Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2009 онд хийсэн ажлын тайлан

A- A A+
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2009 онд хийсэн ажлын тайлан
Нэг. Дотоод зохион байгуулалтын талаар
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь Авлигын эсрэг хуульд заасан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 2009 онд хийж гүйцэтгэх ажлаа жил, улирлаар, хэлтсийн ажилтнууд сар, долоо хоногоор төлөвлөн, төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа зохих түвшинд биелүүлэн ажиллав.

Тайлангийн хугацаанд тус газрын даргын зөвлөлийн хурал болон шуурхай зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэлтсийн хурлаар авч хэлэлцэн, төлөвлөгөөний биелэлт болон хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж ирлээ.
 
Хоёр. Урьдчилан сэргийлэх чиглэлээр
Төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2008 оны 9 дүгээр захирамжаар Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байсан бөгөөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 14 дүгээр захирамжаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулж “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г Ерөнхий сайдаар батлуулан ажиллаж байна.

Яам, агентлагийн Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдлын талаарх тайланг авч хянан, хугацаандаа хэрэгжээгүй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар дүн шинжилгээ хийв. Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж үнэлэх ЗГХЭГ болон тус хэлтсийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргын тушаалаар байгуулан 26 байгууллагад төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж, нэгдсэн дүнг Засгийн газарт танилцуулан зохих шийдвэрийг гаргууллаа. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн мөрөөр авах арга хэмжээний талаар санал боловсруулж ЗГХЭГ-ын даргад хүргүүлэн, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний биелэлтийн тайланд дүн шинжилгээ хийв.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Азийн сантай хамтран авлигад өртөх эрсдлийн үнэлгээг гаргах, авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор төрийн байгууллагын удирдлагуудад “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт болон НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид Монгол Улсын хууль тогтоомжийг нийцүүлэх нь” сэдэвт сургалт, семинарыг энэ оны 4 дүгээр сард зохион байгуулав.

Яам, Засгийн газрын агентлагуудын Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 тулгуурт зарчимд үндэслэн боловсруулахад арга зүйн туслалцаа үзүүлж, АНУ-ын Азийн сантай хамтран яам, агентлагуудын ажилтнуудад сургалт зохион байгуулж, Авлигатай тэмцэх газрын зөвлөх Тони Квокоор зөвлөгөө өгүүллээ.

Өнгөрсөн онд 26 байгууллага /яам, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг агентлагууд/ төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажилласан бол өнөөдөр 55 байгууллага /11 яам, 42 агентлаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба/ уг төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

НҮБХХ-ийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг хангах төсөл”-тэй хамтран аймгуудыг “Авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй болгох зорилгоор Хэнтий, Төв, Дундговь аймгийн төлөвлөгөө боловсруулах ажлын багт холбогдох сургалт семинарыг зохион байгуулж, арга зүйн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ Дархан-Уул аймагт 9 аймаг, Дундговь аймагт 3 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль зүйн хэлтсийн дарга, ажилтан, ТББ-уудын сүлжээний ахлагч нарт зориулан арга зүйн сургалтыг тус тус зохион байгууллаа.

Дээрх сургалт, семинарын үр дүнд Хэнтий аймгаас боловсруулсан “Шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төслийг хянан үзэж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн бөгөөд тус аймаг төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байна.

Үүний зэрэгцээ бүх аймгуудыг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлаа төлөвлөн хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангах зорилгоор аймгуудын түвшинд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний загварыг боловсруулан хүргүүлэхээр бэлтгээд байна.

Түүнчлэн дүүргийн прокурорын газруудыг Авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй болгох зорилгоор Нийслэлийн прокурорын газарт арга зүйн туслалцаа өгч, загвар төлөвлөгөөг хүргүүлэн ажиллав.

Яам, агентлагийн авлигын эсрэг төлөвлөгөөг газрын вэб сайтын “Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” хэсэгт “Авлигын эсрэг төлөвлөгөө” линк үүсгэн төлөвлөгөөгөө цахим хэлбэрээр ирүүлсэн 4 яам, 8 агентлагийн 2009 оны төлөвлөгөөг байршууллаа.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах “Боловсролын салбарыг авлигад өртөх эрсдлээс сэргийлэх үнэлгээ хийх нь” төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллан шаардлагатай заавар, зөвлөгөө өгч байна.

