Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2011 онд хийсэн ажлын тайлан

A- A A+
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2011 онд хийсэн ажлын тайлан
Нэг. Дотоод зохион байгуулалтын талаар

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь Авлигын эсрэг хуульд заасан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Хэлтсийн дарга батлан, төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа зохих түвшинд биелүүлэн ажиллав.

Тайлангийн хугацаанд тус газрын зөвлөлийн хурал болон шуурхай зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг Хэлтсийн хурлаар авч хэлэлцэн, төлөвлөгөөний биелэлт болон Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж ирлээ.
 
Хоёр. Урьдчилан сэргийлэх чиглэлээр

Монгол Улсын Ерөнхий сайдаар батлуулан хэрэгжүүлж байгаа “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн үзэл баримтлалд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор холбогдох хуулийн төсөл боловсруулах, “Авлигатай тэмцэх дунд хугацааны хөтөлбөр /стратеги/”-ийн төслийг боловсруулж, батлуулах, УИХ-ын 2002 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2010 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд шалгалт хийж, нэгдсэн дүнг Засгийн газарт танилцуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгийн 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, “Авлигатай тэмцэх дунд хугацааны хөтөлбөр /стратеги/”-ийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлуулах тухай шийдвэрийн төслийг тус тус боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний стратегийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаан, Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулсны зэрэгцээ төр, захиргааны байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх удирдамжийн төслийг боловсруулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдад 2010 онд авлигатай тэмцэх чиглэлээр Засгийн газартай хамтран зохион байгуулсан зарим үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүн, цаашид зохион байгуулах ажлын талаар тайлан мэдээлэл хүргүүлсний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээний биелэлтийг гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдээлэв.

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.16-д заасны дагуу байгууллагуудын “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн үр дүнг үнэлэх /өөрийн үнэлгээ хийх/, тайлагнах тухай аймаг, нийслэлийн Засаг дарга, яам, агентлагийн удирдлагуудад хандсан ЗӨВЛӨМЖ-ийг боловсруулж, уг төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж буй нийт /75/ байгууллагуудад хүргүүлсэн байна.

Дээрх зөвлөмжийн дагуу төрийн байгууллагуудаас төлөвлөгөөний хэрэгжилтэд өөрийн үнэлгээ хийсэн тайлангуудыг хүлээн авч, уг төлөвлөгөөнд урьдчилан үнэлгээ хийх хуваарийг гарган, хуваарийн дагуу 11 яам, 43 агентлаг, 21 аймаг, нийслэлийн төлөвлөгөөний өөрийн үнэлгээг баталгаажуулах, тайланд дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэсэн болно. Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэл, яам, агентлагуудаас нэмэлт мэдээллийг авч ажиллав.

Өөрийн үнэлгээ хийх, тайлан бичихтэй холбогдуулан төлөвлөгөө хэрэгжүүлэгч нийт байгууллагуудад “Шударга ёс, ил тод байдлыг хангах нь” сэдэвт сургалт, семинарын үеэр зөвлөгөө өгсөн ба Усны газар, Мэдээлэл, шуудан, харилцаа, холбооны газар, Газрын тосны газар, Хил хамгаалах ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ашигт малтмалын газар, Эрүүл мэндийн газар, Архангай, Дундговь, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт тусгайлан арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2010 онд дууссантай холбогдуулан хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг тооцох, авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, хөтөлбөрт дурдсан арга хэмжээний үр нөлөөг судлах зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Авлигатай тэмцэх газрын дарга нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан 8 дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн, дүн шинжилгээ хийх ажлын удирдамжийг батлуулан, тэдгээрийн ажлын уялдаа, холбоог хангахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг авч, хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн тайланг нэгтгэв. Хамтарсан тушаалаар байгуулагдсан 8 дэд ажлын хэсгийн гишүүдийг шаардлагатай материал, гарын авлагаар хангаж, төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавин ажиллалаа.

Хэлтсийн ажилтнууд дээрх ажлын хэсгийн болон дэд ажлын хэсгийн нарийн бичгийн үүргийг гүйцэтгэн ажилласан бөгөөд энэ ажлын хүрээнд дэд ажлын хэсгүүдэд дүн шинжилгээ хийхтэй холбогдох Зөвлөмж боловсруулж хүргүүлэх, шаардлагатай мэдээлэл, холбогдох материалуудыг хүргүүлэх, зарим дэд ажлын хэсгийнхний хүсэлтээр холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлэх, ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах, дэд ажлын хэсэг хоорондын уялдааг хангахад чиглэсэн зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн.

Мөн Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, зохицуулах Үндэсний зөвлөлд холбогдох материалыг цэгцэлж, төрөлжүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулсан Авлигатай тэмцэх дунд хугацааны хөтөлбөр /стратеги/-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.

Тус хэлтсийн ажилтнууд Авлигатай тэмцэх дунд хугацааны хөтөлбөр /стратеги/-ийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх болон Байгууллагын стратегийн төсөл боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж ажлын хэсгийн хурал, сургалтыг зохион байгуулж ажилласан байна. Энэ чиглэлээр холбогдох саналуудыг бэлтгэсэн бөгөөд тэдгээрийг нэгтгэн боловсрууллаа.

Аймаг, нийслэлийн Засаг дарга, орон нутаг дахь төрийн байгууллагуудын удирдлагаас гаргаж буй шийдвэр, дүрэм, журмуудад газар дээр нь шүүлт хийх, хүнд суртал, чирэгдэл учруулсан тохиолдолд хүчингүй болгоход чиглэсэн ажлыг зохион байгуулах чиглэлээр Өвөрхангай, Сүхбаатар, Өмнөговь, Завхан, Хөвсгөл, Архангай аймагт ажиллаж, дээрх аймгуудын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах явцдаа Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаал, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын удирдлагаас гаргасан шийдвэрүүдэд шүүлт хийж, Өвөрхангай аймгийн 117, Сүхбаатар аймгийн 47, Завхан аймгийн 103, Өмнөговь аймгийн 143 зэрэг шийдвэрийг хянан үзэж байна. Энэхүү ажлын үр дүнд төрийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд хүнд суртал, чирэгдэл учруулж байгаа, олон шат дамжлагыг бий болгосон, авлига үүсгэж болзошгүй заалтуудыг хүчингүй болгох санал боловсруулж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх юм.

Энэ нь аймгууд болон яам, Засгийн газрын агентлагуудаас батлан хэрэгжүүлж буй Авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Төрийн байгууллагад мөрдөгдөж буй хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журмыг нягтлан үзэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох ажлыг зохион байгуулах” арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан. Өөрөөр хэлбэл, тодорхой байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, дүрэм, журам шийдвэрүүдэд шүүлт хийснээр дээр дурдсан аймгууд Авлигатай тэмцэх газрын 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн “Төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, тайлагнах тухай” 1 дүгээр Зөвлөмжид заасанчлан “2 оноо”-ны шалгуурыг хангаж чадлаа. Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар батлагдах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийн төслийг урьдчилан бэлтгэж албажуулах арга хэмжээг авав.

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан ажилтнуудад “Шударга ёс, ил тод байдлыг хангах нь” сэдэвт 2 дахь удаагийн сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын явцад төлөвлөгөөний хэрэгжилтийн өөрийн үнэлгээ гаргах аргачлалын талаар орон нутгийн ажилтнуудад мэдлэг олгосон бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт хариуцсан бүх ажилтнууд төлөвлөгөөг үнэлэх аргачлалд суралцаж чадлаа гэж дүгнэж байна.

Мөн дээрх сэдвээр 11 яам, 43 агентлагийн авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан ажилтнуудад зориулан сургалт, семинарыг амжилттай зохион байгуулж, арга зүйн удирдлагаар хангав.

Тус хэлтэс АНУ-ын Азийн сантай хамтран Дархан-Уул болон Өмнөговь аймгийн Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2011 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласан юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн тасгийн үйл ажиллагаатай бусад дүүргийн төрийн нийтлэг үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын албан тушаалтнуудыг танилцуулж, туршлага солилцуулах арга хэмжээг зохион байгуулав. Энэ арга хэмжээнд Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Иргэний бүртгэл мэдээллийн тасаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд цаашид энэхүү арга хэмжээг өөр бусад дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, өөрийн үнэлгээ гаргах, хууль тогтоомжид судалгаа хийх, холбогдох санал боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн шинжээчдийн багаар конвенцийн бүлэг бүрээр хураангуй тайлан бэлтгүүлэх ажлыг зохион байгуулав. Хураангуй тайланг эрх бүхий албан тушаалтанд танилцуулахаар нэг загварт оруулан редакторлан, НҮБ-ын шинжээчид хүргүүлэв. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран НҮБ-ын Авилгалын эсрэг Конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээний тайланг Улсын Дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн прокурорын газрын төлөөлөл, Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулах 4 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

НҮБ-ын шинжээч, Базелийн засаглалын хүрээлэнгийн ажилтан Педро Гомес Перейраг Монгол Улсад ажиллах үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болон зарим гишүүнтэй хийх уулзалтыг зохион байгуулав.

Орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцааг байнга үзүүлж Сүлжээгээр энэ онд хийлгэх ажлын талаар чиглэл өгч ажиллав.

Авлигатай тэмцэх газар, аймгийн Засаг дарга, Төрийн бус байгууллагуудын сүлжээний хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж, Орхон, Дархан-Уул, Завхан, Сүхбаатар, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Завхан аймгийн Төрийн бус байгууллагуудын сүлжээ, аймгийн Засаг даргын гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн туслалцаа үзүүлэв.

Дэлхийн банк болон Нээлттэй нийгэм форумтай хамтран орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний бүсчилсэн сургалтыг “Төсвийн ил тод байдал, худалдан авах ажиллагаанд мониторинг хийх арга зүй” сэдвээр Орхон, Сүхбаатар, Баянхонгор аймагт зохион байгууллаа. Тус сургалтад 19 аймгийн төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөл оролцсон бөгөөд сургалтаар төсвийг уншиж ойлгох, төсвийн үр ашиг, өгөөжийг үнэлэх, түүнд дүн шинжилгээ хийж, хяналт тавих чадварыг эзэмшүүлэх болон төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, мониторинг хийх аргачлалыг зааж сургалаа. Төрийн үйлчилгээ болон худалдан авах ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж ажиллах арга зүйг орон нутаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөгчдөд эзэмшүүлсэн энэ удаагийн сургалт нь цаашид ч орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, чадавхижуулахад бодитой хувь нэмэр болсон хэмээн сургалтад оролцогчид дүгнэсэн билээ.

Сургалтад хамрагдсан аймгуудаас хамгийн амжилттай оролцсон 3 аймгийг шалгаруулж Дэлхийн банкны санхүүжилтээр төрийн тодорхой үйл ажиллагаанд мониторинг хийх тэтгэлгийг гардуулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллав. Энэхүү шалгаруулалтад Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн төрийн бус байгууллагын төлөөлөгчид тэргүүлж, 2500 ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлж байна. Шалгарсан 3 аймагтай мониторинг хийх гэрээ байгуулан ажиллуулж, холбогдох мэдээллээр байнга хангаж ажилласны зэрэгцээ эдгээр аймагт ажиллан авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний хэрэгжүүлж буй мониторингийн үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн туслалцаа үзүүлсэн болно.

Мониторингийн тайланг гэрээнд заасан хугацаанд хүлээн авч, түүнийг Дэлхийн банкинд танилцуулах уулзалтыг зохион байгуулж, төслийн үр дүнг үнэлүүлэв.

Дэлхийн банк болон Нээлттэй нийгэм форумтай хамтран орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний “Төсвийн ил тод байдал, худалдан авах ажиллагаанд мониторинг хийх арга зүй” сэдэвт бүсчилсэн сургалтыг амжилттай зохион байгуулсан туршлага дээрээ үндэслэн худалдан авах ажиллагааны чиглэлийн сургалтыг Завхан, Увс, Архангай аймаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран “Шударга ёсыг өөрсдөөсөө эхлүүлье” уриан дор тус аймгийн төрийн бус байгууллагуудын чуулга уулзалтыг зохион байгуулж, шаардлагатай мэдээлэл, материал, гарын авлагаар хангав. Чуулга уулзалтыг зохион байгуулснаар шударга ёсны тогтолцоог хангах ажлын хүрээнд тус аймагт төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд ач холбогдолтой байв.

