Зөвлөмж

A- A A+
Зөвлөмж
Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг хүртээмжтэй болгох, иргэдийн оролцоог хангах талаар дор дурдсан зүйлийг хангаж ажиллахыг зөвлөж байна.

Мэдээлэл хүртээмжтэй байх талаар

  • Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиг үүрэг бүхий байгууллага өөрийн үйл ажиллагаандаа мөрдөж байгаа дүрэм, журмаа үйлчлүүлэгчдэд харагдахаар газарт байрлуулах;
  • Иргэд, хуулийн этгээдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг хүргэдэг төрийн албан тушаалтны чиг үүрэг, эрх хэмжээ, ямар үйлчилгээг ямар хугацаанд үзүүлэх, бүрдүүлэх шаардлагатай материал зэргийг агуулсан танилцуулгыг үйлчлүүлэгчдэд тараах, эсвэл тэдэнд харагдах газарт бичиж тавих;
  • Мэдээллийг вэб сайтаар түгээхийн зэрэгцээ хэвлэмэл материал, тодорхой зөвлөгөө бүхий гарын авлага, зурагт хуудас гарган тараах;
  • Иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь, уулзах ажилтны овог, нэр, харилцах утсыг тодорхой бичиж, байгууллагын үйл ажиллагааны мэдээлийн самбарт болон вэб сайтад байрлуулах;
  • Иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол, санал ирүүлсэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох механизмыг бий болгох;
  • Иргэд, хуулийн этгээдэд хэрэгцээтэй, тэдэнд хамаарах шийдвэрээ нийтэд вэб сайт болон бусад хэлбэрээр мэдээлж байх;
  • Төрийн үйлчилгээний бүх төрлийн төлбөр, хураамжийг бодитой тогтоох, үндэслэлгүйгээр илүү болон нэмэгдэл төлбөр, хураамж авах асуудлыг таслан зогсоох;
  • Байгууллагын удирдлагын шийдвэртэй холбогдох материал, төсвийн зарцуулалт, албан хаагчийн мэдээлэл /хөрөнгө орлогын мэдүүлэг гэх мэт/ - ийг байгуулага бүр дотооддоо ил тод, нээлтэй болгох;
  • Иргэдийн хэрэгцээт мэдээллийг вэб сайтдаа тавих, тавьсан мэдээллээ байнга шинэчилж байх.

Үйл ажиллагаагаа нээлтэй байлгах талаар

  • үйл ажиллагааны нээлтэй байдлыг алдагдуулсан дүрэм, журмаа нягтлан үзэж өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээ авах;
  • Иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлж, иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хуульд заасан хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэн хариу өгөх;
  • Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа нь тухайн байгууллагын ажилтнуудад нээлтэй байх, шийдвэрийн үндэслэлийн талаарх мэдээллийг иргэд,хуулийн этгээдэд нээлттэй болгох;
  • Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд ил тод байдлыг хэрхэн хангасан талаар жил бүр тайлан гаргаж дүгнэж байх.

Үйл ажиллагаанд иргэдийн оролцох боломжийг бүрдүүлэх талаар

  • хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн байгууллагад иргэд чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх;
  • Иргэдээс мэдээлэл хүлээн авах утас ажиллуулах, эсхүл санал хүсэлтийн хайрцаг /дэвтэр/- ийг байгууллагад байрлуулан иргэдийн санал, хүсэлтийг авч, түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллах;
  • Төрийн байгуулага тодорхой чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн санал гомдлыг авч, анхаарал татаж байгаа мэдээллийг нээлтэй болгох;
  • Тухайн байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол олон нийтэд ил тод байлгаж, тэдгээртэй танилцах боломжоор хангах;
  • Байгуулагын ажилтнуудын ёс зүйн дүрмийг улам боловсронгуй болгож, тэр дундаа ямар ёс зүйг ажилтнууд сахих талаарх заалтуудыг иргэдэд нээлтэй болгох.