Apr 13, 2016         3

Хууль тогтоомж зөрчсөн шийдвэрүүдийг хүчингүй болгуулав

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжаар томилогдсон ажлын хэсэг Дундговь аймагт ажиллах явцдаа Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд холбогдох хууль тогтоомж зөрчсөн зарим шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авав. 

Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/22 дугаар “Цэвэр усны төлбөр тогтоох тухай”, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/30 дугаар “ Хог хаягдлыг төлбөр тогтоох тухай” тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” заалтаар сумын ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байх тул дахин хянаж хууль тогтоомжид нийцүүлэх талаар зөвлөсний дагуу тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор дээрх 2 тогтоолыг хүчингүй болгосон байна. 

Мөн Хулд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 25 дугаар тогтоолоор түрээсийн хувь хэмжээ тогтоосныг тус сумын ИТХ-ын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18/02 дугаар тогтоолоор хүчингүй болгуулав. 

Луус сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Орон сууцны хураамжийг өөрчлөх тухай” А/13 дугаар захирамжаар төлбөр хураамж тогтоосон нь мөн холбогдох хуулийг зөрчсөн байх тул 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/18 дугаар захирамжаар хүчингүй болгож, уг асуудлаа сумын ИТХ-д хүргүүлсэн байна. 

Сайхан-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч Н.Баярмаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж нөхөр Б.Болдбаатарыг тус төвийн техникчийн ажлын байран дээр слесариар томилсон асуудлыг хянаж үзээд өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон шийдвэрийг нь хүчингүй болгуулав. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us