зүйн актуудыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргуулан авч, судалсны зэрэгцээ 1 ба 3 дугаар амаржих газарт саналын хайрцаг байрлуулан мэдээлэл хүлээн авах, “Эрүүл мэндийн салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”-ын талаар үйлчлүүлэгчдээс санал асуулга авч, нэгтгэн дүн гарган, иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд ажиглалт тандалт хийх зэргээр төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Эрсдэл өндөртэй аймаг, салбарт авлигын эрсдлийг бууруулах ажлын чиглэлээр өнгөрсөн онд “Шударга шил” төслийн хүрээнд хийгдсэн “Ашигт малтмалын салбар дахь авлигын эрсдлийг тодорхойлох судалгааны ажлын тайлан”-нд үндэслэн Авлигатай тэмцэх газраас хүргүүлэх Зөвлөмжийн төслийг боловсруулж байна.

Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хугацаа 2010 онд дууссантай холбогдуулан хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг тооцох, авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, хөтөлбөрт дурдсан арга хэмжээний үр нөлөөг судлах зорилгоор дахин боловсруулалт хийж, нэгдсэн тайланг гаргав.

НҮБ-ын Авилгалын эсрэг Конвенцийн 5, 7, 12, 13 дугаар зүйлд тусгасан “Авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Төрийн алба”, “Хувийн хэвшил”, “Нийгмийн оролцоо”-ны талаарх хэрэгжилтийн тайланг гаргав.
Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээний биелэлтийг гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.

Авлигатай тэмцэх газар, аймгийн Засаг дарга, орон нутаг дахь авлига, хүнд сурталтай тэмцэх төрийн бус байгууллагуудын сүлжээний хооронд байгуулсан гэрээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн 2011 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг 21 аймаг дахь Авлига, хүнд сурталтай тэмцэх төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нараас хүлээн авч, танилцан, 2012 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон, зөвлөгөө, арга зүйн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулах, шинээр батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор зохион байгуулсан “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээний төлөвлөгөөг Газрын даргаар батлуулан хариуцан хэрэгжүүлэв. Уг арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд төрийн байгууллагуудааас оролцогчдод албан бичиг хүргүүлэх, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн урилга хэвлүүлэх, хөтөлбөр, сценари боловсруулах, байгууллагын танилцуулга самбар, видеог бэлтгэх, байгууллагын түүхэн замналаар болон хэлтсийн үйл ажиллагааны самбарыг байршуулах, танхимд баннер байрлуулах, үйл ажиллагааг хулдаасан самбараар сурталчлах, санал асуулгын хуудас боловсруулан санал авах, төрийн байгууллагуудын “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг танилцуулах, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний өөрийн үнэлгээ боловсруулах талаар зөвлөмж өгөх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль сурталчилсан хулдаасан самбар гаргах, брошурын эх бэлтгэн түгээх зэргийг хэрэгжүүлэн амжилттай зохион байгуулав.

Авлигатай тэмцэх газар, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй хамтран ажиллах Санамж бичгийг боловсруулан Зөвлөлийн гишүүдээс санал авсан бөгөөд уг баримт бичигт гарын үсэг зурахад бэлэн болгов. Мөн 2012 онд Олон нийтийн зөвлөлтэй хамтран ажиллах төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна.
 
Гурав. Соён гэгээрүүлэх чиглэлээр
 
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг нийт төрийн албан хаагчдад таниулан сурталчлах арга хэмжээний хүрээнд “Авлигын эсрэг эрх зүйн баримт бичгийн эмхтгэл”-ийг нэгтгэн хянаж, хэвлүүлэв. Түүнчлэн хуулийг таниулах чиглэлээр “Ашиг сонирхлын зөрчлийн хууль ба 100 асуулт, хариулт” бяцхан ном, албан тушаалтанд тавигдах 12 төрлийн хориглолт, хязгаарлалт тус бүрийг танилцуулсан “Нийтийн албан тушаалтан Танд үүнийг хориглоно” хэмээх товхимлыг боловсруулан, эхийг бэлтгэж, тус бүр 25000 ширхэгийг хэвлүүлэн нийтийн албан тушаалтны гарын авлага болгов.

