АТГ 2015 оны 8 дугаар сард: Авлига, албан тушаалын 73 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газар 2015 оны 8 дугаар сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авсан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 39 гомдол, мэдээллийг хянан үзэж, 8 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгав.
Өнгөрсөн сард тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн 73 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 14 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 5 хэргийг хэрэгсэхгүй болгох, 3 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлэв. Одоогийн байдлаар эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөрдөн байцаалт явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэрэг давамгайлж байна.
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ.