Гадаад мэдээний тойм
Авлигын улмаас Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан бразилчууд жагсав
Бразил. Латин Америкийн хамгийн том улс Бразилд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсоор байна. Авлигын улмаас иргэдийн итгэл буурч, Ерөнхийлөгч Дилма Руссэффийг огцрохыг шаардаж байгаа ажээ. Жагсагчид төрийн дууллаа дуулан тайван замаар жагсч байна. Энэ нь Дилма Руссэффийг эсэргүүцсэн 3 дахь удаагийн жагсаал бөгөөд өмнө нь энэ оны 3, 4 дүгээр сард болж байжээ.
“Бидний зорилго бол Бразилийг өөрчлөх. Конгресс үүнд анхаарал хандуулахгүй бол тэднийг ч мөн буруутгах болно” хэмээн жагсаалыг зохион байгуулагчдын нэг болох “Vem Pra Rua” хөдөлгөөний тэргүүн Рожерио хэлэв. Зүүний чиглэлийн буюу Ажилтны намын гишүүн асан Ерөнхийлөгч Руссэфф албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ илэрхийлэн, жагсаал зохион байгуулагчдыг төрийн эргэлт хийх оролдлого хийж байгаатай адилтган үзэж байгаа юм. Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа үндэслэл нь Руссэффийн Ажилтны намын өндөр албан тушаал бүхий цөөн бус гишүүд тус улсын төрийн өмчид газрын тосны компани болох “Petrobras”-ийн хэрэгт холбогдсонтой холбоотой юм. Өөрөөр хэлбэл, прокуроруудын шалгаж буй уг хэрэгт одоогийн Ерөнхийлөгч шууд бусаар оролцсон гэж жагсагчид үзэж байна.
Оросын армийн командлагч асан авлигын хэргээр 5 жилийн ял авлаа
ОХУ. Москва дахь Оросын армийн шүүхээс ОХУ-ын Хуурай замын зэвсэгт хүчний командлагч асан Владимир Чиркинийг хээл хахууль авсан хэрэгт буруутган 5 жилийн ял ногдуулсан болохыг тус шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
59 настай Чиркин нь 2012 оны 4 дүгээр сараас эхлэн 2013 оны сүүлээр авлигын хэрэгт буруутгагдах хүртлээ Хуурай замын зэвсэгт хүчнийг тэргүүлж байсан билээ. Чиркин нь Оросын армиас авлигын хэрэгт холбогдсон хамгийн өндөр албан тушаалтан болоод байна. Батлан хамгаалах яамнаас орон сууц авахыг хүссэн нэгэн офицероос 2008 онд 450000 рубль (тухайн үедээ 20000 ам.доллар) авсан хэмээн түүнийг прокурорууд буруутгаж байсан юм. Чиркинд хахууль өгсөн офицер уг мөнгийг өгсний дараагаар яамнаас авсан байрандаа нүүж орох гэсэн боловч тухайн байранд аль хэдийн өөр гэр бүл амьдарч байсан бөгөөд энэ талаар прокуроруудад офицер гомдол гаргажээ. Москва дахь армийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Мицукийн хэлснээр шүүх түүнийг буруутай болохыг тогтоож, чанга дэглэмтэй шоронд 5 жил хорих ял ногдуулсан байна. Чиркин бол Чечень дэх Оросын дайнд командлагчаар оролцож байсан мэргэжлийн цэргийн хүн бөгөөд 2013 оны 5 дугаар сард Улаан талбайд болсон Ялалтын баярын жагсаалыг ч удирдаж байсан хүн юм.
АНУ-ын визийн асуудал хариуцаж байсан ажилтан ял авчээ
АНУ. Вьетнам дахь АНУ-ын Консулын визийн асуудал хариуцаж байсан Мишэль Т.Шестак вьетнамчуудад виз олгохдоо нийтдээ 3 сая гаруй ам.долларын хээл хахууль авсан хэргийн улмаас 5 жил 4 сарын хорих ял авчээ. 2013 оны 11 дүгээр сард хийсэн хяналт шалгалтын үеэр АНУ-д аялах цагаачлалын бус виз мэдүүлсэн 500 орчим иргэнээс хээл хахууль авсан болох нь тогтоогдсон юм.
Прокуроруудын үзэж байснаар Шестак нь уг үйл ажиллагаанаасаа нийтдээ 3 сая гаруй ам.долларыг олсон бөгөөд эдгээр мөнгөө Хятад, Тайландаар дамжуулан угаасан аж. Шестак нь 2010 оны 8 дугаар сараас 2012 оны 9 дүгээр сарын хооронд Вьетнамын Хо Ши Мин хот дахь АНУ-ын Консулын Цагаачлалын бус визийн асуудлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд виз мэдүүлэгчдээс хээл хахуульд 15000-70000 ам.доллар авч байсан нь тогтоогдсон байна.
Авлигын олон зуун гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлнэ
Индонез. Индонезийн тусгаар тогтнолын өдрөөр шоронд ял эдэлж буй авлигын олон зуун гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлэхээр болсноо Хууль, хүний эрхийн яамнаас мэдэгдлээ. Ялаа хөнгөрүүлж буй гэмт хэрэгтнүүдийн дунд зард гарсан татварын ажилтан асан Гаус Тамбунан, Ардчилсан намын Санхүүгийн асуудал хариуцсан дарга асан М.Назаруддин зэрэг олон тооны хүн багтаж байгаа аж.
Засгийн газраас 2786 гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлэхээс болсны 1938 нь авлигын гэмт хэрэгтэн байгаа хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч Акбар Хади мэдэгдэв. Үүнээс гадна нэмэлт байдлаар үнэлгээ хийлгэх шаардлагатай байсан авлигын 848 гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлээгүй байгаа гэж мөн мэдэгджээ. Ялаа хөнгөрүүлээгүй байгаа 848 гэмт хэрэгтний тоонд Ардчилсан намын гишүүн асан Анжелина Сондах, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Акил Мочтар, Вантен мужийн захирагч Рату Атут Чосияах нар багтаж байгаа юм.
Засгийн газрын тогтоолд зааснаар ял эдэлж буй гэмт хэрэгтэн торгуулиа бүрэн төлсөн, хохирлыг бүрэн барагдуулсан, шүүх хуралдаанд дэмжлэг үзүүлсэн бол ялыг хөнгөрүүлэх боломж бүрдэнэ гэж заасан байдаг. Тус яам нь бүх насаараа хоригдох, эсхүл цаазаар авах ял шийтгүүлсэн, шоронгоос оргосон гэмт хэрэгтнүүдээс бусад гэмт хэрэгтнүүдийн ялыг 10 жилд нэг удаа хөнгөрүүлэх шийдвэр гаргах боломжтой байдаг. Харин Авлигыг устгах хорооны комиссар Жон Будигийн үзэж байгаагаар авлига зэрэг тусгай, онцлог шинж чанар бүхий гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн ялыг хөнгөрүүлэх шаардлага, нөхцөлийг улам бүр чанга болгох ёстой аж. Хэрвээ авлигын гэмт хэрэгтнүүдийн ял хөнгөрүүлэх шаардлага, нөхцөлийг бусад гэмт хэрэгтнүүдийнхтэй адил хэмжээнд авч үзвэл авлигыг устгах үйл ажиллагаанд ашиглаж буй таслан зогсоох арга амжилтгүй болоход хүрнэ хэмээн “The Jakarta Post” сонинд ярилцлага өгөхдөө Жон Буди дурджээ.