“Нийтийн албан тушаалтны 5 зарчим”, “Хуулийн тухай танилцуулга”, сэдвээр 2 нугалбар /брошюр/-ын эхийг боловсруулж, хэвлүүлэв. Хуулийн сурталчилгааг дан ганц хэвлэмэл материалаар хязгаарлахгүй бөгөөд телевизийн ролик, теле хичээл хэлбэрээр дүрст сурталчилгаа хийхээр зорьж байна.

Хуулийг таниулах сургалтыг зохион байгуулах үеэр оролцогчдоос гаргасан асуулт, санал бүрийг нэгтгэн цаашид “Нийтлэг асуулт, хариулт” хэмээх товхимол гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийг сурталчлах, ухуулан таниулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулав. Хууль сурталчлах сургалтыг нэгдсэн болон төлөвлөгөөт байдлаар явуулж, хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг бүрэн хамруулах зорилт тавьж ажиллав. Тухайлбал, уг хуулийг сурталчлах нэгдсэн сургалт семинарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ҮАБЗ, Үндсэн хуулийн цэц, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, шүүх, прокурорын байгууллагын ажилтнууд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагийн дарга нар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын асуудал хариуцсан нэгжийн дарга нар, яамдын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, яам агентлагийн төлөвлөлт буюу хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан албан хаагчдын хүрээнд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нар, Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын Ажлын албаны албан хаагчдын хэмжээнд тусгайлсан хөтөлбөрийн дагуу тус тус зохион байгуулсан уг сургалтад 268 оролцогч хамрагдсан бөгөөд сургалт, семинарт төрийн байгууллагын удирдах албан тушаалтан буюу шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд, авлигаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ажилтнууд буюу дээрх хуулийг хэрэгжүүлэх ажлыг өөрийн байгууллага дээр гардан зохион байгуулах албан хаагчдыг хамруулсан нь хуулийн хэрэгжилтийг цаашид бүрэн хангахад чухал ач холбогдолтой болов.

Газрын даргаар батлуулсан төлөвлөгөөт сургалтын дагуу төрийн дээд байгууллагуудын ажлын алба, Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагууд, яамд, агентлагууд, хууль хяналтын байгууллагууд, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд албан хаагчид, төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд, нийт 7747 албан хаагч хамрагдсан байна.

Хэлтсийн албан хаагчид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар сургалт зохион байгуулах, хуулийг сурталчлах гарын авлага, материал түгээх, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон баталсан журмуудыг тайлбарлан таниулах, хууль хэрэгжүүлэх тухай албан бичгийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах заавар зөвлөгөө өгч, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор 20 аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Багануур дүүрэгт ажиллах ажлын нэгдсэн удирдамж, хөтөлбөрийг газрын даргаар тус тус батлуулан албан томилолтоор ажиллав. Сургалтыг аймгуудын сумдын Засаг даргын Тамгын газар, ИТХ, түүний ажлын албаны албан хаагчид, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдлага, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, цэцэрлэг, яслийн эрхлэгч нар, эрүүл мэндийн байгууллагуудын болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтныг хамруулан зохион байгуулсан бөгөөд нийт 5500 нийтийн албан тушаалтан оролцов.

Тус хэлтсийн хамт олон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах хүрээнд 1 сарын хугацаанд нийт 13520 хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хүрч ажилласан байна.

Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль сурталчлах “АХА” тэмцээний асуулт хариултыг боловсруулж, Улаанбаатар хот дахь Гаалийн газартай хамтран амжилттай зохион байгуулав.