АНУ-ын Азийн сан, Сонгогчдын боловсролын төвтэй хамтран иргэн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнд зориулсан авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт явуулах Сургагч багшийн сургалтын үйл ажиллагааны хэрэглэгдэхүүн болох гарын авлага, сургалтын модулийг боловсруулж, “Авлигын эсрэг хамтдаа” сэдэвт сургагч багш бэлтгэх гарын авлагыг хэвлүүлэв. Гарын авлагыг танилцуулах зорилгоор АНУ-ын Азийн сантай хамтран “Авлигын эсрэг хамтдаа” сэдэвт сургагч багш бэлтгэх 2 удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Ингэснээр авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлах, сургалт зохион байгуулах эрх бүхий 20 хүн сургагч багшаар бэлтгэгдсэн болно.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад авлигын хор хөнөөлийг ойлгуулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хичээлийн агуулга, хөтөлбөрийн төслийг боловсруулж байна.

АНУ-ын Азийн сантай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шударга ёс, авлигаас урьдчилан сэргийлэх талаар хичээл заах багш нарт зориулсан “Авлигын эсрэг боловсрол” гарын авлагыг боловсруулан хэвлүүлсэн бөгөөд уг гарын авлагыг ерөнхий боловсролын сургуулийн 20 орчим багш нарт танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Боловсролын хүрээлэн, АНУ-ын Азийн сантай хамтран зохион байгуулав.

Түүнчлэн “Ардир медиа” студитэй хамтран шударга ёсны сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Хуурсаар хуурсаар худалч”, “Хумсалсаар хумсалсаар хулгайч”, “Шударга бус байдал”, “Шударга хүү” теле зохиомжийг телевизийн богино хэмжээний зохиомжийг DVD хэлбэрээр бэлтгүүлэв. Эдгээр ажил хийгдсэнээр хүүхэд залуучууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад авлигын ойлголт, хор хөнөөлийг таниулах, шударга ёсны талаар явуулах сургалтад ашиглах гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүн болох видео материалтай болох бөгөөд эдгээрийг улсын хэмжээнд сургалтад хэрэглэж үр дүнг дээшлүүлэх боломжтой болов.

АНУ-ын Азийн сангийн “Авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн хаалтын ажиллагаанд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, орон нутгийн төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллав. “Авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх” төсөл дуусч байгаатай холбогдуулан АНУ-ын Азийн сангийн шугамаар ирсэн USDA-гийн шинжээчтэй ажлын уулзалт хийж, АНУ-ын Азийн сантай хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ололт, амжилтын талаар ярилцаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулав.

Дэлхийн банкны санхүүжилтээр нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх төслийн хүрээнд шалгарсан “Томруулагч шил” төслийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хамтран гүйцэтгэгчээр “Бизнесийн эрх зүй судлалын төв” төрийн бус байгууллагыг сонгосон бөгөөд хамтарсан баг 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Дэлхийн банкнаас уг төсөлд нийт 4.500.000 төгрөгийн санхүүжилт өгсөн бөгөөд төслийг 2011 оны 5 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 1-ныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн. Төслийн зорилго нь ашигт малтмалын газрын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийг судлах /тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгох, шилжүүлэх, барьцаалах харилцаа/, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаан дахь авлигын эрсдлийг тодорхойлох аргачлал боловсруулах байлаа. Төслийг хэрэгжүүлсний үр дүнд тусгай зөвшөөрөлтэй холбогдох үйл ажиллагаанд илэрч байгаа авилгын шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, авлигын эрсдлийн хүчин зүйлүүдийг илрүүлэн тогтоох, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн санал зөвлөмж боловсруулах, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны талаархи хуулийн зохицуулалт, түүнийг хэрэгжүүлж буй албан тушаалтны эрх зүйн байдалд шинжилгээ хийж, ашигт малтмалын салбар дахь авлигын эрсдлийг тогтоох аргачлалыг боловсруулсан юм.

Мөрдөн байцаагчийн Хэнтий аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлэх мэдэгдлийн төслүүдтэй нэгбүрчлэн танилцаж, санал өгч ажилласны зэрэгцээ гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургууль, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын Тамгын газар, мөн аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газар, тус сумын Ойн тасаг, Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Авто замын газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажиллаж, Мөрдөн байцаагчийн нийт 17 мэдэгдлийн мөрөөр авсан арга хэмжээтэй газар дээр нь танилцсан болно.

Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Улаанбаатар хот дахь болон Замын-Үүд дэх Гаалийн газар, “Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллага, Шастины нэрэмжит клиникийн III эмнэлэг, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага, Улсын Бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудтай авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлан төлөвлөгөө боловсруулж, хамтран ажиллав.

Төрийн албаны зөвлөл болон Хүний эрхийн үндэсний комисст хамтран ажиллах санал хүргүүлж, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний газарт хамтарсан хяналт шалгалтын ажиллагаа явуулж, дүнг Төрийн албаны зөвлөлийн даргын зөвлөлөөр хэлэлцүүлэв.

Хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн зарчмын төсөл, Төрийн бус байгууллагын гишүүний ёс зүйн дүрмийн төсөл боловсруулах ажлын хүрээнд холбогдох материалыг судалж, шаардлагатай зарим материалыг цуглуулан ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах Санамж бичгийг хэрэгжүүлэх 2011 оны төлөвлөгөөнд тус газраас хариуцан хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Хэлтсийн дотоод ажлын төлөвлөгөөг батлан ажилласны зэрэгцээ Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулав.

Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлээр төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт өгөх зорилгоор вебсайтын орчинд хийсэн мониторингийн дүнг судлан, тайланг “Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдал” /вэб орчинд хийсэн мониторингийн тайлан/-ыг хянан тохиолдуулж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2000 хувь хэвлүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан ажилтнууд болон улсын бүртгэлийн албаны ажилтнуудад зориулсан сургалтын үеэр танилцуулж, мэдээлэв. Мөн мониторингийн дараагийн шатны судалгаа хийх болсонтой холбогдуулан судалгааны арга зүйтэй танилцаж санал өгч ажиллав.
 
Гурав. Соён гэгээрүүлэх чиглэлээр

Тайлангийн хугацаанд тус хэлтэс олон нийтийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр Улсын Бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Төмөр замын Цагдаагийн хэлтэс, Улаанбаатар хотын Гаалийн газар, Дорноговь аймгийн Зам-Үүд дэх Гаалийн газар, тус сум дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Улаанбаатар төмөр замын харьяа анги, байгууллагууд, нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 19 дүгээр хорооны иргэд болон Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Архангай, Завхан, Өмнөговь, Увс, Дорнод, Сэлэнгэ аймгийн Мандал сум төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Завхан, Өмнөговь аймаг, “Глоб интернэшл” төрийн бус байгууллагын төв болон орон нутгийн сэтгүүлч, сурвалжлагчид зэрэг 35 удаа нийт 11798 хүнд “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт, “Төрийн албаны ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх нь”, “Байгууллагын түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод байдал”, “Орон нутагт Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Нийгмийн хариуцлага”, “Төрийн байгууллагын ил тод байдалд хийсэн судалгаа” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.

Төрийн байгууллага, хуулийн этгээдийн авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд оролцох болон үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нийгмийн хариуцлага”, “Үндэсний шударга ёсны тогтолцоог төгөлдөршүүлэх нь”, “Төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах нь” сэдэвт шинэ сургалтын агуулга, материалыг улам баяжуулж, дасгал ажил боловсруулав. Ингэснээр тус хэлтсээс зохион байгуулдаг сургалтын агуулга, хүрээ улам өргөжиж буй хэрэг юм.

НҮБ-аас тунхагласан авлигын эсрэг олон улсын өдрийг “ACT Against corruption today: Авлигатай тэмцье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ өдрийг угтсан “Шударга ёсны төлөө-2011” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж, уг төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав. “Шударга ёсны төлөө-2011” арга хэмжээний хүрээнд дараах байдлаар үйл ажиллагаа зохион байгуулж ажиллав. Үүнд:

“Глоб интернэшнл” төрийн бус байгууллагатай хамтран эрэн сурвалжлах сэтгүүлч бэлтгэх хоёр дахь шатны сургалтыг төв болон орон нутгийн сэтгүүлч, сурвалжлагчдыг хамруулан зохион байгууллаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 19 дүгээр хороодын удирдлагатай хамтарч тус хорооны иргэдэд төрийн байгуулагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй үзүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллгаанд иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шударга ёсны хамтдаа” сэдэвт нээлттэй өдөрлөгийг хууль тогтоомж сурталчлах, хороодоос хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар тайлагнах, иргэдийн сонирхсон асуултад хариулах, эрх зүйн зөвлөгөө өгөх бэлтгэл ажлыг ханган, амжилттай зохион байгуулсан.

