Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах талаарх журмыг хянан үзэв
Авлигатай тэмцэх газраас 2015 онд хөдөө орон нутагт ажиллах явцад зарим аймгийн Засаг даргын шийдвэрээр цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогын 50 хувийн хөрөнгөнөөс цэргийн штабын ажилтнуудын томилолт, авто машины сэлбэг хэрэгсэл, компьютер, тоног төхөөрөмж худалдан авах, цэргийн алба хаагчдыг эргэх, генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх зэрэгт зарцуулж байсныг тогтоосон юм.
Үүний зэрэгцээ хууль тогтоомжоор эрх олгоогүй байхад цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогыг захиран зарцуулахтай холбоотой журмыг батлан мөрдүүлсэн тохиолдол гарч байгаа тул Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд Батлан хамгаалахын сайдын 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн а/260 дугаар тушаалаар баталсан “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулах журам”-ыг Авлигатай тэмцэх газар хянан үзлээ.
Батлан хамгаалахын сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Улсын Их Хурлын 33 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг тус тус зөрчин 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр дээрх журмыг баталсан байна. Иймд Авлигатай тэмцэх газраас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр уг журмыг хүчингүй болгох, Улсын Их Хурлын тогтоолд нийцүүлэх, энэ төрлийн журмыг аймаг, нийслэлийн Засаг даргаас давхардуулан журамлахгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг мэдэгдсэн.
Батлан хамгаалахын сайдаас дээрх журмыг хүчингүй болгож, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Засгийн газрын 215 дугаартай тогтоолоор “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журам”-ыг батлуулсан талаар хариуг ирүүллээ.