Төрийн байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байх зарчмыг үндэслэн үнэлж дүгнэх зорилгоор төрийн байгууллагуудын үйл ажиллагааны “Ил тод байдлыг илтгэх үзүүлэлтүүд”-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулав. Энэ оны 5 дугаар сард баталсан энэхүү тогтоолын хэрэгжилтийн явц байдлыг тус хэлтсийн ажилтнууд орон нутагт ажиллахдаа үнэлэлт дүгнэлт өгч ажилласны зэрэгцээ Засгийн газрын тогтоолыг сурталчлах, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор яам, агентлаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг хамруулан “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийг хангах нь” сэдэвт сургалт, семинарыг байгууллагуудын хүний нөөцийн асуудал болон худалдан авах ажиллагаа, төсөв, санхүүгийн асуудал хариуцсан 100 гаруй төрийн албан хаагчийг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, зарцуулалтын тайланг олон нийтэд мэдээлэх, төрийн байгууллагуудын төсөв, түүний ил тод байдлыг хангах талаар арга хэмжээ авч ажиллах зорилгоор Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо солилцов. Төсвийн ил тод байдлыг хангах талаар Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн Төрийн бус байгууллагуудын сүлжээтэй хамтран ажиллаж байна.

Мөн төрийн байгууллагуудын үйлчилгээний стандартыг бий болгох чиглэлээр гадаад орны туршлагыг судлах, стандартын загвар боловсруулах үүрэгтэй зөвлөх ажиллуулах талаар холбогдох төслийн нэгжтэй тохиролцоонд хүрээд байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн Газрын албатай хамтран үйл ажиллагааг нь нээлттэй, ил тод болгох, хүнд суртал, чирэгдэлгүй иргэдэд үйлчлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг идэвхжүүлэх зорилгоор арга зүйн туслалцаа, зөвлөгөө өгч ажиллав.

Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай хамтран үйл ажиллагааг нь нээлттэй, ил тод болгох, хүнд суртал, чирэгдэлгүй иргэдэд үйлчлэх, Авлигатай тэмцэх газраас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг идэвхжүүлэх зорилгоор арга зүйн туслалцаа, зөвлөгөө өгч, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Иргэний бүртгэлийн албанаас төлөөллийг оролцуулан туршлага солилцуулах ажлыг зохион байгуулав.

Тус хэлтсийн ажилтан Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцан, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, Зөвлөмж, төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах, үнэлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллан Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрын холбогдох ажилтнуудад мэдээллийг хүртээмжтэй байлгах, үйл ажиллагаагаа нээлттэй ил тод болгох, хүнд суртлыг арилгах талаар заавар зөвлөгөө өгч, арга зүйн туслалцаа үзүүлэв.

Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон Авлигатай тэмцэх газар, аймгийн Засаг дарга, Төрийн бус байгууллагуудын сүлжээний хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын удирдамжийг газрын даргын тушаалаар батлуулан энэ оны хавар 15 аймагт томилолтоор ажиллаж шалган туслах ажлыг хийж гүйцэтгэсэн бол 10-11 сард 20 аймагт томилолтоор ажиллан Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газраас төрийн бүх шатны байгууллага, аймгуудын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, орон нутаг дахь ТББ-уудын сүлжээний ахлагч нарт хандаж тус тус хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилтийг шалган үнэлэлт өгөх ажлыг зохион байгууллаа.

Орон нутагт авлига, хүнд сурталтай тэмцэх, авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд тайлбарлан таниулах, Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллагуудын сүлжээний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлагаар хангах, хяналт тавих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг газрын даргаар батлуулан, түүний хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна.

Орон нутаг дахь Төрийн бус байгууллагуудын Сүлжээнд нэгдсэн байгууллагуудын судалгааг гаргаж, үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой төсвийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсвөөс хуваарилуулах талаар аймгийн удирдлагуудад хандаж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг хөндлөнгөөс хянах, зарим үйл ажиллагаанд нь хамтран оролцох замаар авлигыг бууруулах, улмаар таслан зогсоох зорилготой орон нутаг дахь Төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нарын 3 хоногийн сургалтыг энэ 1, 12 дугаар сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулж “Авлигын талаарх ойлголт, авлигын шалтгаан, хэлбэр, хор хөнөөл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх арга зам”, “Төрийн байгууллагын ил тод байдлыг хангах нь”, “Авлигатай тэмцэхэд иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо”, “Худалдан авах ажиллагаанд төрийн бус байгууллагаас тавих хяналтын арга зам”, “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх арга зам”, “Шударга ёсыг бэхжүүлэхэд ТББ-уудын үүрэг оролцоо” зэрэг сэдвээр сургалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн гарын авлага, сурталчилгааны материалаар хангав.