Аймаг, орон нутгийн онцлогийг харгалзан Завхан аймагт “Орон нутгийн хөгжилд иргэний нийгмийн оролцоо”, Өмнөговь аймагт “Хариуцлагатай уул уурхай, ил тод байдлыг хангах нь” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулах ажлыг хариуцан аймгуудын Засаг даргын Тамгын газрын холбогдох ажилтнуудтай хамтран гүйцэтгэлээ. Өдөрлөгийн явцад “Шударга ёсны тогтолцоог өөрсдөөсөө эхлүүлье”арга хэмжээг зохион байгуулж удирдах албан тушаалтнаас авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлээ илэрхийлж шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн төрийн үйлчилгээг авлига, хүнд сурталгүй хүргэх, иргэн, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог дэмжих чиглэлээр аймгуудын Засаг дарга, удирдах албан тушаалтнууд мэдэгдэл хийсэн. Завхан аймагт “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Нийгмийн хариуцлагын тухай ойлголт”, “Төр иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд орон нутгаас баримталж буй бодлого”, “Аймаг, сум, багийн хөгжлийн санг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаа, орон нутгийн хөгжилд иргэдийг татан оролцуулах нь”, Өмнөговь аймагт “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, ил тод байдлыг хангах нь”, “Авлигын шалтгаан, хор хөнөөл”, “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь-орон нутгийн зүгээс баримтлах бодлого”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь-орон нутгийн зүгээс баримтлах бодлого” сэдвүүдээр холбогдох албан тушаалтан, ажилтнууд илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Төмөр замын Цагдаагийн хэлтэс, Улаанбаатар төмөр замтай хамтран “Шударга ёсны төлөө хамтдаа” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хойд урд чиглэл, төмөр замын дагуух томоохон зөрлөг, зангилаа, хот суурингийн иргэд, Улаанбаатар төмөр замын харъяа анги, байгууллагуудын ажилчин, албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, тэднийг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд татан оролцуулах, авлигыг үл тэвчих үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор “Авлигагүй-Монгол, Архигүй-Монгол” сурталчилгааны галт тэрэг ажиллуулж, нийт 2108 иргэнд сургалт, сурталчилгааг зохион байгуулж ажилласан.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Сэлэнгэ аймгийн Сайхан суманд “Хүний эрх, шударга ёс, ил тод байдлыг хангах нь” сэдэвт өдөрлөг зохион байгуулав.

Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах чиглэлээр 6 төрлийн сурталчилгааны материалыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр нийт 34 мянган ширхэг хэвлүүлэн, хөдөө орон нутагт ажиллах үеэр олон нийтэд түгээв.

Аймгуудын авлигын эсрэг төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нарыг оролцуулан сүлжээнд нэгдсэн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, харилцан туршлага солилцуулах зорилгоор ээлжит 2 өдрийн сургалтыг “Шударга ёсны төлөө хамтдаа” сэдвээр зохион байгуулж, Авлигатай тэмцэх газар, аймгийн Засаг дарга, Сүлжээний ахлагч нарын байгуулсан гурвалсан гэрээг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, цаашид шийдвэрлэх боломжийн талаар санал бодлоо хуваалцаж, арга зүйн туслалцаа үзүүлсэн.

“Шударга ёсны төлөө-2011” арга хэмжээг улс орон даяар зохион байгуулах үүднээс 21 аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Шударга ёс” сэдэвт буухиа хэлэлцүүлэг зохион байгуулж, тайлан-мэдээллийг хүлээн авч, нэгдсэн санал, зөвлөмж гаргуулахаар ажиллав.

