“Шударга нийгмийн төлөө хамтдаа” хөтөлбөрийг үргэлжлүүлж байна
Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлж байна. Энэ удаад “Зориг сан” төрийн бус байгууллагаас орон нутгийн залуусын хөгжлийг дэмжих зорилгоор зарласан “Орон нутгийн залуу манлайлал хөтөлбөр”-т хамрагдаж буй 22 залуу мэргэжилтнийг сургалтад хамрууллаа. Сургалтад хамрагдсан оюутан залууст авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний шалтгаан хор хөнөөлийн талаар ойлголт, мэдлэг олгохын зэрэгцээ авлигатай тэмцэх байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцах боломжийг олгодог. Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас хийдэг Авлигын индекс, Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл, Хүүхдийн шударга байдлын үнэлгээ зэрэг судалгааны талаар мэдээлэл авах боломжтой юм.
Авлигатай тэмцэх газар сургалтыг сар бүр тогтмол зохион байгуулах бөгөөд цаашид уг хөтөлбөрийг улам сайжруулан оюутан, залууст чиглэсэн тогтмол үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан залуус, анги хамт олон, сургалтыг зохион байгуулах, хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, иргэд холбогдох мэдээллийг холбоосноос үзэх боломжтой.
Хөтөлбөрийн дагуу анхны сургалтыг 2015 оны 6 дугаар сард “Зориг сан” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, “Ардчилал” зуны сургалтад хамрагдаж буй оюутан залуусыг оролцуулсан билээ.