Орон нутаг дахь Төрийн бус байгууллагуудын сүлжээний үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар арга зүйн туслалцаа үзүүлэх, сүлжээний төлөвлөгөөт ажлын хэрэгжилттэй танилцах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар санал солилцох, Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилттэй танилцаж зөвлөгөө өгөх, Сүлжээний ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийн сурталчлах зорилгоор бүсчилсэн байдлаар энэ оны 3 дугаар сард Орхон аймагт Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Дорнод, Хэнтий аймгуудын сүлжээний 40 төлөөлөгч, Өмнөговь аймагт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Өвөрхангай, Төв аймгуудын сүлжээний 35 төлөөлөгч, Ховд аймагт Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын сүлжээний 30 төлөөлөгчийг оролцуулан сургалт семинарыг тус тус зохион байгуулав.

Энэхүү бүсчилсэн сургалтад “Орон нутгийн санаачилга ТББ-ын 3 талт түншлэлийн туршлага”, “Орон нутаг дахь мэргэжлийн хяналтын байгууллагын дэргэдэх авлигаас урьдчилан сэргийлэх Орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг Сүлжээний үйл ажиллагаатай уялдуулах нь”, “Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааг ТББ-ын сүлжээний үйл ажиллагаатай уялдуулах нь”, “Нутгийн удирдлагын үйл ажиллагаан дахь иргэний нийгмийн оролцоо” зэрэг сэдвээр сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо солилцов. Орон нутаг дахь Төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нарын ажлыг дүгнэх үзүүлэлтийг боловсруулан Сүлжээний төлөөллөөс санал авах ажлыг зохион байгуулав.

Тус хэлтэс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр 2009 онд хөдөө орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг газрын даргаар батлуулан хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хүнд суртал чирэгдлийг багасгах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэд байгуулагдсан Орон тооны бус хөндлөнгийн зөвлөлийн Ховд, Орхон, Булган, Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөгөөг өгч ажиллав.

Авлигатай тэмцэх газар, аймгийн Засаг дарга, ТББ-ын Сүлжээний хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор аймгийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн дарга, Төрийн бус байгууллагуудын Сүлжээний ахлагч нарт хандан тус тус Зөвлөмж хүргүүлсэн бөгөөд уг зөвлөмжийн хэрэгжилттэй 21 аймагт газар дээр танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Сэлэнгэ аймгийн ТББ-ын сүлжээнээс аймгийн ЗДТГ, ИТХ, ГХУСЗСЗ-тэй хамтран зохион байгуулсан сургалт семинарт оролцож, сургалт хийн, Орхон аймгийн Мэдээлэл сурталчилгааны төвийн нээлтийн үйл ажиллагаанд зориулан төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, нээлттэй ил тод байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулав.

Авлигатай тэмцэх чиглэлээ ажиллаж буй орон нутаг дахь ТББ-уудын сүлжээний ахлагч нарыг ”Монгол Улсад Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ТББ-уудын үүрэг, оролцоо” сэдэвт үндэсний чуулганд оролцуулах, илтгэл тавьж хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулав.

Удирдлагын академи, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран ажиллах чиглэлээ тогтон, сургалтын төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна.

Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд аймаг, нийслэл болон яам, агентлагаас ирүүлсэн тайлантай танилцаж биелэлтэд нэмж тусгах, мөн орон нутагт ажиллах явцад хийсэн үнэлгээнд тулгуурлан биелэлтийг эцсийн байдлаар гаргахаар ажиллаж байна.

Мөн НҮБХХ-ийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг хангах төсөл”-ийн санхүүжилтээр дээрх хөтөлбөрийн биелэлтэд мониторинг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Авлигын эсрэг хуульд заасны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажилтнуудын ёс зүйн дүрмийн төсөл, Ашигт малтмалын газрын ажилтнуудын ёс зүйн дүрмийн төсөл болон Ёс зүйн хорооны ажиллах журам, Гаалийн ерөнхий газрын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн төсөл, Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын ёс зүйн дүрмийн төсөл, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс дүрмийн төсөл, Мэдээлэл, шуудан харилцаа холбооны технологийн газрын ажилтны ёс зүйн дүрэм, Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын төсөл, Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийн төсөл, Эрчим хүчний газрын албан хаагчийн ёс зүйн дүрмийн төсөл, Улсын мөрдөн байцаах газрын алба хаагчдын ёс зүйн дүрмийн төсөл, Эрүүл мэндийн газрын ажилтнуудын ёс зүйн дүрмийн төсөлд тус тус санал өгч ажиллав.