Тайлант хугацаанд тус хэлтэс “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвийн 48 албан хаагч, Улсын Мөрдөн байцаах газрын харьяа нийслэлийн дүүргүүдийн хэлтэс, тасгийн 96 мөрдөн байцаагч, Гаалийн ерөнхий газрын 118 удирдах ажилтан, Жижиг дунд үйлдвэрийн газрын 29 удирдах албан тушаалтан, нийслэлийн Цагдаагийн газрын Хөдөлгөөнт эргүүлийн газрын 127 албан хаагч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 35 ажилтан, Авто замын газрын 34 удирдах албан тушаалтан, Клиникийн 1 дүгээр эмнэлгийн 75 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийслэлийн 1 дүгээр амаржих газрын 49 эмч, эмнэлгийн ажилтан, Гэмтэл согогийн үндэсний төвийн 52 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн 234 албан хаагч, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн 186 албан хаагч, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн 193 албан хаагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв, орон нутгийн 85 улсын байцаагч, Авто замчдын холбооны 141 инженер, техникийн ажилтан, Цагдаагийн ерөнхий газрын харьяа Албадан саатуулах байрны 45 албан хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 409 дүгээр ангийн 45 албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны 81 багш, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны 34 мэргэжилтэн, Удирдлагын академитай хамтран Улсын бүртгэлийн ерөнхий газрын 18 ажилтан, албан хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын төв, орон нутгийн 110 удирдах албан тушаалтан, нийт 1781 албан хаагчид сургалт зохион байгуулж сургалтын материал гарын авлагаар хангаж, ажилласан байна.

АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн Боловсролын газартай хамтран 20 сургуулийн түүх, нийгмийн ухааны 60 багшид “Авлигын эсрэг боловсрол” олгох арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд “Авлигын эсрэг боловсрол” гарын авлагыг улам боловсронгуй болгох, гарын авлагыг боловсруулсан багш нарын багтай тухай бүр уулзах, багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулах, сурагчдаас авах санал асуулгын хуудсыг боловсруулах, сургууль тус бүрт туршилт хичээл зохион байгуулахад туслалцаа үзүүлэх, туршилтын хичээлийн үеэр ажиглагчаар оролцох, ажиглалтын хуудсаар үнэлэн дүгнэх, хичээлийг зохион байгуулсан багш нарт арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын агуулга, хөтөлбөрт шударга ёсны сэдвээр тусгайлсан хичээл тусгах, энэ чиглэлийн бэлтгэл ажлыг хангах, уг хичээлийг заах багш нарт авлигын эсрэг мэдлэг, ойлголт бий болгох, тэдний заах арга барилыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой байв.

Ерөнхий боловсролын сургуулийн 3, 7, 8, 9 дүгээр ангид үзэж буй “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичигт шударга ёсны талаар туссан агуулгыг судлан үзэв.

“Шинэ хуудас” мэдээллийн хуудасны 1, 2 дугаар сарын ээлжит дугаарын эхийг бэлтгэж, хэвлүүлэн шуудангийн хайрцгаар айл өрхүүдэд түгээж ажиллав. Байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хамгийн хүртээмжтэй хэлбэрээр хүргэдэг тул “Шинэ хуудас” мэдээллийн хуудасны чанар, өнгө үзэмжинд онцгой анхааран ажиллаж байна.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах зорилгоор радио зохиомж бэлтгэсэн бөгөөд төрийн албан хаагчдын цэвэр ариун ёс суртахуун, зөв шударга үзэл санаа, хууль дээдлэх эрхэм чанарыг үлгэр дуурайл болгох зорилгыг агуулсан юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх чиглэлээр хичээлийн хөтөлбөр, слайд боловсруулж, “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл” сэдэвт хичээлийн агуулгыг өмнөхөөс баяжуулсан бөгөөд тасралтгүй үргэлжилж байх ёстой сургалтыг цаашид улам бүр чанаржуулах үүднээс анхааран ажиллаж байна.
 
Дөрөв. Хэвлэл, мэдээлэлтэй харилцах чиглэлээр

Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, сурвалжлагчидтай сард 2 удаа уулзалтын хуваарийг боловсруулж, батлуулсан бөгөөд энэ дагуу тайлангийн хугацаанд 5 удаагийн уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад яригдах асуудлаар мэдээллийн хуудас боловсруулан, хэвлэлийнхэнд шаардлагатай мэдээллийг өгч ажилласан болно.

Тайлангийн хугацаанд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийн мэдээ 17-г бэлтгэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтийн хүртээл болгов. “Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд ШУТИС-ийн Б.Жавхланбаяр тэргүүлжээ”, “Авлигаас урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгуулав”, “Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав”, “Авлигатай тэмцэх газар 14 хоног тутам сэтгүүлчидтэй уулзаж байхаар болов”, “Дунд сургуулийн багш нарт “Авлигын эсрэг боловсрол” эзэмшүүлж байна”, “Төрийн 160 өндөр албан тушаалтан хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна”, “Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНХАУ-д айлчилж байна”, “Авлигатай тэмцэх газар эх баригч эмч нартай холбоотой гомдол, мэдээлэл авч эхэллээ”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлөл-2011” судалгааны дүн гарлаа”, “Орон нутгийн сэтгүүлч, сурвалжлагчидтай уулзав”, “Ерөнхий боловсролын сургуулиудад авлигын эсрэг боловсрол олгох туршилтын хичээл үргэлжилж байна”, “Эрх бүхий албан тушаалтнуудад өргөмжлөл гардууллаа”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль хэрэгжиж эхэллээ”, “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлээ мэдээлдэг болно”, “Нийтийн албан тушаалтан сурталчилгаанд оролцож болохгүй”, “Нийтийн албан тушаалтнуудад хууль сурталчлах ажил үргэлжилсээр байна”, “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчил гаргасан 58 албан тушаалтанд хариуцлага тооцуулав” гарчигтай хэвлэлийн мэдээ бичиж, олон нийтэд цаг тухай бүр шуурхай түгээж ажиллав.

Нийслэлийн I, III амаржих газруудад зохион байгуулж буй авлигаас урьдчилан сэргийлэх тусгайлсан арга хэмжээг дэмжиж, “Өвсөн тэжээлтнүүд”-ийг өмөөрөх учир байна уу” гарчигтай нийтлэл бичиж, танилцуулав. Түүнчлэн сэтгүүлч О.Мөнхзаяа, Г.Долгорсүрэн нараар “Хүйн ээжүүдийн хөрөнгийн шуналыг Авлигатай тэмцэх газар хазаарлахаар болов”, “Зоос хийхээр ажилладаг автомат тоглоом шиг...” гарчигтай нийтлэл захиалан бичүүлж, “Үндэсний шуудан” сонин болон мэдээллийн www.time.mn сайтад нийтлүүлэн, олны хүртээл болгов.

Нийслэлийн амаржих газруудад зохион байгуулж байгаа авлигаас урьдчилан сэргийлэх тусгайлсан арга хэмжээний мэдээллийн ивээн тэтгэгчээр “Үндэсний шуудан” сонин, “Eagle news” телевизийг сонгон, тухай бүр хамтран ажиллав.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй хийсэн “Сонирхлын зөрчлийн тухай хууль бол авлигаас урьдчилан сэргийлэх хууль юм” ярилцлагыг өдөр тутмын “Ардын эрх” сонин болон мэдээллийн www.news.mn сайтад нийтлүүлэн, олны хүртээл болголоо.

“Албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах явц байдал” сэдвээр мэдээлэл хийв”, “Ч.Өнөрбаяр: Шударга бус явдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй Монгол Улсын ирээдүйн иргэдийг бэлтгэх багш нартаа баярлалаа” гарчигтай сурвалжлага бичиж, байгууллагын вэб сайтад байршууллаа.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дэмжиж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, Тамгын хэлтсийн даргад танилцуулан, улмаар зөвшөөрөл авсны үндсэн дээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дэмжсэн мэдээллийн аяныг тодорхой нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хамруулан зохион байгуулав.

Мөрдөн байцаах албаны даргын зөвшөөрлөөр “Авлигатай тэмцэх газар аймгийн Засаг дарга нарын луйврыг илрүүлэн шалгаж байна” гарчигтай нийтлэл бичиж, өдөр тутмын “Үндэсний шуудан” сонинд нийтлүүлэн, энэ нь бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр өртөөлөн нийтлэгдсэн бөгөөд үүгээрээ байгууллагын нэр хүндийг өргөх, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоо биелүүлсэн болно.

Тайлангийн хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдтэй тухай бүр харилцаж, албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн асуудлаар ярилцлага, тодруулга өгүүлэх, сэтгүүлч сурвалжлагчидтай хийх уулзалтын үеэр хэвлэлийнхнээс гарч болзошгүй асуултуудыг боловсруулах зэргээр бусад хэлтэс, албадтай хамтран ажилласан болно.
 
Тав. Дотоод ажлын чиглэлээр

Газрын даргын албан даалгаврыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлын хүрээнд Урьдчилан сэргийлэх ажлын явц, байдлыг иргэд, олон нийтэд шуурхай мэдээлж байх асуудлыг системчлэн иргэдийн, оролцоо идэвхийг өрнүүлэх санал боловсруулж газрын даргад танилцуулав.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн үйл ажиллагааны чиглэл, бүтэц, зохион байгуулалтын санал, иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор байгууллагын үүдэнд байрлуулах touch screen-д тавих мэдээллийн бүтцийн санал зэргийг боловсруулан холбогдох хэлтэс албадад хүргүүлж ажиллав.

“Авлигын эсрэг боловсрол” багш нарт зориулсан гарын авлагыг боловсруулсан багш нарын багийнхантай хийсэн уулзалт, Боловсролын хүрээлэнгийн захиралтай хийсэн уулзалт, Дэлхийн банкны Зүүн Азийн Засаглалын төвөөс “Мэдээлэл харилцааны технологийг авлигатай тэмцэхэд хэрэглэх нь” сэдэвт бүсийн видео хурал, Хууль зүй, дотоод хэргийн яамны НҮБ-ын Хүний эрхийн хороонд илгээх иргэний нийгмийн байгууллагуудын сүүдэр тайланг төрийн байгууллагуудад танилцуулах уулзалт, Дэлхийн банкны төлөөлөгчийн газраас зохион байгуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөлдөх уулзалт, видео хурал, Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбооны гишүүдтэй хийсэн уулзалт, Дэлхийн банкны Засаглалын хөтөлбөрийн зөвлөх Ричард Мессик нартай хийсэн уулзалт, Газрын даргын НҮБ-ын суурин зохицуулагчтай хийсэн уулзалтын тэмдэглэлүүдийг хөтөлж, албажуулсан болно.

Тайлангийн хугацаанд Газрын даргын албан даалгаврыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлын санал, 2012-2017 оны улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт нэмж тусгах төсөл, хөрөнгийн төсөөлөлд соён гэгээрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулга бэлтгэв.

Тайлангийн хугацаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын боловсруулсан Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал, Газрын даргын албан даалгаврыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлын санал, Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолын хэрэгжилтэд “IRIM” судалгааны хүрээлэнгээс хийсэн 2 дахь удаагийн мониторингийн тайланд санал, Дэлхийн банкинд хандан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны санал, амаржих газруудад авлигаас урьдчилан сэргийлэх тусгайлсан арга хэмжээ зохион байгуулах санал, Дэлхийн эдийн засгийн форумын Авлигын эсрэг түншлэлийн /PACI/ Монголын сүлжээнээс 2011-2012 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцан тус хэлтсээс 2012 онд хувийн хэвшлийн хүрээнд явуулах сургалтын санал, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн эрхэм зорилго, стратегийн зорилт, тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлогын хураангуй, төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012-2017 оны улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт нэмж тусгах төсөл, хөрөнгийн төсөөллийн талаархи санал, Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу нээлттэй засаглалын түншлэлд Монгол Улс нэгдэж байгаатай холбогдуулан энэ хүрээнд манай улсаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын санал, өдөр тутмын 3 сонинд тогтмол булан ажиллуулах тухай санал, төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог бий болгох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний санал, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн алба, Европын залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар болон бусад байгууллагатай хамтран байгуулсан “Авлигын эсрэг олон улсын академи” (International anticorruption academy)-ийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох санал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулга, Ашигт малтмалын салбар дахь авлигын эрсдэлийг тодорхойлох хамтарсан судалгааны ажлын тайланг уншиж судлан, хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт, “Ашигт малтмалын газарт авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөл, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, бүтэц орон тоог өөрчлөх үндэслэл шаардлага бүхий саналыг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн бүтцийн схемийн хамт тус тус боловсруулан, танилцуулав.

Бусад хэлтэс, албадаас санал авахаар ирүүлсэн материалтай танилцаж, тухай бүр санал өгч ажиллав. Тухайлбал, иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор байгууллагын үүдэнд байрлуулах цахим самбарт байршуулах мэдээллийн бүтцийн санал, Удирдлагын академийн богино хугацааны сургалтад тус газраас заах хичээлийн сэдвийн санал, Авлигатай тэмцэх газрын 5 жилийн ойд зориулсан түүхэн замналын товхимол гаргах санал, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тус газарт ажиллах гэрээт ажилтнаар хийлгэх ажлын санал, Газрын 2012 оны төлөвлөгөөнд тус хэлтсээс тусгах ажлын санал, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс боловсруулсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах журам”-ын төсөлд санал, мөн хэлтсээс ирүүлсэн “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийн маягт, түүнийг бүртгэх, хянан шалгах, хадгалах журам”-ын төсөлд санал, Тамгын хэлтсээс боловсруулж санал авахаар ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын Хөдөлмөрийн дотоод журмын төслийг судлан үзэж, холбогдох санал боловсруулан, хүргүүллээ.

Авлигатай тэмцэх газрын ил тод, нээлттэй байдлыг хангах үүднээс байгууллагын www.iaac.mn вэб сайтын мэдээллийн шуурхай байдалд анхааран ажиллав. Вэб сайтын бүтэц, агуулгыг сайжруулах талаар санал боловсруулж, танилцуулсан болно.

Хэлтсийн ажилтнууд Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны “Гомдол мэдээлэл хүлээн авах заавар, хуваарь батлах тухай” 23 дугаар тушаалын дагуу гомдол, мэдээлэл хүлээн авах үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэв.

Хэлтсийн ажилтнууд 2012 оны Үр дүнгийн гэрээг байгуулан, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн ажилтан тус бүрийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлууллаа.

Тайлангийн хугацаанд хэлтэст ирүүлсэн 238, явуулсан 15 албан бичгийг бүртгэсний зэрэгцээ 2011 онд ирүүлсэн ба явуулсан албан бичгүүдийг цэгцлэн архивын нэгж үүсгэсэн болно. Хэлтэст оны эхний хагас жилд ирүүлсэн хариутай албан бичгийн 53 шийдвэрлэлтийг тэмдэглэн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өглөө.

Төрийн байгууллагуудаас ирүүлсэн 2010, 2011 оны Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайлан мэдээг цэгцэлж, архивын нэгж болголоо.
 
Зургаа. Дүгнэлт

Тайлангийн хугацаанд тус хэлтсийн хийж гүйцэтгэсэн ажлаас үзэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх чиглэлээр төрийн байгууллагын албан тушаалтнуудад чиглэсэн зорилтот сургалт, сурталчилгааны ажлыг цаашид улам эрчимжүүлэх, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тэдгээрийг татан оролцуулах, хуулийг нэг мөр ойлгох, шударга ёсыг дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын удирдах ажилтны манлайллыг нэмэгдүүлэх, хууль хэрэгжүүлэхэд тулгарах хүндрэл бэрхшээлийг урьдчилан харж шийдвэрлэх арга хэмжээнд эрдэмтэн судлаачдын дэмжлэгийг авах арга хэмжээг өргөн хүрээтэйгээр зохион байгуулах саналтай байна.