Боловсролын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газраас томилогдсон ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авлигын эсрэг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх, салбарын болон байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагаас явуулсан судалгаа, шинжилгээний дүнгийн мөрөөр зохих арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх зорилгоор боловсролын салбарт ажиллаж байна.
Хөндлөнгийн шинжээчдийн багаас хийсэн “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагаа”-ны 2015 оны үнэлгээгээр Боловсролын яам, төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2014 оны судалгааны үр дүнгээр боловсролын байгууллагын шударга байдлын түвшиний үнэлгээ тус тус буурсантай холбоотойгоор тус газраас Азийн сангийн төслийн дэмжлэгтэйгээр “Боловсролын салбар дахь авлигын эрсдэлийн судалгаа” явуулах ажлын эхлэлийг тавиад байна.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар өнөөдөр уулзаж, хамтран хэрэгжүүлэх ажлын зорилго, чиглэлийн талаар харилцан ярилцав.
Авлигатай тэмцэх газар 2016 онд боловсролын салбарыг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөлд тус яамнаас хэрэгжүүлэх ажлын саналыг тусгахаар тогтлоо.