Бизнесийн харилцаанд тулгарч бус хүндрэл бэрхшээл, ялангуяа эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичиг болох стандартыг мөрдөх явцад гарч буй саадыг хэрхэн даван туулах, түүнийг өөрчлөх, шинэчлэх, хүчингүй болгох зэрэг санал, санаачилгыг өрнүүлэх зорилгоор Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, мэргэжлийн холбоод, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран “Стандарт ба шударга бизнесийн хөгжил” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан Зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсний зэрэгцээ хэлэлцүүлгийн явцад гарсан саналыг нэгтгэн Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 1969 утсанд төрийн байгууллагуудын ажилтнуудын хүнд суртал, чирэгдлийн талаар ирүүлсэн иргэдийн 157 гомдол, мэдээллийг судлан үзэж, төрийн байгууллагын хүнд сурталтай холбоотой гомдлыг шийдвэрлүүлэхээр газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж гарсан зөрчлийг арилгуулахаар ажиллан, цаашид хууль бус үйлдэл гаргуулахгүй байх, гомдолд дурдагдсан албан тушаалтантай хариуцлага тооцож ажиллахыг сануулсан албан шаардлагыг тухай бүр хүргүүлэн ажиллав. “Нийгмийн толь” сонинд “1969 мэдээлж байна” буланг үргэлжлүүлэн ажиллуулж, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг тоймлон багцалж, олон нийтэд хүргэж байна. Мөн 1969 мэдээллийн мөрөөр сурвалжлага бэлтгүүлэн төрийн байгууллага дахь хүнд суртлыг арилгах, албан хаагчийн ёс зүйг сахиулах чиглэлээр тухай бүр зохицуулалт хийж байгаа болно.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар бичсэн мөрдөн байцаагчийн мэдэгдэл /2008 оны/-ийг судлан дүн шинжилгээ хийж, цаашид мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ажиллах чиглэл, арга зүйг тодорхойлох зорилгоор авлигаас урьдчилан сэргийлэх нийтлэг болон нэг бүрчилсэн ажил зохиох талаар санал боловсруулж байгаа бөгөөд мөрдөн байцаагчийн бичсэн 6 мэдэгдэл /ОБЕГ, НХХЯ, Архангай аймгийн ИТХ, Дундговь аймгийн ЗД, Увс аймгийн ЗД/-ийн мөрөөр ажиллаж, “Улсын нөөц ба чононд хонь хадгалуулах орчин цагийн үлгэр”, “Дархан-Уул аймгийн дарга нар 700 гаруй сая төгрөг завшжээ” нийтлэл бичиж, “Өглөөний сонин”, “Нийгмийн толь” сонинуудад нийтлүүллээ.
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар “Глоб интернэшнл” Төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн багт орж ажиллан шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажилласны зэрэгцээ тус байгууллагаас зохион байгуулсан сургалт семинар, хэлэлцүүлэг болон зөвлөлдөх уулзалтуудад оролцов.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тогтолцоог сайжруулах талаар Сангийн яамнаас зохион байгуулсан “Худалдан авах ажиллагааны талаар авах арга хэмжээний бодлого” сэдэвт семинарт оролцож Засгийн газрын худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллах талаар илтгэл тавьж заавар зөвлөгөө өгөв.

НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтийн Монгол Улсын өөрийн үнэлгээний хуудсыг эцэслэн боловсруулж төв байгууллагад хүргүүлсэн бөгөөд НҮБ-ын олон улсын шинжээчдийн баг Монгол Улсад ажиллахад бэлтгэл ажлыг хангаж, шинжээчдийн багт үйл ажиллагаагаа танилцуулж, зарим төрийн байгууллагуудын удирдлагуудтай хийсэн уулзалтыг зохион байгуулав.

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны цогц бодлогыг гаргаж хэрэгжүүлэх зорилгоор олон улсын туршлагыг судлан Судалгаа шинжилгээний албатай хамтран бодлогын эхний хувилбарыг боловсруулаад байна.
 
