Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн албан ёсны дүн мэдээ гарав
Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж төрийн захиргааны болон нутгийн захиргааны 109 байгууллагаас ирүүлсэн тайлан, бүртгэлийг Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу нэгтгэж албан ёсны дүн мэдээг гаргалаа.
Улсын хэмжээнд 39853 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 39850 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаандаа 39848 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 2 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 3 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэв, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Гэрэлт-Од нар мэдүүлгээ гаргаж өгөөгүй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, хүний нөөцийн газрын дарга А.Ундрах хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлгээ бүртгүүлсэн байна.
Авлигатай тэмцэх газар мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 277 албан тушаалтнаас тухайн албан үүргээ гүйцэтгэж байгаа 269 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд 100 хувь шинэчлэн мэдүүлсэн байна.
Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд 2015 оны сүүлээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотой зарим төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийгдэж, халаа сэлгээ ихээхэн гарсан болон мэдүүлгээ шинэчлэн гаргах хуулийн хугацаанд сар шинийн баярын амралтын өдрүүд давхцаж мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд багагүй хүндрэл бэрхшээл үүссэн бөгөөд тухай бүрт нь холбогдох арга хэмжээ авч ажиллалаа.
2015 оны мэдүүлгээ шинэчлэн гаргасан мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын ангилал, зэрэглэлийг судлан үзэхэд нийт мэдүүлэг гаргагчдын 12181 буюу 30,5 хувь нь төрийн захиргааны албан тушаалтан, 12047 буюу 30,2 хувь нь төрийн тусгай албан тушаалтан, 7515 буюу 18,8 хувь нь улс төрийн албан тушаалтан, 4226 буюу 10,6 хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалтан, 269 буюу 0,7 хувь нь төрийн өндөр албан тушаалтан, 3612 буюу 9,2 хувь нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон бусад албан тушаалтан байна.
Тайлан, мэдээнд дурдагдсан хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж өгөөгүй болон хугацаа хожимдуулж мэдүүлсэн албан тушаалтнуудад Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулан ажиллах болно.