Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Сахилга бат байцаах хорооны төлөөлөгчид танилцав
Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа БНХАУ-ын Коммунист намын хорооны байнгын гишүүн бөгөөд Өвөр Монголын өөртөө засах орны Сахилга бат байцаах хорооны дарга Жан Ли тэргүүтэй төлөөлөгчдийг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд хүлээн авч уулзав.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Өвөр Монголын өөртөө засах орны Сахилга бат байцаах хорооны гишүүн, нарийн бичгийн дарга Вэнь Шу Жун, Өвөр Монголын өөртөө засах орны Ардын байцаах хорооны дэд байцаагч Ян Вэй Пин, Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын намын хорооны байнгын гишүүн бөгөөд Сахилга бат байцаах хорооны орлогч дарга У Янь Ган, Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотын намын хорооны байнгын гишүүн бөгөөд Сахилга бат байцаах хорооны орлогч дарга Бо Жинь Ган нар багтжээ.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын авлигатай тэмцэх байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийн талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцов. Төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
БНХАУ-ын Коммунист намын Сахилга бат байцаах хороо нь Хятадын Коммунист намын гишүүдийн сахилга бат, ёс зүйн зөрчил дутагдалтай холбоотой асуудлыг хянан шалгах чиг үүрэгтэй ажилладаг юм байна.