Авлигатай тэмцэх газар шударга ёсны манлайлагчдыг тодруулав /2008.12.09/
Авлигатай тэмцэх газар Монголд анх удаа “Шударга ёсны шагнал”-ыг бий болгож, Авлигатай тэмцэх дэлхий нийтийн өдрөөр гардууллаа. Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх чиг үүрэгтэй байгууллагууд “Шударга ёсны шагнал”-ыг улс орондоо зохион байгуулдаг юм байна.
Таван жилийн өмнө яг энэ өдөр Авилгалын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын Конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулсан. Улс орнуудын өндөр албан тушаалтнуудын гарын үсгээ зурсан 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигатай тэмцэх дэлхий нийтийн өдөр хэмээн Нэгдсэн Үндэстний Байгууллага албан ёсоор тунхагласан билээ. Монгол Улсын хувьд энэхүү Конвенцийг 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэгдэн орж соёрхон баталсан юм. Ингэснээр Монгол Улс авлигын эсрэг дэлхий нийтийн үйл хэрэгт алхаа нийлүүлэх болов. Хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг дэлхий нийтийн өдрийг албан ёсоор өргөн хүрээнд хоёр дахь удаагаа тэмдэглэж байгаа нь энэ юм.
Монголын өнөөгийн нийгэмд үнэлэгдэхгүй, дурсагдахгүй байгаа шударга ёсыг дэлгэрүүлье гэсэн үүднээс “Шударга ёс-2008” ёслолын арга хэмжээг зохион байгуулж байна. “Манай нийгэм бүхэлдээ хар бараан биш ээ, бас сайн сайхан гэрэл гэгээтэй зүйлүүд олон байгаа. Сайныг нь түгээн дэлгэрүүлж, муугийнх нь эсрэг тэмцэх нь бидний үүрэг билээ” гэж Авлигатай тэмцэх газрын дарга, ноён Ч.Сангарагчаа хэллээ.
“Шударга ёс” гэхээр бид төгс төгөлдөр шударга ёсны түвшингийн тухай хэлж байгаа юм биш, харин нийгэмд байгаа шударга бус явдлын хурдыг сааруулах үүднээс, бага сагаар гялсхийж байгаа цогийг гал болгон бадраая гэсэн санаагаар өнөөгийн Монголд оршин байгаа шударга ёсны манлайлагчаа дэмжиж байгаа юм. Өнөөдөртөө нэг, хоёр байгаа боловч цааш цаашдаа нэгийг арав, арвыг зуу, зууг мянга болгохын төлөө ажиллана гэж Авлигатай тэмцэх газрын дарга онцлон тэмдэглэж байна.
Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажилласан хугацаанд төрийн байгууллага, иргэд, олон нийтэд хандсан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулсны үр дүнд 2008 оны шударга ёсны манлайлагч нараа тодруулав.
“Шударга ёсны шагнал-2008”-ын
- “Шударга ёсны элч” шагналаар Санжаасүрэнгийн Зориг
- “Шударга үнэний дуу хоолой” шагналаар “Ийгл” телевиз
- “Авлигаас татгалзсан хамт олон” шагналаар Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
- “Олон нийтийн манлайлал” шагналаар Өвөрхангай аймгийн “Орон нутгийн санаачилга” төрийн бус байгууллага тус тус шалгарлаа.