Орон нутагт авлигын талаарх 33 гомдол, мэдээлэл хүлээн авав /2008.11.23/
Авлигатай тэмцэх газар орон нутагт харьяа салбаргүй ч тус газрын албан хаагчид нь 12 000 км зам туулж, 21 аймаг, 19 суманд очиж ажиллаад ирэв.
Тэд нийт 1700 гаруй төрийн албан хаагчид авлигын хор хөнөөл, шалтгаан нөхцөл, авлигаас урьдчилан сэргийлэх арга зам болон хөрөнгө, орлогоо үнэн зөв гаргах, бүртгэх талаар сургалт сурталчилгааны цогц арга хэмжээг зохион байгуулсан байна.
Хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 900 гаруй ажил олгогч, бизнес эрхлэгч, тэдгээрийн төлөөлөлд зориулан төрийн үйлчилгээг авлига, хүнд сурталгүйгээр хүртэх талаар харилцан санал солилцож ярилцжээ. Түүнчлэн 2000 гаруй төрийн албан хаагч, 450 бизнес эрхлэгч, 2100 иргэнээс авлигын шалтгаан, нөхцөлийн талаар судалгаа авчээ.
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид мөрдөн шалгах үйл ажиллагааны чиглэлээр нийт орон нутгийн хэмжээнд авлигын талаарх 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, заримыг газар дээр нь хянан үзэж шийдвэрлэсэн байна. Авлига, албан тушаалын цөөнгүй гомдол, мэдээлэлд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.