Гурав. Соён гэгээрүүлэх чиглэлээр
2009 онд тус хэлтэс олон нийтийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр 2483 төрийн албан хаагч, иргэдэд сургалт зохион байгууллаа. Үүнээс 36 төрийн байгууллагын нийт 2174 орчим төрийн албан хаагчдад “Авлигын талаарх ойлголт, авлигын шалтгаан, хор хөнөөл”, “Авлигын эсрэг хууль тогтоомж”, “Төрийн байгууллагын ил тод байдал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт, “Төрийн албаны ёс зүй” сэдвээр Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн ажилтнууд /200/, ”Татварын ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ажилтнууд болон дүүргүүдийн Татварын хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан ажилтнууд /20/, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ажилтнууд /40/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд /40/, Гаалийн байгууллагын газар, хэлтсийн орлогч дарга нар /40/, Шүүхийн шинжилгээний байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн /50/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдах ажилтны зөвлөгөөн /50/, Нийгмийн даатгалын газрын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцогч /40/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч /120/, Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын болон дүүргүүдийн тасаг, бүлгүүдийн удирдлага, ахлагч нар /45/, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал /130/, Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн офицер, цагдаа нар /155/, Чингэлтэй дүүргийн бүх хороодын Засаг дарга, хороодын ажилтнууд /40/, Орхон аймгийн ЗДТГ-ын болон агентлагуудын удирдлага, ажилтнууд /28/, СХД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтнууд /36/, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын болон агентлагуудын удирдлага, ажилтнууд /50/, аймгуудын ТББ-ын сүлжээний ахлагч нар /22/, ТББ-уудын сүлжээний гишүүн, ТББ-ын ажилтнууд /105/, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ажилтнууд /15/, 2 дугаар амаржих газрын ажилтнууд /39/, Нийслэлийн архивын газрын ажилтнууд /12/, Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд /60/, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд /45/, Замын цагдаагийн газрын Шөнийн эргүүлийн тасаг /29/, Баянгол дүүргийн ЗДТГ, хороодын ажилтнууд /90/, Буянт-Ухаа дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтнууд /21/, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ажилтнууд /25/, Эрүүл мэндийн газрын ажилтнууд /50/, Төв аймгийн ЗДТГ-ын ажилтнууд, Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид /16/, Дундговь, Дорноговь, Гомсүмбэр, Булган, Орхон, Дархан-Уул, Хэнтий аймгуудын ЗДТГ, ХЗХ-ийн дарга нар, Дундговь аймгийн сумдын ЗДТГ дарга, ТББ-уудын сүлжээний төлөөлөгч нар /89/, яам, агентлагуудын болон орон нутаг дахь хүний эрхийн асуудал хариуцсан ажилтнуудад /50/, Сангийн яам /30/, Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын ажилтнууд /200/, МХЕГ-ын төв лабораторийн ажилтнууд /25/, Баянзүрх дүүргийн прокурор /20/, МҮОНРТ-ийн ажилтнууд /30/, Нийслэлийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилтнууд /25/, Нийслэлийн архивын газрын ажилтнууд /12/, орон нутгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлага, ажилтнуудад /30/ тус тус сургалт зохион байгуулсан болно. Түүнчлэн иргэд, төрийн бус байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтад нийт 681 хүн хамрагджээ.

Тус газрын ажилтнууд тайлангийн хугацаанд хөдөө орон нутагт томилолтоор ажиллан, авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулахад зөвлөгөө өгч, авлигын эсрэг хууль тогтоомж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх талаар орон нутгийн төрийн байгууллагын удирдлага, асуудал хариуцсан ажилтнууд /60/-д сургалт зохион байгуулав.

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хүнд суртал чирэгдлийг багасгах, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн дүрмээ баримтлан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэд байгуулагдсан Орон тооны бус хөндлөнгийн зөвлөлтэй хамтран мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад ёс зүйн чиглэлээр “Төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт сургалтыг Нийслэлийн 9 дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн /180/ болон нийслэл, 6 дүүргийн татварын хэлтсийн байцаагчдад /150/ Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулав.

Хүний эрхийн үндэсний комиссын энэ онд зохион байгуулах сургалтын хөтөлбөрт санал өгч тусгуулснаар тус комисстой хамтран Чингэлтэй дүүргийн бүх хороодын Засаг дарга, хороодын ажилтнуудад зориулан “Авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл” сэдвээр хичээл зааж, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулав.

Шударга ёсыг бэхжүүлэх, шударга ёсны үлгэр дуурайллыг бий болгох зорилгоор Авлигатай тэмцэх газраас санаачилсан “Шударга ёсны төлөө-2009” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгуулав. “Шударга ёсны төлөө-2008” шагнал хүртсэн Санжаасүрэнгийн Зориг агсан, “Eagle” телевиз, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Өвөрхангай аймгийн “Орон нутгийн санаачилга” төрийн бус байгууллагын талаар тус бүр 3 минутын эвлүүлэг бэлтгэн, “Шударга ёсны төлөө-2009” шагнал гардуулах арга хэмжээний үеэр танилцууллаа.

