Авлигын эсрэг зохицуулалтын олон улсын төв байгуулахыг дэмжихээ Интерпол мэдэгдэв
Авлигын эсрэг олон улсын дээд түвшний уулзалтын арга хэмжээг Англи Улсын нийслэл Лондон хотод 2016 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Арга хэмжээг Английн Ерөнхий сайд Давид Камерон нээж үг хэлсний дараа Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Журген Сток “Авлига бол олон улсын хамтын тэмцэл шаардсан нийгмийн гаж үзэгдэл” гэж хэлсэн байна. Авлигатай тэмцэх сэдвээр болсон хэлэлцүүлгийн үеэр Интерполын дарга хууль сахиулах байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулахад учирдаг гурван саад бэрхшээлийг давах шаардлагатай гэж онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн ноён Сток дэлхийн 120 улс орны 200 гаруй мөрдөн байцаагч, прокурор нарыг холбосон өндөр түвшний авлигатай тэмцэх олон талт ажилд дэмжлэг үзүүлэх мэдээлэл солилцооны таатай орчныг бүрдүүлсэн “Интерпол-СтАР холбогчдын олон улсын сүлжээ”-ний талаар дурдлаа.
Нарийн бичгийн дарга Сток хэлэхдээ “Авлига нь зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм зэргийн суурь болж, улс төр, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал болон улс орнуудын нийгмийн аюулгүй байдлыг сулруулдаг. Хэдий зөв зорилготой боловч олон арван авлигатай тэмцэх байгууллагууд, санаачилга байгаа ч нэмэргүй юм. Иргэдийн халааснаас жил бүр авсан олон арван тэрбум долларыг урсган алга болгож буй авлигатай олон улсын хэмжээнд тэмцэхэд төр засаг, хууль сахиулах байгууллага болон хувийн хэвшлийн хамтын идэвх зүтгэл нэн шаардлагатай байна” гэв.
Хурлын үеэр Авлигын эсрэг зохицуулалтын олон улсын төв буюу IACCC-г байгуулахыг бүрэн дэмжихээ Интерполын дарга мэдэгдэж, 2017 оны 4 дүгээр сар гэхэд бүтэц, үйл ажиллагааг нь эхлүүлэхээ зарлалаа. Ноён Стокийн хэлснээр олон улсын хамтын ажиллагааны хүрээнд далд аргаар мэдээлэл солилцох, ажиглах, хэрэг удирдах үйл ажиллагааг явуулдаг жишгийг Авлигын эсрэг зохицуулалтын олон улсын төв бий болгон хэрэгжүүлж, түүний үйл ажиллагаанд хүний нөөцөөр дэмжихэд Интерпол бэлэн ажээ.
Одоогийн байдлаар 127 орны хүсэлтээр авлига, мөнгө угаасан хэрэгт холбогдсон 3500 хуулийн этгээд, иргэд Интерполын анхааралд байна.
Эх сурвалж: Интерпол байгууллагын цахим хуудас.
http://www.interpol.int/News-and-media/News/2016/N2016-060