May 11, 2016         6

Хүүхдийн шударга байдлын судалгааны дүнг танилцууллаа

Авлигатай тэмцэх газраас “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г зургаа дахь удаагаа зохион байгуулж, дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ удаагийн судалгааг тусгай програм ашиглан цахим хэлбэрээр, 21 аймаг, 9 дүүргийн 7-11 дүгээр ангийн 1329 сурагчийг хамруулан явуулжээ.

Хүүхдийн шударга байдал ямар түвшинд байгааг тодорхойлох, цаашид хүүхдүүдийг шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих, шударга бус хандлагаас нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлийг тогтоох зорилготой уг судалгаагаар хүүхдийн шударга байдал 3.99 гэсэн дүнтэй гарсан байна. /Зургаар үзүүлэв/. 

iaacСудалгаагаар цуглуулсан мэдээлэлд үндэслэн Хүүхдийн шударга байдлын түвшинг 4 дэд үзүүлэлтийн хамт тооцож 1-5 хүртэлх оноогоор үнэлсэн бөгөөд уг үзүүлэлтийн утга 1 рүү ойртох тусам “шударга бус”, харин 5 руу дөхөх тусам “шударга” гэж ойлгоно. 

Судалгааны дүнгээс харахад хүүхдүүд авлигын талаар ойлголт муутай, зөв, бурууг ялгаж чадахгүйгээс шударга бус зүйлийг дэмжих, сургууль, эцэг, эхийн зүгээс гаргаж буй шударга бус хандлага, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийн бодлого нь хүүхдүүдийн ёс зүй, зан суртахууны байдалд сөргөөр нөлөөлж байна. Үүнийг ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгаатай холбон дүгнэж болох ажээ. 

Эцэг, эх нь хүүхэдтэйгээ шударга байх талаар байнга ярилцаж байх нь тэднийг шударга хандлага гаргахад эерэгээр нөлөөлдөг байна. Хүүхдээ шударга бус зүйл хийхэд эцэг, эхийн үзүүлэх хариу үйлдэл тэдний зөв төлөвшил, шударга байх эсэхэд шууд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ шударга бус зүйл хийснийг мэдсэн эцэг, эх хүүхэддээ болохгүй зүйл хийснийг нь ойлгуулж тайлбарласнаар тэднийг ирээдүйд зөв төлөвшилтэй, шударга иргэн болоход зохих нөлөө үзүүлдгийг судалгааны дүн харуулж байна. 

Хүүхдийн шударга байдлын түвшинд эерэгээр нөлөөлж байгаа өөр нэг үзүүлэлт бол тухайн хүүхдийг шударга хандсаных нь төлөө сайшаах, урамшуулах явдал юм. Эцэг, эх сургуулийн зүгээс хүүхдүүдийг шударга зүйл хийсэн бол байнга сайшааж, урамшуулж байх, тэдний ил тод, шударга байдлыг нэмэгдүүлэх зорилгоор шударга үйл хийсэн хүүхдүүдийг шалгаруулан урамшуулах, шагнах зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж, хамт олон, олон нийтэд мэдээлж байх шаардлагатай гэж үзэж байна. 

Судалгаагаар хүүхдүүдийн шударга байдлын ерөнхий үнэлгээ өссөн ч зарим үзүүлэлт анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, шударга бус явдалтай санал нийлсэн, эргэлзсэн, шударга хандлагад сөргөөр нөлөөлөхүйц хариулт өгсөн хүүхдүүдийн тоо жил бүрийн судалгаанд зохих хувийг эзэлсээр байна. Энэ нь тэдний шударга ёсны ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх, авлига, шударга бус явдлын хор хөнөөл, үр дагаврыг таниулах чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнд төдийлөн ахиц гараагүй, хангалттай үр нөлөө үзүүлж чадаагүйтэй холбоотой гэж дүгнэж болохоор ажээ. Иймээс хүүхдүүдийг ёс зүйтэй, шударга иргэн болгон хүмүүжүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр улсын хэмжээнд нэгдсэн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих механизмыг бүрдүүлэх, аливаа байгууллагаас гаргасан санал санаачилгыг дэмжиж хамтран ажиллах боломж нөхцөлөөр хангахад анхаарах нь зүйтэй гэж судалгааны багийнхан хэлж байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us