Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилготой тул дараах асуудалд онцгой ач холбогдол өгч, цаашид ч ийнхүү ажиллах юм. Үүнд:
- УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн өмнө үүсээд буй улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа үед АТГ-ын дарга гэнэт чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ба УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь уг хүсэлтийг хүлээн авч, улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар маш яаралтай шийдвэрлэх гэж буй нь цаг хугацааны хувьд хэт түргэдсэн үйл явц гэж үзээд анхааралтай ажиглаж байгаа болно.
- Өнгөрсөн хугацаанд АТГ хэнээс ч хараат бус ажиллах нөхцөлийг дордуулж болзошгүй хууль тогтоомжийн төсөл, өөрчлөлтийг УИХ-ын зарим гишүүд гэнэт санаачилж шийдвэр гаргуулахыг оролдож байсан нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой байж болох авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааг саатуулж зогсоох зорилготой гэж ойлгогдсон бөгөөд өнөөдөр, тэр тусмаа улс төрийн сонгууль хүртэлх хугацаанд авлигын эсрэг үйл ажиллагаанд хамаарах аливаа хууль, эрх зүйн акт баримт бичиг батлан гаргах, өөрчлөх асуудалд нэн хянамгай хандах, хэрвээ тийм төсөл, өөрчлөлтийг төлөвлөж боловсруулж байгаа бол иргэд, олон нийт, судлаачдын оролцоог хангах, тухайлбал Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхийг уриалж байна.
- Авлигын аливаа нэгэн хэлбэртэй тууштай тэмцэх, улмаар түүнийг Монголын нийгмээс арилгах улс төрийн хүсэл зориг гаргаж хэрэгжүүлэх талаар улс төрийн нам, эвсэл болон төрийн дээд удирлагуудаас ард иргэдийн өмнө амлалт авах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
- АТГ нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаандаа хууль дээдлэн хүний эрх, эрх чөлөөг бүрнээ хангаж байгаа эсэхэд илүү үр дүнтэй хөндлөнгийн хараат бус олон нийтийн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй юм. Нэн ялангуяа мөрдөн шалгаж буй тодорхой хэргийн явцтай газар дээр нь танилцах, АТГ-ын нийт бие бүрэлдэхүүн нь ёс зүйн дүрмээ чанд сахиж, журам тогтоосон холбогдох эрх зүйн актуудын хэрэгжилтийн явцад үнэлгээ дүгнэлт өгдөг тогтолцоог хэвшүүлэх шаардлагатай байна.
- Одоогийн байдлаар АТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар ард иргэд хэрхэн дүгнэн цэгнэж байгаа, тэдний санал бодлыг АТГ-ын удирдлагад хэрхэн үр ашигтай уламжлан хүргэх, үйл ажиллагаанд хамаарах нууцыг задруулахгүйгээр холбогдох мэдээллийг үнэн зөв байдлаар тайлбарлан таниулж, авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй татан оролцуулж, улмаар АТГ нь хуулийг дээдлэн, ил тод, нээлттэй, хариуцлагатай ажиллах нь юунаас ч илүү чухал байна.
2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот