Эрүүл мэндийн салбар дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалтыг зохион байгуулав
Авлигатай тэмцэх газраас 2, 3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагын дарга, хуульч, санхүү хариуцсан албан хаагчдын дунд эрүүл мэндийн салбар дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газраас гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2012, 2014 оны судалгаагаар эрүүл мэндийн салбар бусад төрийн байгууллагуудын дунджаас доогуур үнэлгээ авсан бөгөөд Азийн сангийн санхүүжилтээр хийсэн “Эрүүл мэндийн салбарын авлигын нөхцөл байдлын судалгаа”-гаар 2, 3 дугаар шатлалын эмнэлгүүд авлига, ашиг сонирхлын зөрчилд илүү өртөх эрсдэл өндөртэйд тооцогдсон юм. Тус салбарын ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэг бүрчилсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөө өгөх, авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулиудыг удирдлага болгон ажиллах шаардлага гарсан.
Иймээс Авлигатай тэмцэх газар 2015 онд улсын гуравдугаар шатлалын 4 эмнэлэг буюу Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, хоёрдугаар шатлалын 3 эмнэлэг нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаатай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан уг уулзалтаар эрүүл мэндийн байгууллагуудад 2015 онд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд, хүндрэл бэрхшээл, зөрчил дутагдлыг цаашид дахин гаргахгүй байх, сайн туршлага, хүрсэн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Уулзалтыг нээж Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг нар үг хэлсэн бөгөөд уулзалтад оролцогчдын зүгээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн давхар ажил эрхлэлттэй холбоотой асуудлуудыг хууль, эрх зүйн хувьд нэг мөр болгоход хамтарч ажиллах шаардлагатайг илэрхийлж байв.