Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2007 онд хийсэн ажлын тайлан

A- A A+
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2007 онд хийсэн ажлын тайлан
Нэг. Дотоод зохион байгуулалтын талаар
Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь Авлигын эсрэг хуульд заасан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг биелүүлэх зорилгоор 2007 онд хийж гүйцэтгэх ажлаа жил болон улирлаар, хэлтсийн ажилтнууд сараар төлөвлөн хэрэгжүүлж, хэлтсийн дарга-1, ажилтан-4 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Тайлангийн хугацаанд хэлтсийн хурлыг сар бүр хийж, төлөвлөгөөний биелэлт болон хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж байв.

Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх сэдвээр Хүний эрхийн комисс, Азийн сан, Удирдлагын академиас зохион байгуулсан сургалтуудад хэлтсийн ажилтнууд оролцож, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад албан томилолтоор ажиллан, Сингапур, Малайз, Австрали, Индонези улсад зохиогдсон сургалтад оролцсон болно.
 
Хоёр. Урьдчилан сэргийлэх чиглэлээр
Авлигыг үүсгэдэг шалтгаан, нөхцлийн нэг нь төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилтнуудын хүнд суртал, чирэгдэл, олон шат дамжлага, мэдээллийн нээлттэй бус байдал бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэхэд эдгээр шалтгаан, нөхцлийг арилгах талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. Төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэд, олон нийтэд нээлттэй байж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, ил тод болгох нь Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлд заасан авлигаас урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын хүлээсэн үндсэн үүрэг билээ.

Тус хэлтсээс төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хөнгөн шуурхай болгох зорилгоор мэдээллийг хүртээмжтэй байлгах, үйл ажиллагаагаа нээлттэй болгох, иргэдийн оролцоог хангах талаар Зөвлөмж боловсруулан бүх шатны төрийн байгууллагуудад хүргүүлэн, түүнийг мөрдөж ажиллах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Энэхүү Зөвлөмжид төрийн байгууллага өөрийн үйл ажиллагаандаа мөрдөж байгаа дүрэм, журмаа үйлчлүүлэгчдэд харагдахаар газарт байрлуулах, үйлчилгээ үзүүлдэг албан тушаалтны чиг үүрэг, эрх хэмжээ, ямар үйлчилгээг ямар хугацаанд үзүүлэх, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь, уулзах ажилтны овог, нэр, харилцах утас, бүрдүүлэх шаардлагатай материал зэргийг тодорхой бичиж байгууллагын үүдэнд байрлуулах, иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол, санал ирүүлсэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох механизмыг бий болгох, төрийн үйлчилгээний бүх төрлийн төлбөр, хураамжийг бодитой тогтоох, үндэслэлгүйгээр илүү болон нэмэгдэл төлбөр, хураамж авах асуудлыг таслан зогсоох зэргийг тусгасан болно. Түүнчлэн иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлж, иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хуульд заасан хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх, шийдвэрийн үндэслэлийн талаарх мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд нээлттэй болгох, ажилтнуудын ёс зүйн дүрмийг улам боловсронгуй болгож, ялангуяа ямар ёс зүйг ажилтнууд сахих талаарх заалтуудыг иргэдэд нээлттэй болгох талаар Зөвлөмжид тусган хэрэгжүүлж байна. Зөвлөмжийг 2000 ш хэвлүүлэн бүх шатны төрийн байгууллагад хүргүүлсэн болно.

Тус хэлтэс нь Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр “Глоб интернешнл” ТББ хамтарч 2007 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай “Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдал” мониторингийн төслийг хэрэгжүүлэн дуусч байна.

Энэхүү төслийн хүрээнд дээр дурдсан Зөвлөмжийн хэрэгжилт ямар түвшинд байгааг тандах зорилгоор иргэдээс төрийн байгууллагын хүнд суртал, төрийн үйлчилгээний ил тод байдал, иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд гарсан зөрчлийн талаархи гомдол, саналыг хүлээн авах тусгай дугаарын 1977 нээлттэй утсыг ажиллуулж байна. 1977 утас руу иргэд энгийн утасны тариф ярих боломжийг хангах зорилгоор Монголын Цахилгаан холбоо Компани болон үүрэн утасны Мобиком, Скейтел, Юнител компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Скейтел компанитай байгуулсан гэрээний дагуу 2 сар тутам хэрэглэгчид рүү нь уг нээлттэй утсаар үйлчлүүлэх талаар мессеж илгээн сурталчлах ажлыг зохион байгуулсан болно.