Монголын Үндэсний олон нийтийн радиотой хамтран ажиллах гэрээний дагуу нэвтрүүлгийн сэдэв, графикийг батлуулж Монголын радиогоор “Авлигатай тэмцэх газраас ярьж байна” нэвтрүүлгийн 19 дугаарыг бэлтгэн, төлөвлөгөөний дагуу долоо хоног бүрийн пүрэв гараг тутам тогтмол цацаж олон нийтэд хүргээд байна. Радиогийн нэвтрүүлгийг тухай бүр Газрын вэб сайтад байршуулж ирсэн.

Авлигын гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авах 1969 утасны сурталчилгааг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, UBS, Eagle телевизээр тус бүр 26-38 удаа, НҮБ-аас тунхагласан “Авлига-Таны үгүй чухал” 2 төрлийн сурталчилгааг шинээр хийлгэн Монголын Үндэсний олон нийтийн телевиз, UBS, SBN, TV-8, Eagle телевизээр тус бүр 18-20 удаа цацав. Мөн “Авлига ...-ний эсрэг гэмт хэрэг” зурагт хуудсыг компьютер график ашиглан телевизийн реклам болгон өөрчилж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, UBS, SBN, TV-8, Eagle телевизээр тус бүр 10 удаа цацаж олон нийтэд хүргэв. Түүнчлэн Дархан-Уул аймаг, Налайх дүүргийн телевиз, радиод авлигын эсрэг ролик, спотыг үнэ төлбөргүй цацуулж байна.

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд “Би шударга байж чадна” сэдэвт гар зургийн, 8-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Шударга ёс юунаас эхэлдэг вэ” сэдэвт зохион бичлэгийн, их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд шударга ёсны сэдэвт шилдэг илтгэлийн, сонин хэвлэлийн сэтгүүлч, сурвалжлагчдын дунд “Шударга ёсны эрэлд” сэдэвт нийтлэл, сурвалжлагын уралдааныг тус тус зохион байгуулав. Уралдааныг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэх” төсөл хамтран зохион байгуулж, уралдаанд нийт 105 гар зураг, 79 зохион бичлэг, 40 илтгэл, 38 нийтлэл оролцлоо.

МУИС, МУБИС, ШУТИС, Отгонтэнгэр зэрэг их, дээд сургуулийн оюутнуудад зориулан шударга ёсны сэдвээр тусгай лекцийг нийгэмд нэр хүнд бүхий үзэл санааны удирдагчдаар уншуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад заах “Шударга ёс” хичээлийн конспектийг боловсруулан Нийслэлийн боловсролын газарт хүргүүлэн хамтран ажиллав.

Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан өдөр тутмын 4 сонинд мэдээллийн булан ажиллуулж, Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Нийгмийн толь”, “Үндэсний шуудан” сонинд нийтлүүлэв. Энэ нь авлигын эсрэг олон улсын өдрийн тухай болон энэ өдрийг угтан хийсэн үйл ажиллагааны талаарх хамгийн хүртээмжтэй сурталчилгаа болж чадсан юм.

Батлагдсан хуваарийн дагуу “Авлига бол ...-ын эсрэг гэмт хэрэг” цуврал сурталчилгааг “Үндэсний шуудан”, “Нийгмийн толь”, “Зууны мэдээ” сонинд 2009 оны 12 дугаар сарын 1-9-ний өдрүүдэд хэвлүүлэн, олон нийтийн хүртээл болгосон.

Уран бүтээлийн “Бүтээлч монгол залуус” нэгдэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, “Авлигын эсрэг үгүй гэж хэлцгээе” сэдвийн дор “ТВ коктейль” хамтлагийн хүүхэд, залуучуудад зориулан шударга байхыг уриалсан утга санааг агуулсан 3 цуврал хошин зохиомж бэлтгэж, С1 телевизээр цацав.

Хөдөө орон нутгийн телевиз, радиогийн сэтгүүлч, сурвалжлагчидтай холбоо тогтоон ажиллахын зэрэгцээ орон нутаг дахь авлигын эсрэг төрийн бус байгууллагын сүлжээний ахлагч нараар дамжуулан хамтран ажиллах чиглэлийг тогтоон, авлигын эсрэг утга санаа бүхий телевизийн сурталчилгаа, радио спотыг бэлтгэн өгч, цацуулж байна.