“Шударга ёсны төлөө-2011” шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулах тухай саналыг боловсруулж, шагналд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгууллага, хуулийн этгээдэд холбогдох шалгуур үзүүлэлтүүдийг танилцуулж, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан. Энэ дагуу 11 яам, 43 агентлаг, төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн 7 байгууллагын удирдлагад нэр дэвшүүлэх тухай албан тоот боловсруулан хүргүүлж, мэдүүлгийг хүлээн авч, бүртгэлийг нарийвчлан хөтөлсөн болно. Шагналын талаар сонирхсон байгууллага, иргэдэд цаг тухай бүр арга зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд нэр дэвшүүлэх тухай телевизийн сурталчилгааг шинээр бэлтгэн, МҮОНТ, Eagle, NTV телевизээр цацуулав. Газрын удирдлагаас өгсөн үүргийн дагуу шагнуулах этгээдийн танилцуулгыг нэгбүрчлэн бэлтгэхийн зэрэгцээ уран бүтээлчдийн дунд цомын уралдааныг зарлаж, дүгнэв. Шагнал гардуулах арга хэмжээний ерөнхий хөтөлбөр, хөтлөгчид зориулсан хөтөлбөр, зочдын нэрс, урлагийн багийнхны тоглолт, зохион байгуулалт болон холбогдох төсвийг боловсруулж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээний зохион байгуулалтыг бүрэн хариуцаж ажилласан болно.

Авлигатай хийх тэмцэлд олон нийтийг татан оролцуулах, залуу үед шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх зорилтыг хангах хүрээнд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн залуу багш нарын санаачилга, идэвхийг өрнүүлэн, тэдний оролцоотойгоор “Авлигатай тэмцэх сайн үйлсийн аян”-ыг эхлүүллээ. Аяны хүрээнд эдийн засгийн чиглэлээр суралцдаг их, дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ” улсын наймдугаар олимпиадад албан ёсны дэмжигч байгууллагаар оролцов. Уг олимпиадад өрсөлдөж буй 8 багийн гэрийн даалгаварт “Би авлигач биш” сэдвийг оноон өгч, авлигын хор хөнөөл, шударга ёсны үнэ цэнийг илэрхийлсэн жүжигчилсэн тоглолтуудыг үнэлж дүгнэх эрх бүхий шүүгчээр ажиллав.

Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хамгийн дөт замаар мэдээлдэг “Шинэ хуудас” мэдээллийн хуудсын ээлжит дугаарыг 4000 ширхэгээр хэвлүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөгчдийн оролцсон бүсчилсэн сургалтын үеэр болон хөдөө орон нутагт ажиллах явцад иргэдэд түгээлээ.

АНУ-ын Азийн сантай хамтран телевизийн 8 цуврал нэвтрүүлгийн зохиолыг бичиж, тухай бүр батлуулан, зураг авалт болон дүрс эвлүүлэг, дуу оруулах ажлыг мэргэжлийн студитэй хамтран бүтээж, санхүүжүүлэгч болон гүйцэтгэгч талуудын байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу цуврал нэвтрүүлгийг “SBN”, “Ийгл” телевизээр тус бүр цацаж, цацалтад хяналт тавьсан болно. Цуврал нэвтрүүлэг нь байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд үнэн бодитой, албаны эх сурвалжаас мэдээлэн хүргэх, зорилтот бүлгүүдийг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд татан оролцуулах, олон нийтэд авлигын нийгмийн хор хөнөөлийг ухуулан таниулснаараа ач холбогдолтой байв.

Монголын Үндэсний олон нийтийн радиотой хамтран бэлтгэдэг “Авлигатай тэмцэх газраас ярьж байна” нэвтрүүлгийн графикийг хэлтэс, албадаас санал авсны үндсэн дээр шинэчлэн боловсруулж, нэвтрүүлэг бэлтгэхтэй холбогдон тус радиотой хамтран ажиллах гэрээг батлуулсан болно. Графикийг нэгбүрчлэн даган мөрдөж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд “Авлигатай тэмцэх газраас ярьж байна” нэвтрүүлгийн 17 дугаарыг бэлтгэн, хөдөө орон нутгийн иргэдэд хүргээд байна. Радиогийн цуврал нэвтрүүлгийг дан ганц байгууллагын үйл ажиллагааг мэдээлэх төдий бус авлигын эсрэг тэмцэлд олон нийтийг татан оролцуулах зорилтыг хангах үүднээс анхаарч ажиллав. Энэ дагуу “Авлигатай тэмцэх сайн үйлсийн аян”-ыг эхлүүлээд байгаа МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш нарыг нэвтрүүлэгт урин оролцууллаа.

