May 03, 2016         3

Замын-Үүд дэх Гаалийн газарт авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил үүсэхэд нөлөөлж болох нөхцөл байдал байна

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгийн зүгээс Замын-Үүд дэх Гаалийн газарт албан тушаалын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхэд нөлөөлж болохуйц асуудлууд цөөнгүй байна гэж үзлээ. 

Тухайлбал, гаалийн улсын байцаагчийг бэлтгэх, дадлагажуулах нь хангалтгүй, төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийг зөвхөн 14 хоногийн дотор бэлтгэж байна. Түүнчлэн орон тооны хязгаарыг зөрчин цалин хөлсний асуудал нь төсөвт тусгагдаагүй байхад томилгоо хийж, цалин хөлс олгож байгаа ч үүнийгээ төсөвт тодотгол хийлгэх замаар залруулж байна. Тус газар одоо ч орон тооны илүүдэлтэй. Энэ нь төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг үзэж байна. Гаалийн улсын байцаагчийг томилох, сэлгэн ажиллуулах үйл явц шударга бус, хөндлөнгийн нөлөөлөл их байдаг. Өөрөөр хэлбэл, дарга солигдох бүрт томилгоо хийгддэг нь салбарын хүрээнд хэвийн үзэгдэл болжээ. 

Гаалийн төв, орон нутгийн байгууллагаас иргэн, үйлчлүүлэгч нарт бусад импортын барааны гаалийн үнийг тодорхойлдог хэлцлийн үнийн арга болон ямар тохиолдолд үйлчлүүлэгч хураамж багаар төлөх боломжтой, ямар бичиг баримтыг бүрдүүлсэн байх ёстой зэрэг асуудлаар сурталчилгаа, мэдээлэл өгдөггүй, уялдуулсан системийн код, тодорхойлолт, тодотгол зэргийн ил тод, нээлттэй байдлыг хангахгүй байгаа нь үйлчлүүлэгч өөрийн төлж буй хураамжийг хянах, хяналт тавих боломжийг олгохгүй байгаа төдийгүй гаалийн улсын байцаагч, ачаа тээвэрлэгч нарын дунд “зуучлагч буюу “зууч” бий болгох боломжийг бүрдүүлж байна. Энэ нь нэг талаас үйлчлүүлэгчийн бага хураамж төлөх сонирхол, нөгөө талаас гаалийн улсын байцаагчийн авлига, шан харамж авах сонирхолтой давхцдаг байхыг үгүйсгэхгүй. 

Авлигатай тэмцэх газраас Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллахад илэрсэн сөрөг үр дагавар бий болохуйц асуудлаар гаалийн төв болон орон нутгийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх, бусад Гаалийн газар, хороодод ажилласан тайлан, мэдээлэлтэй уялдуулан салбарын хэмжээнд зохион байгуулах цогц арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Замын-Үүд дэх Гаалийн газарт ажилласан ажлын хэсгийн тайлангийн хувийг Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэвт хүргүүлэв. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us