Өнгөрсөн хугацаанд 1977 шууд утсаар төрийн үйлчилгээний байгууллагын албан тушаалтан, ажилтнуудтай холбоотой 329 гомдол, санал ирсэн байна. Гомдол ирүүлсэн иргэдийг харьяаллаар нь авч үзвэл 97 хувь нь УБ хотоос, 3 хувь нь орон нутагт оршин суугч байв.

Эдгээр гомдлын дийлэнхи хувийг газрын алба, хөдөлмөр, халамж үйлчилгээ, эрүүл мэндийн болон, боловсролын байгууллагын үйл ажиллагаа, бүх шатны шүүгч, прокурор, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, гаалийн байцаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, цагдаа зэрэг албан тушаалтан, ажилтнуудын үйл ажиллагаатай холбоотой гомдлууд эзэлж байна.

Иргэд гомдлын үндэслэлээ голдуу төрийн байгууллагуудын ажилтнууд хүнд суртал чирэгдэлтэй байна, хуулийн дагуу асуудал шийдэж өгөхгүй байна, хуулийн хугацаанд шийдэж өгөхгүй байна хэмээн тайлбарласан байна.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс эдгээр гомдлыг судалж үзээд, 98 байгууллага, албан тушаалтанд гаргасан зөрчлөө нэн даруй арилгаж, арга хэмжээ авахыг сануулсан шаардлагыг хүргүүлэн, түүний дагуу ямар арга хэмжээ авсан тухайгаа эргэж мэдээлэх үүрэг өгөн ажиллаж байна.

Төрийн байгууллагын хүнд суртлын талаар санал, гомдол хүлээн авах 1977 утас ажиллаж буй талаар Зөвлөмжийг агуулсан зурагт хуудас хэвлүүлэн улсын хэмжээний бүх төрийн байгууллагуудад тараан байрлуулав.
1977 утсаар иргэдээс ирсэн гомдол саналыг нэгтгэн байгууллагын веб сайтаар олон нийтэд мэдээлж байна.

Тус хэлтсийн ажилтнууд Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан “Төрийн байгууллагын ил тод байдал”, болон Төрийн ил тод байдал ба сонгууль” сэдэвт хэлэлцүүлэгт оролцон Зөвлөмжийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

1977 шууд утсанд ирсэн гомдлыг судалж үзэхэд ирсэн гомдлын зонхилох хувь Нийслэлийн газрын албаны үйл ажиллагаатй холбоотой байсныг харгалзан Нийслэлийн газрын албатай хамтран 20 хоногийн ажлын аянг хамтарсан төлөвлөгөөний дагуу өрнүүлэн ажилласан болно.

Энэ хугацаанд долоо хоног бүрийн лхагва гарагт нээлттэй өдрийг зохион байгуулж, 100 гаруй иргэдийг хүлээн авч санал, хүсэлтийг нь сонсон зохих арга хэмжээ авч ажиллалаа.

Нийслэлийн болон дүүргүүдийн газрын албанд иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээний талаар иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар нийслэлийн хэмжээнд 1800 орчим иргэний өргөдөл шийдвэрлэгдэлгүй дарагдсан байсныг илрүүлэн, албаны үйл ажиллагааны доголдол, зөрчлийг арилгах талаар тусгайлсан зөвлөмж боловсруулан хүргүүлсэн болно. Нийслэлийн хэмжээнд газар эзэмших болон өмчлөх гэрчилгээ олголт, газар эзэмших зориулалтыг өөрчлөх, нэр солих зэрэг асуудлыг шийдвэрлэх шат дамжлага хэт олон байгааг илрүүлэн Нийслэлийн Засаг даргатай уулзалт зохион байгуулж, зөрчил, дутагдал гаргасан ажилтнуудад хариуцлага тооцохыг санал болгон, үйл ажиллагааны олон шат дамжлагыг нь бүдүүвчлэн үзүүлж ойлгуулан, түүнийг багасгах арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар зөвлөн ажиллав.

Газрын албаны ажилтнуудын ёс зүйн дүрэмтэй болох, ёс зүйн дүрмээ зөрчсөн үйл ажиллагаа явуулбал ажилтандаа хариуцлага тооцдог болох талаар зөвлөн, ёс зүйн дүрмийн төслийг боловсруулан хүргүүлсэн болно.

Гаалийн ерөнхий газартай урьдчилан сэргийлэх ажлын хамтарсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, Буянт-Ухаа, Замын-Үүд, Нийслэлийн гаалийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан, авлига үүсэх нөхцөл, боломж бүрдүүлсэн дүрэм, журмаа эргэж нягтлан, тэдгээрийг боловсронгуй болгох талаар Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн гаалийн газарт дэмжлэг үзүүлэн санал, зөвлөмж өгч ажиллалаа. Гаалийн байцаагчид болон гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчдээс социологийн судалгааны хуудас бэлтгэн судалгаа авав.

Гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, журамтай танилцаж, хүнд суртал, чирэгдэл, авлига төрүүлдэг шалтгааныг судлан гаальд авлига үүсэхэд нөлөөлдөг нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж боловсруулан Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн болно.

Гаалийн байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг хянан үзэж, түүнийг шинэчлэн боловсруулах талаар Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллаж, санал зөвлөмж өгч, ёс зүйн дүрмийн төслийг боловсруулж өгөв.

Засгийн газрын 1999 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг судлан, гааль, татварын байцаагчийн, шүүх, прокурор, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, нотариатчийн, аудитын байгууллагын ажилтны, эмнэлгийн байгууллагын ажилтны зэрэг ёс зүйн дүрмүүдийг судлан дүн шинжилгээ хийж, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж Төрийн албаны зөвлөлд хүргүүлэв.

Төрийн албан хаагчийг ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор “Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль”-ийн төслийг боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөд хүргүүлэв.

Тус байгууллагаас гаргасан Зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн, хяналт, шинжилгээний дүн болон бусад нөхцөл байдлыг харгалзан 2008 оныг “Ёс зүйтэй төрийн алба, хүнд сурталгүй төрийн үйлчилгээний жил” болгон ажиллах зорилготой байна.
Уг зорилгыг хэрэгжүүлэх үүднээс 2008 оныг “Ёс зүйтэй төрийн алба, хүнд сурталгүй төрийн үйлчилгээний жил” болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Монгол Улсын ерөнхий сайдад уламжлаад байна.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 болон 18.1.7-д заасны дагуу авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх, мөн түүнчлэн төрийн байгууллагын шударга байдлын түвшинд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө авлигын цар хүрээ, тархалтын хэмжээг тогтоох, авлигын хэлбэрүүдийг тодорхойлох, авлигын шалтгаануудыг олж тогтоож, авлигын индексийг гаргах, түүнчлэн төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх зорилгоор төрийн байгууллага үйлчилгээ үзүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгааг судлан дүгнэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Тус хэлтэс уг үйл ажиллагааг явуулахаар судалгааны ажлын аргачлал, удирдамж, судалгааны явцад анхаарах асуудал зэргийг тусгасан баримт бичиг боловсруулан бэлтгэл ажлаа хангаад байна.

Төрийн үйлчилгээ авч буй иргэд, байгууллагаас судалгаа авч, төрийн байгууллагын шударга байдлын түвшинд үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг Нийслэл, дүүргийн газрын албад, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагыг хамруулан явуулав.

УИХ-аас 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг байгуулан ажиллуулж байсан. Авлигатай тэмцэх газар байгуулагдснаар Үндэсний зөвлөл татан буугдаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг Авлигатай тэмцэх газарт шилжин ирсэн болно. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, төр, засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудыг авлигатай тэмцэх ажлыг зохион байгуулахад нэг бодлого, чиглэлээр хангахад Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр чухал ач холбогдолтойг харгалзан, хөтөлбөрийг шинэчлэн боловсрууллаа. Хөтөлбөрийн төслийн талаар “Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдал, цаашдын хандлага” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зөвхөн төрийн байгууллагын хэмжээнд бус төрийн бус байгууллагыг хамруулан, орон нутгийн эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан 3 үе шаттайгаар зохион байгуулав. Уг нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг Хөтөлбөрийн төсөлд тусгах ажлыг зохион байгуулж байна.