Хөрөнгө, орлогоо хуулийн хугацаанд үнэн зөв мэдүүлэхийг уриалсан утга санаа бүхий телевизийн сурталчилгааны зохиолыг бичиж, батлуулан “Эрэнконтент” ХХК-ийн студиэр гүйцэтгүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлж ажиллав. 39 секундын уг сурталчилгааг Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн өмнө ба хойно, “Ийгл”, “NTV” телевизийн оргил цагаар 12 өдрийн турш цацаж, олон нийтэд хүргэсэн. Түүнчлэн хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх хуулийн хугацааг сануулсан сурталчилгааг өдөр тутмын “Өнөөдөр”, “Үндэсний шуудан”, “Зууны мэдээ” сонинд тус бүр 15 өдрийн турш нийтлүүллээ. Уг сурталчилгааг богино долгионы “Улаанбаатар 102.5”, “Эх орон 102.1”, “FM 99.7” радиогоор нийт 420 удаа цацаж, олон нийтийн хүртээл болгосон. Уг сурталчилгааны зураг авалтад жирийн төрийн албан хаагчдыг оролцуулсан нь сонирхолтой бөгөөд бусад төрийн албан хаагчдаа уриалан дуудах итгэл үнэмшлийг төрүүлж чадсан гэж үзэж байна.

Иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах 1969 утасны сурталчилгааг “Ийгл” телевизээр цацах хамтын ажиллагааны гэрээг байгуулж, цацалтад нь мониторинг хийж ажиллав.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төслийн нэгжтэй хамтран өдөр тутмын сонинд тогтмол булан ажиллуулах ажлын даалгаврыг боловсруулан сонгон шалгаруулалт явуулж, “Өнөөдөр” сониныг шалгаруулан хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд “Өнөөдөр” сонинд 10 хоног тутамд “Далайд дусал нэмэр” булан нээж, 4 өгүүлэл нийтлүүлэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төслийн санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлтэй хамтран бэлтгэх цуврал нэвтрүүлгийн агуулга, сэдэв, графикийг тус байгууллагын холбогдох албан тушаалтантай хамтран боловсруулсан бөгөөд төрийн үйлчилгээний хүнд суртлыг халах, нээлттэй, ил тод байдлыг бий болгох зорилгоор зарим төрийн байгууллагуудад газар дээр нь очиж нэвтрүүлэг бэлтгэхээр харилцан тохирсон болно.

Жил жилийн үйл ажиллагааны тайланг хэвлүүлэн, олон нийтийн хүртээл болгох нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, авлигатай тэмцэх ажлын талаар бодитой, үнэн зөв ойлголтыг иргэдэд хүргэх, байгууллагын тухай эерэг ойлголтыг нийгэмд бий болгох ач холбогдолтой энэ ажлыг уламжлал ёсоор зохион байгуулав. Энэ хүрээнд бусад хэлтэс, албадаас санал авсны үндсэн дээр тайлан-мэдээллийн эхийг бэлтгэхийн зэрэгцээ хэвлэлийн компаниудаас сонгон шалгаруулалт хийж, холбогдох гэрээг байгуулан ажиллалаа. “Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл-2010” номыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн нэгжийн санхүүжилтээр 1000 ширхэг хэвлүүлэв.

Улаанбаатар хот дахь Гаалийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Авлига, хүнд суртлаас урьдчилан сэргийлэх нэг сарын аян”-ы хүрээнд “АХА” тэмцээнийг амжилттай зохион байгуулав. Тэмцээний асуултыг авлигын эсрэг хууль тогтоомж болон төрийн албан хаагчийн ёс зүйн сэдвээр бэлтгэсэн бөгөөд гаалийн улсын байцаагчдын эрх зүйн мэдлэгийг сорих, басхүү шинэ мэдлэг олгоход хувь нэмэр оруулсан хэмээн үзэж байна. Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулах саналыг гаалийн бусад салбар, хороодын зүгээс илэрхийлж буйг дурдах нь зүйтэй.

Тайлангийн хугацаанд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар, мөн мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр болон зөрчил арилгуулах тухай албан бичгийн мөрөөр авсан арга хэмжээний тухай хэвлэлийн мэдээ нийт 37-г бэлтгэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтийн хүртээл болгов.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдтэй тухай бүр харилцаж, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар мэдээлж, нээлттэй ажилласан болно. Төвийн болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, сурвалжлагчидтай хамтран ажиллаж, Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын ил тод байдал, орон нутаг дахь төрийн бус байгууллагын сүлжээний үйл ажиллагааны талаар яриа, тодруулга өгөх, нийтлүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хянал&