Хууль зөрчсөн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Авлигатай тэмцэх газраас явуулсан хяналт шалгалтын хүрээнд хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж байхдаа авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Г.Батцэцэг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой хүмүүсийг шууд удирдлагадаа авч ажиллуулсан, тэдэнд цалинг давхардуулж олгосон, мөн өөртөө болон дээрх хүмүүст жилийн эцсийн үр дүнгээр шагнал, цалинг илүү олгосон зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан байна. Мөн Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, түүнчлэн 1997 онд УБИС-ийг Урлал техникийн багш мэргэжлээр суралцаж төгссөн гэх хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж байгаа нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул Г.Батцэцэгт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлсэн юм.
Авлигатай тэмцэх газрын шаардлагын хариуд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэг Б/165 дугаар тушаалаар Г.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.