Ажил олгогч эздийн холбоотой хувийн хэвшил рүү чиглэсэн авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион явуулах талаар хамтран ажиллах Санамж бичиг боловсруулан батлуулж, хамтын ажиллагааны төлөвлөөний төслийг гаргаасан болно.
Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх үүрэг бүхий Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн ажиллах журмыг боловсруулан батлуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэв. Уг зөвлөлийн гишүүдийн 3 удаагийн уулзалт, хуралдааныг зохион байгуулж, гишүүдтэй байнгын харилцаа холбоотой ажиллаж байна. Зөвлөлийн гишүүдийн хуралдааны танилцуулах хуудас, ирцийн бүртгэлийн тэмдэглэл бүхий албан хуудсуудыг бэлтгэн боловсруулж, олон нийтийн зөвлөлийн даргын хүсэлтээр гишүүдийн танилцах уулзалтыг зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны шугамаар ХБНГУ-ын Техникийн хамтын ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлэхээр “Авлигатай тэмцэх газрын чадавхийг сайжруулах” төслийг бусад хэлтэс, албадын саналыг тусган боловсруулж Сангийн Яамаар уламжлуулан Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгт хүргүүлэв.

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудын гаргасан Азийн төлөвлөгөөний тайланг зорилт бүрээр гаргаж хүргүүлэв.

Төрийн үйлчилгээг үзүүлдэг байгууллагуудын авилга үүсэх нөхцөл боломж бүрдүүлсэн дүрэм журам болон үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулсан тушаалыг хянаж боловсронгуй болгох талаар санал өгч ажиллах үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулна.
 
Гурав. Соён гэгээрүүлэх чиглэлээр
Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах тусгай хуваарь гарган, холбогдох газруудад хүргүүлж, хамтран ажиллаж байна. Авлигын эсрэг ухуулга сурталчилгааг тусгай төлөвлөгөөний дагуу өдөр тутмын сонин, телевизүүдээр явуулж байна.
Авлигын эсрэг үйл ажиллагаанд оролцуулах зорилгоор төвийн телевизүүдийн захирлуудтай уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцоод байна. Цаашид өдөр тутмын сонинуудын болон чөлөөт хэвлэлийн эрхлэгч, ерөнхий редакторуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг телевиз, сонин хэмээн явцуу хүрээнд авч үзэлгүй мэдээллийн бүхий л хэрэгсэлтэй авлигын эсрэг сурталчилгааг хамтран хэрэгжүүлэх болно.

“Авлигагүй нийгэм-тогтвортой хөгжлийн гарц” сэдэвт Үндэсний бага хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар батлуулж, хөтөлбөр, урилга, уриалгын төсөл, зарцуулах төсвийг боловсруулан тусгай төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангасан.

2007 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд зэрэг төрийн өндөр, дээд албан тушаалтнуудыг оролцуулан “Авлигагүй нийгэм-тогтвортой хөгжлийн гарц” сэдэвт Үндэсний бага хурлыг зохион байгуулж, “Авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчин, түүнийг боловсронгуй болгох нь”, “Авлигатай тэмцэх газраас баримтлах бодлого, чиглэл”, Авлигатай тэмцэхэд Засгийн газрын байгууллагуудын хамтын ажиллагаа” зэрэг илтгэлүүдийг албан тушаалтнуудаар тавиулж хэлэлцүүлэв. Бага хурлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлан, бага хурлаас гаргасан уриалгыг өдөр тутмын “Ардын эрх”, “Өдрийн сонин”-д нийтлүүлж, нийслэл, аймгийн төр, захиргааны байгууллагад хүргүүлэн, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хурлаар хэлэлцсэн асуудлууд, үр дүнгийн талаар Төрийн ордонд газар, хэлтсийн дарга нарыг оролцуулсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд тодруулга ярилцлагууд өгч ажиллав.

Үндэсний бага хуралд тавьсан илтгэл, хэлсэн үгийг нэгтгэж ном болгон 1000 ширхгийг хэвлүүлж төрийн байгууллагуудад тарааж байна. Бага хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлэх үг, Авлигатай тэмцэх газрын дарга, Олон нийтийн зөвлөлийн даргын тавих илтгэлүүдийн төслийг хэлтсийн ажилтнууд боловсруулж бэлтгэсэн болно.

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудад хандаж гаргасан Зөвлөмжийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах талаар “Нээлттэй нийгэм форум”-тай “Санамж бичиг”-ийг байгуулан, холбогдох төлөвлөгөө, төсвийг батлуулан өдөр тутмын “Ардын эрх”, “Өглөөний сонин”-д нийтлүүлэн олон нийтийн хүртээл болгосон.

Төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд нээсэн 1977 утсыг сурталчлах, утсаар ирүүлсэн мэдээллийн мөрөөр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн цацах, хэвлэх ажлыг хийж гүйцэтгэв.
MN-25 дугаар суваг телевизтэй хамтран 1977 утсанд ирүүлсэн тухайлсан нэгэн гомдлыг сонгон авч, түүний мөрөөр сурвалжилсан “1977-д хандаарай” 20 минутын нэвтрүүлэг бэлтгэн цацаж, олон нийтийн хүртээл болгосон.

Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины “Иргэн таны үг” булантай хамтран 1977 утсаар ирүүлсэн иргэдийн гомдол, мэдээллийн тоймыг 7-10 хоногоор тоймлон “Иргэдийг чирэгдүүлэхээр шийдсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байгаарай”, “Авлига, хээл хахуулийн “төрсөн дүү” нь хүнд суртал” гэсэн цуврал 3 нийтлэл бэлтгэн хэвлүүлсэн.
1977 утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу төрийн байгууллагуудад хийсэн “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын мониторингийг Газрын вэб сайтад байршуулав.

Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Газрын албатай хамтран UBS телевизээр 90 минутын шууд ярилцлага, хэлэлцүүлгийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулав.
19-77 утасны телевизийн 1 ролик бэлтгэн ТВ-5, ТВ-9, МҮОНТ-ээр 2 сарын хугацаанд тус бүр 15 удаа цацаж, олон нийтэд сурталчилсан. Үүний зэрэгцээ “МОН-АД” компанийн эзэмшлийн зам дагуух гудамжны 10 самбарт 2 сарын турш 19-77 утасны зурагт хуудсыг хотын А, В ангиллын бүсэд байрлуулан олон нийтэд сурталчилгааг хүргэв.

Нийтлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгаанаас гадна 19-77 утасны талаар хэвлэлийн мэдээ бэлтгэн хэвлэл, мэдээллийн байгууллагуудад түгээж, мэдээлэх ажлыг зохион байгуулсан. Шинээр хэвлэгдэн гарч байгаа “Өглөө орой” сонинтой хамтран 19-77 утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийг тодорхой сонголт хийсний үндсэн дээр цувралаар нийтлүүлэв.
Гаалийн болон газрын албаны ажилнуудад авлигаас урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт явуулж, Авлигын эсрэг хуулийг сурталчлав.

Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогоо хэрхэн мэдүүлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийх сургалт, сурталчилгааны төлөвлөгөө, төсөв, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар батлуулан, өдөр тутмын “Ардын эрх”, “Өглөөний сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонинд төлбөртэй ярилцлага, “ТВ-9”, “Ийгл” телевизийн мэдээллийн хөтөлбөрт ярилцлага, Монголын үндэсний олон нийтийн радиод ярилцлага, “ТВ-9” телевизэд мэдээ, тодруулга өгч, олон нийтэд сурталчлав.

МҮОНТ-ийн Нийгмийн бодлогын нэвтрүүлгийн ерөнхий редакцитай хамтран хөрөнгө, орлогоо мэдүүлэх талаарх теле хичээл бэлтгэн 2 удаа нэвтрүүлж, Уран бүтээлийн “Боролдой” студитэй хамтран төрийн албан хаагчид хөрөнгө, орлогоо мэдүүлэх чиглэлээр 2 удаагийн ролик бэлтгэн, “ТВ-9” телевизээр өдөрт 4 удаа, МҮОНТ-ээр өдөрт 2 удаа буюу нийтдээ 300-360 удаа цацаж, нийтэд сурталчлав. МҮОНР болон богино долгионы 98.5, 98.9, 107.5 сувгуудаар төрийн албан хаагчид хөрөнгө, орлогоо мэдүүлэх талаарх роликийг тус бүр 300 удаа цацаж, өдөр тутмын “Өглөөний сонин”, “Ардын эрх” сонинд төрийн албан хаагчид хөрөнгө, орлогоо мэдүүлэх талаар түгээмэл тавьдаг асуулт, хариултын боолт бэлтгэн нийтлүүлэв.
Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн хүрээнд ТВ-9 телевизээр нэвтрүүлдэг “Хуулийн цаг” нэвтрүүлэгтэй хамтран хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн талаар 2 удаагийн нэвтрүүлэг бэлтгэн, цацав.

Тус байгууллагын веб хуудсанд тавих материалыг бэлтгэж, түүнд шинээр тавих мэдээ, мэдээллийг тухай бүр өгч ажиллалаа.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнуудад авлигын нийгмийн хор аюулыг таниулах, ёс зүйн хэм хэмжээгээ сахихын ач холбогдлыг ойлгуулах зорилгоор “Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх” сэдэвт 7 хоногийн сургалтыг 300 гаруй төрийн албан хаагчдын хамруулан 2007 оны 9 дүгээр сарын 20-ноос 9 дүгээн сарын 27-ны өдрүүдэд Дэлхийн банкны “Засаглалыг дэмжих төсөл”-ийн дэмжлэгээр зохион байгуулсан болно.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, төрийн байгууллагаас хүлээх нийтлэг үүргийг тайлбарлан таниулах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний дүрэм, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын нийгмийн хор аюул, авлигагүй нийгмийг төлөвшүүлэх талаар лекц, ярианы сэдэв боловсруулан сургалт, семинар 25 удаа зохион байгуулж энэхүү үйл ажиллагаанд нийт 2970 гаруй нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан, асуудал хариуцсан ажилтан, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Замын цагдаагийн газар, Нийслэлийн иргэний бүртгэл, мэдээллийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн гаалийн газар зэрэг 16 төрийн байгууллага мөн аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга болон Тамгын газрын даргыг хамруулан зохион байгуулж, Авлигын эсрэг хуулийг сурталчлан ажиллав.

Авлигын хор хөнөөлийг таниулах, иргэдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын найруулагч, мэргэжлийн жүжигчидтэй хамтран “Төлөөс” драмын жүжиг захиалан 2007 оны 12 дугаар сарын 7-ноос 9-ний өдрүүдэд 3 өдөр Монголын хүүхдийн ордны тайзнаа тоглон төрийн албан хаагчдын хүртээл болгов. Жүжгийн бие даасан сурталчилгааны төсөв байгаагүй ч энэ ажлыг хэвлэлийн мэдээ бэлтгэн түгээж, олон нийтэд сурталчлав. Жүжгийг мандатаар үзсэн сэтгүүлч, сурвалжлагчид сурвалжлага, мэдээ бэлтгэн, авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйлсийг урлагийн хэлээр дамжуулан илэрхийлсэн энэхүү үйл явдлыг олон нийтэд хүргэв.

Хонгконгийн авлигатай тэмцэх байгууллагын захиалгаар бүтээсэн “Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид” хэмээх цуврал 6 киног ТВ-9 телевизийн Киноны албаар монгол хэлнээ орчуулуулан нэвтрүүлж, олон нийтэд толилуулсан болно.
Өдөр тутмын “Энэ” сэтгүүлтэй хамтран Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчилсан 5 хуудас бүхий материал бэлтгэн, 2000 ширхгийг хэвлүүлэн олон нийтэд түгээв.

Мөн хошин урлагийн “DOZ интертайнмент” студитэй хамтран NTV телевизээр авлигын сэдвээр тусгай хөтөлбөр бэлтгэн, эргэцүүлэн найруулсан хошиг зохиолын хэлбэрээр нийтийн хүртээл болгон 3 удаагийн давталтаар дамжуулан үзүүлсэн болно.
Газрын даргын “Авлигыг Та л зогсоож чадна” гарчигтай захидлыг боловсруулж, хэвлэлд нийтлүүлэн олон нийтийн хүртээл болгов. Түүнчлэн нийт төрийн албан хаагчдад зориулсан “Ёс зүй буюу “болох, болохгүй”-н тухай” гарчигтай захидлыг тус хэлтсийн нэрийн өмнөөс боловсруулан бэлтгэж, мөн хэвлэлд нийтлүүлэн олон нийтэд толилуулсан. Цаашид энэхүү захидлыг төрийн албан хаагч нэг бүрт хүргэхийг зорьж байна.

Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Газрын албатай хамтран зохиосон 20 хоногийн ажлын аяны хүрээнд UBS телевизээр 90 минутын шууд ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Түүнчлэн 1977 утасны мэдээллийн мөрөөр хийсэн мониторингийн тайлангийн талаар болон Азийн сангаас зохион байгуулсан Авлигын түвшин тогтоох судалгааны дүнгийн талаар 2 удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулан, “Авлигатай тэмцэх ажилд ахиц гарч байна” гарчигтай хэвлэлийн мэдээ бэлтгэн, нийтлүүлэв.

Жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг дэлхий нийтээр авлигатай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтсан ажлуудыг тус хэлтэс зохион байгуулж, “Авлигыг та л зогсоож чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв.
Дэлхий нийтээр авлигатай тэмцэх өдрөөр олны танил 6 хүнээр авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлсэн шинж чанартай үгсийг хэлүүлж, Улсын Их Дэлгүүрийн өмнөх болон Төв шуудангийн өмнөх LCD дэлгэцээр, мөн нэр бүхий 4 телевизээр сурталчлан, олон нийтэд хүргэв.

Шударга бус байдал болон авлигын эсрэг үзэл санаа бүхий авлигын хор аюулыг олон нийтэд ухуулсан нийтлэлийг 8 сонинд 12 дугаар сарын 7-ний өдөр нэгэн зэрэг нийтлүүлж, Авлигатай тэмцэх газрын нэр бүхий, үйл ажиллагааг харуулсан телевизийн ролик 8 төрөл, радиогийн шторк 2 төрөл, зурагт хуудас 2 төрөл, хэвлэлийн мэдээ 21 удаа, мэдээллийн хуудас 18 удаа бэлтгэн, олон нийтэд хүргэв.

Авлигатай тэмцэх газрын бүрэн эрх, чиг үүрэг, авлигаас урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг хариуцлага, төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, албан тушаалтны үүрэг хариуцлага, төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандсан зөвлөмж зэрэг бүгд 4 төрлийн сурталчилгааны гарын авлагыг тус бүр 1000 ширхэгийг хэвлүүлэн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн болно. Авлигаас ангид байхыг иргэдэд сануулж, сэрэмжлүүлсэн сурталчилгааны зурагт хуудас гаргах ажлыг зохион байгуулж байна. Авлигын талаархи буруу ойлголт, төсөөллийг арилгах сурталчилгааны материал бэлтгэн түгээх ажлыг цааш үргэлжлүүлэн явуулна.

Авлигын эсрэг хуульд заасны дагуу ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд суралцагчдад эрх зүйн болон ёс зүйн хичээлийн хүрээнд авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх хичээл оруулж байхаар сургалтын төлөвлөгөөнд тусгуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд тавьж, хичээлийн сэдэв, сурагч, оюутнуудад судлуулан мэдүүлбэл зохих асуудлыг боловсруулав. Боловсролын салбар дахь авлигын асуудлаар хүүхдүүдийн бичсэн 3 төрлийн эссэг өдөр тутмын гурван сонинд хэвлүүлэв.

Ахлах, дунд ангийн сурагчдад зориулсан хүмүүжил, ёс суртахууны зөв төлөвшил төлөвшүүлэх сургалтын тусгай танхим байгуулж тохижуулах судалгаа явуулж байна.
ЕБС-ын 11 дүгээр ангийн сурагчдад авлигыг үл тэвчих үзэл, хандлага, дадал хэвшлийг суулгах авлига, шударга бус байдлын талаар 1 цагийн хичээлийн хөтөлбөр бэлтгэн, Нийслэлийн боловсролын газартай хамтран анги удирдсан багшаар иргэний боловсролын цаг болгон хамруулж,12 дугаар сарын 7-ны өдөр нийслэлийн хэмжээнд хичээл зохион байгуулсан болно. 11 дүгээр сургууль дээр жишиг хичээлийг заан TV5, TV9 зэрэг телевиз болон бусад мэдээллийн хэрэгслээр мэдээлэв.

Их, дээд сургуулийн оюутнуудад авлигыг үл тэвчих үзэл санааг залуу үеийнхэнд бий болгох авлига, шударга бус байдлын талаар нэр хүнд бүхий хүмүүсээр “Авлига ба эдийн засаг”, “Авлига ба ил тод байдал”, “Авлига ба хүний эрх”, “Авлига, түүний хор хөнөөл” сэдэвт лекцийг МУИС, ХААИС, ЭМШУИС, СЭЗДС, Отгонтэнгэр ИС, Цагдаагийн академи, Хүмүүнлэгийн ИС, МУБИС, ШУТИС зэрэг сургууль дээр уншуулан телевиз, сонингоор мэдээлсэн болно.
Төрийн бус байгууллагатай ганцаарчилсан болон хамтарсан уулзалтад 6 удаа оролцож, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа-сургалт хийв.

Авлигатай тэмцэх газрын нэр бүхий албан тушаалтан, албан хаагчдыг МҮОНРТ, TV-9, TV-5, ТМ, NTV, STV, MN-25, Eagle-TV, Монголын радио, “Өнөөдөр”, “Ардын эрх” зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөх ажлыг цаг тухайд нь шуурхай зохион байгуулж, шууд нэвтрүүлгүүдэд оролцуулав.

Тус газрын зүгээс хийсэн ажил болон авлигын эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг цаг тухай бүр нь хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллүүлж байв. Хэвлэлийн мэдээ, мэдээллийн хуудас болон үйл явдлын зарыг шуурхай бэлтгэн түгээж, Авлигатай тэмцэх газрын бэлгэ тэмдэгтэй болсон болон ажилтнууд тангараг өргөсөн тухай зэрэг үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэн, газрын хэлтсийн дарга нарыг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан.

Түүнчлэн 1977 утасны мэдээллийн мөрөөр хийсэн мониторингийн тайлангийн талаар “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагатай хамтран хэвлэлийн бага хурал хийлгэв. Мөн Азийн сангаас зохион байгуулсан Авлигын түвшин тогтоох судалгааны дүнг танилцуулах 2 удаагийн хэвлэлийн бага хуралд оролцож, “Авлигатай тэмцэх ажилд ахиц гарч байна” гарчигтай хэвлэлийн мэдээ бэлтгэн, нийтлүүлэв.

Авлигыг мэдээлэх 1969 утасны сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хийж байна. Энэ ажлыг хэвлэл, мэдээллийн бүхий л төрлийн хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлж байна. Азийн сангаас зарласан сурталчилгааны тендерт шалгарсан “New gate way” компанитай байнга хамтран ажиллаж байна. “Авлигыг үл тэвчье” сурталчилгааны эхний шатны ажлыг өдөр тутмын “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Ардын эрх” сонинд, мөн TV5, TV9, MN-25, NTV телевизээр дамжуулан хийж байна. Богино долгионы 5 радио станцаар авлигын хор хөнөөлийг ухуулан таниулсан, авлигын эсрэг үйлст хамтдаа оролцохыг залууст хандан уриалсан үгсийг урлаг, спортын олны танил хүмүүсээр хэлүүлэн, тусгай графикийн дагуу цацаж байна. Олон нийтэд шууд бус хэлбэрээр түгээсэн энэ мэт сурталчилгааны зэрэгцээ гудамжинд байрлах LCD дэлгэц, явган самбараар шууд сурталчилгааг хүргэж байна.

1969 утасны сурталчилгааг олон нийтэд шууд хүргэх зорилгоор “Авлигыг мэдээлэх утас 1969, авлигыг үл тэвчье” гэсэн бичигтэй цамц, малгай, бал, тэмдэглэлийн цаас, компьютерийн маузны тавиур, зурагт хуудас, брошюр хэвлүүлэн түгээж байна.
Тайлангийн хугацаанд сэтгүүлчдийн ёс зүйн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчдын дунд авлигаас урьдчилан сэргийлэх асуудал дэвшүүлсэн “Авлигагүй нийгмийн төлөө” нийтлэл, сурвалжлагын 45 хоногийн уралдаан зарлаж дүгнэв.

Дэлхий нийтийн Авлигатай тэмцэх өдрийг тохиолдуулан оюутан, сурагчдын дунд “Би авлигатай ингэж тэмцэнэ” зохион бичлэгийн, “Авлига миний нүдээр” гар зургийн уралдаан зарлаж, дүгнэв. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс сонголттойгоор хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлэхийн зэрэгцээ гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр Монголын хүүхдийн ордонд үзэсгэлэн гаргаж, 4 өдрийн турш олон нийтийн хүртээл болгов. Гар зургийн бүтээлүүдийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Швейцарын олон улсын хөгжлийн агентлагтай хамтран цомог хийлгэхээр тохиролцоод байна. Авлигын эсрэг өдөр болсон бүхий л үйл явдлыг тусгай графикийн дагуу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурвалжлуулах, мэдээллүүлэх ажлыг цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэж байв.