Авлигын гэм хорыг олон нийтэд таниулах чиглэлээр Азийн сантай хамтран бүтээсэн “Төлөөс” киног МҮОНТ-ээр болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг шууд дамжуулдаг телевизийн сувгаар цацаж олон нийтийн хүртээл болгов.

“Шударга ёсны төлөө-2009” шагнал гардуулах ёслолын арга хэмжээний бүтэн бичлэгийг хийлгэж, Монголын Үндэсний олон нийтийн телевизээр 20 минутын нэвтрүүлэг бэлтгэн цацуулах ажлыг зохион байгууллаа.

Тайлангийн хугацаанд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийн мэдээ 36, мэдээллийн хуудас 4-г бэлтгэн, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтийн хүртээл болгов.

Тус хэлтэс телевизүүд, монголын радио, өдөр тутмын сониноор үйл ажиллагаагаа тухай бүр сурталчлан, ярилцлага, мэдээ өгч ажиллав. Тухайлбал,
MN25 телевизийн Non stop нэвтрүүлэг, “Хэлэлцүүлэг” шууд нэвтрүүлэг, Ийгл телевизийн зочны цаг, TV9 телевизийн “Энэ өглөө” нэвтрүүлэг болон зочны цагаар байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээллийг өгч, ярилцага, хэлэлцүүлэгт оролцов.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд гарсан авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр болон Авлигатай тэмцэх газартай холбоотой мэдээ мэдээлэл, сурвалжлага, нийтлэл, ярилцлагад мониторинг хийн ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газрын нэр хүндийг хамгаалах, олон нийтэд үнэн зөв ойлголт бий болгох зорилгоор “Е хүрээний вирусээс болгоомжил”, “Авлигатай тэмцэх газрыг булшлах нь хэнд ашигтай вэ”, “Авлигын индекс юуг өгүүлнэ вэ” нийтлэлүүд бичиж, “Зууны мэдээ”, “Нийгмийн толь”, “Ардын эрх” сонинд нийтлүүлэв.

“Шинэ хуудас” мэдээллийн хуудсын ээлжит дугаарыг бэлтгэн, байгууллагаас явуулж буй үйл ажиллагааны тухай болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээ, сурвалжлагыг нийтлэн, олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулав.

Авлигатай тэмцэх газрын бүрэн эрх, чиг үүрэг, авлигаас урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг хариуцлага, төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, албан тушаалтны үүрэг хариуцлага, төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад “Авлигыг Та л зогсоож чадна” сурталчилгааны 2 төрлийн гарын авлагыг тус бүр 22500 ширхэг, “Авлигын эсрэг зарим хууль тогтоомж” товхимол 7000 ширхэг, “Төрийн байгууллага дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гарын авлага”-ыг 3000 ширхэг, “Авлига ...-ний эсрэг гэмт хэрэг” 6 төрлийн зурагт хуудас 6000 ширхэг /тус бүр 500 ширхэг/ тус тус хэвлүүлэн түгээх ажлыг зохион байгууллаа. Мөн “Авлига – таны ҮГҮЙ чухал” гэсэн уриа бүхий энгэрийн календарь 10000 ширхэг, ширээний календарь 300 ширхэгийг тус тус хэвлүүлэхээр эхийг бэлтгэж, хэвлэлтэд шилжүүлээд байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран яам, агентлагуудын Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүн, уг төлөвлөлтийг сайжруулах талаар зохион байгуулсан сургалт семинарын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлч, сурвалжлагчийн асуултад хариулж, мэдээлэл өгөв.

Орон нутгийн Төрийн бус байгууллагуудын Сүлжээний ахлагч нарын сургалт, хөдөө орон нутагт зохион байгуулсан бүсчилсэн сургалт, Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн шалгалт, Авлигын эсрэг ажлын төлөвлөлтийг сайжруулах нь сэдэвт семинар сургалт, Боловсролын байгууллага дахь хууль бус төлбөр хураамж, хандивын талаар болон Орон нутагт томилолтоор ажилласан талаар, түүнчлэн идэвхтэй ажиллаж буй Төрийн бус байгууллагуудын Сүлжээний талаар төвийн болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэн сурталчлав.
 
Дөрөв. Бусад ажлын талаар
Өвөрхангай аймгийн “Орон нутгийн санаачилга” Төрийн бус байгууллагаас зохион байгуулсан зөөлөн эдлэлийн хэрэгцээг орон нутгийн нөөц бололцоогоор хангах зорилгоор 2009 онд тендер шалгаруулалт явуулах асуудлыг зөвшилцөх гурван талт түншлэлийн уулзалтад оролцож санал бодлоо солилцсон болно.

Мөн тус аймаг дахь ТББ-уудын сүлжээнээс зохион байгуулсан “Шударга ёсны тогтолцоог өөрсдөө бий болгоцгооё” уриан дор ажиллах ажлын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, энэ тухай мэдээллийг Үндэсний шуудан, Нийгмийн толь, МОНЦАМЭ, “Зууны мэдээ”, “Ардчилал” сонинд болон Eagli, NTV, SBN, MN-25, TV-8 телевиз, Монголын радиод тус тус мэдээлж ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2008 онд “Хүний эрх ба хүнд суртал” сэдвээр зохион байгуулсан үндэсний чуулганы зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг, Монгол Улсын сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын батлан гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг хянаж бүртгэх журмыг өөрчлөн найруулах ажлын хэсэг, БСШУЯ-ны “Боловсролын салбарыг авлигад өртөх эрсдлээс сэргийлэх үнэлгээ хийх нь” төслийн ажлын хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Хүний эрх ба хүнд суртал” сэдэвт Үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллав.

Азийн сантай хамтран ажиллах төлөвлөгөөг газрын 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хавсралт төлөвлөгөө болгон газрын даргаар батлуулан хэрэгжүүлж байна.

Авлигын талаар тавигдаж буй лекц, илтгэлүүдийг дүрс болон дуу бичлэгийн хальсанд буулган авч сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах талаарх саналыг Тамгын хэлтэстэй хамтран боловсруулав.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцах ажилд хэлтсийн үйл ажиллагааны талаарх тайлан, танилцуулгыг бэлтгэв.

Тайлангийн хугацаанд Төрийн байгууллагатай 2008 онд хамтран ажилласан талаар холбогдох танилцуулга тайланг бэлтгэж Судалгаа шинжилгээний албанд, Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төсөлтэй хамтран ажиллах саналыг дэд даргад, байгууллагын цахим мэдээллийн хуудсын агуулгыг шинэчлэх, англи хэлээр орчуулахтай холбогдуулан хэлтсийн харъяаллын мэдээ мэдээллийг эцсийн хувилбараар гаргаж Аюулгүй байдлын албанд, Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан 2015 он хүртэлх зорилтыг тодорхойлон түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих асуудлыг үндэсний хэмжээнд зохицуулан зохион байгуулах шаардлагад үндэслэн Авлигатай тэмцэх газраас баримтлах бодлогод өгөх саналыг Гүйцэтгэх албанд, Шүүхийн удирдах ажилтны зөвлөгөөнд Авлигатай тэмцэх газрын даргын тавих илтгэлд оруулах санал, Цагдаагийн байгууллагын тухай болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Байгууллагын хөтлөх хэргийн жагсаалт, Татварын Ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичгийн төсөл, Автомашин ашиглалтын журам, Орон нутагт томилолтоор ажиллах журмын төсөл зэрэг эрх зүйн акт, хуулийн төсөл баримт бичигт санал өгөв.

Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдахтай холбогдуулан хэлтсийн дотоод ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан бөгөөд нийт 22 баримт 26 архивын нэгжийг газрын архивт хүлээлгэн өгөв.

Тус газрын ажилтнуудаас авах Түвшин тогтоох шалгалтад бэлтгэх зорилгоор шаардлагатай хууль тогтоомжийн жагсаалтыг гаргаж бэлтгэл ажлыг хангаснаар ажилтнууд амжилттай дүн үзүүллээ.

Тайлангийн хугацаанд тус хэлтсийн ажилтнууд “Хэвлэл мэдээлэлтэй харилцах нь”, “Заах арга зүй”, Хуульчийн кредит цаг тооцох сургалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх үндсэн мэдлэг олгох зэрэг сургалтад тус тус хамрагдав.
 
Тав. 2010 онд дэвшүүлж буй гол зорилт:
Тус хэлтсээс 2010 дараахь гол 5 зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:
  1. Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, энэхүү үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;
  2. Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх дунд хугацааны хөтөлбөрийг батлуулах; 
  3. Төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний стандартыг боловсруулж турших ажлыг зохион байгуулах; 
  4. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ТББ-тай авлига, хүнд сурталтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;
  5. Хүүхэд, залуучуудад шударга ёсны үзлийг зөв төлөвшүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс