May 10, 2016         6

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний уулзалт боллоо

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газраас 2016 оны 4 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Зүүн Европ, Төв Азийн авлигатай тэмцэх байгууллагуудын төлөөлөл оролцсон Удирдах зөвлөлийн уулзалтыг Франц Улсын Парис хотод зохион байгууллаа. Энэхүү уулзалтад бүс нутгийн 24 улс, олон улсын 21 байгууллагын төлөөлөгч, шинжээчид оролцсон байна.

Энэхүү уулзалтын зорилго нь Авлигын эсрэг сүлжээний 2013-2015 онд бүс нутгийн авлигатай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх нэгдсэн тайлан, дүгнэлттэй танилцаж, 2016-2019 онд хэрэгжүүлэх Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний ажлын хөтөлбөрийг баталж, түүний хэрэгжилтийг хангах асуудлаар санал солилцсон байна. Мөн Авлигын эсрэг сүлжээнээс авч хэрэгжүүлдэг гол ажлын нэг болох бүс нутагт авлигын эсрэг шинэчлэлд үнэлгээ явуулах шинэ аргачлалыг хэлэлцэж батлав.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг сүлжээнээс хэрэгжүүлдэг үнэлгээний ажилд Монгол Улсын зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Тус сүлжээний үнэлгээ нь Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаа, эрх зүйн орчинд хөндлөнгийн мониторинг явуулж, цаашид авлигын эсрэг шнэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөмжийг гаргадаг байна. Одоогийн байдлаар Монгол Улс нь энэхүү үнэлгээний 2 болон 3 дахь удаагийн үнэлгээнд хамрагдаж, холбогдох зөвлөмжүүдийг хүлээн авч, тэдгээрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна. 

Дөрөвдүгээр шатны үнэлгээг хэрэгжүүлэх шинэ аргачлалд тухайн улсын тодорхой нэг салбарыг үнэлэхэд зориулж шинэ бүлэг нэмсэн нь өмнөх үнэлгээний аргачлалаас онцлогтой байв. Үнэлгээнд хамрагдах салбар (боловсрол, эрүүл мэнд гэх мэт)-ыг сонгохдоо тухайн улсын өгсөн мэдээлэлд үндэслэж, Авлигын эсрэг сүлжээнээс шийдвэрлэж байхаар болсон. 

Шинэ аргачлалын дагуу Монгол Улсыг үнэлэх ажил батлагдсан хуваарь ёсоор 2018 онд эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us