Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналтын бүсүүдэд ажиллажээ
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Замын-Үүд дэх Гаалийн газрын бүтэц, орон тоо, томилгоо, цалин хөлс, урамшуулал, ажлын хуваарь, үнийн судалгаа, сахилга, хариуцлагын асуудал, гаалийн газрын хяналтын бүс, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт зэрэгт үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллалаа.
Ийнхүү ажиллах үед, гаалийн улсын байцаагч, иргэн, үйлчлүүлэгч нартай уулзаж ярилцах явцад анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай хэд хэдэн асуудал байв. Тухайлбал, томилгоонд улс төрийн нөлөөлөл их, сургалт дадлагажуулалт, мэргэшүүлэх ажлыг сайтар хийхгүй бол төлөвшөөгүй, бэлтгэгдээгүй, туршлага чадваргүй хүмүүс томилогддог, ажил хэрэгч, шударга, зарчимч ажилтан олон байгаа ч өсч дэвжих, албан тушаал дэвших тогтолцоонд ноцтой гажуудал үүссэн байна.
Ажлын хэсгийнхэн тус гаалийн газрын хяналтын бүсүүдэд очиж, ажлын нөхцөл байдалтай танилцах үедээ ажиглалт хийжээ. Чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмжийн хяналтын хэсэгт ажиллаж буй байцаагч нарын хувьд рентген техникийн чиглэлээр нарийн мэргэшсэн боловч урьд өмнө нь өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүний нэр төрлийг өөрчлөн мэдүүлэх замаар мэдүүлгийн зөрчил гарч байсан удаатайг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэнд эх сурвалж мэдээлжээ.
Түүнчлэн суудлын тээврийн хэрэгслийн болон зорчигчийн гарах чиглэл, ачааны тээврийн хэрэгслийн орох, гарах чиглэл, төмөр замын рентгений хэсэг, Өртөө-2 хэсэг, “Э-транс” ХХК-ийн байр, МЧ-1, МЧ-2 хяналтын хэсэгт тус тус ажилласан байна.