Хөдөлмөрийн яамны зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар хандав
Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийн дагуу Хөдөлмөрийн яамны хэмжээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, тайлан мэдээний үнэн бодит байдлыг хангах зорилгоор холбогдох хяналт шалгалтыг явууллаа.
Шалгалтаар Хөдөлмөрийн яамны хэмжээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах Үнэлгээний хороонд ажилласан нийт 61 гишүүнээс 15 нь “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар”-ыг гаргаагүй, мөн нийтийн албан томилогдохоор нэр дэвшсэн 44 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тухайн албан тушаалд томилсны дараа хянуулсан, 3 албан тушаалтны урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн төдийгүй зарим албан тушаалтнууд хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй зөрчил тогтоогдсон байна.
Иймд Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллах, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогтод албан бичиг хүргүүлэв.