Ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй Л.Даваапилийг нийтийн албаны удирдах албан тушаалд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл
Авлигатай тэмцэх газар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн Л.Даваапилийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тогтоосон байтал одоог хүртэл уг албан тушаалд ажиллуулсаар байна.
Авлигатай тэмцэх газраас 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллах тухай албан бичиг хүргүүлсэн байхад УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б-I-134 дүгээр тушаалаар Л.Даваапилийг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл тул 08 дугаар сарын 25-ны өдөр мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах талаар дахин албан бичиг хүргүүлсэн боловч үл хэрэгссээр байна.
Л.Даваапил нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн. Улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй Л.Даваапилийг нийтийн албаны удирдах албан тушаалд томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” -ыг үүсгэж байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийг зөрчиж томилгоо хийсэн УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарт мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т зааснаар хариуцлага тооцож, Л.Даваапилийг томилсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар 2016 оны 03 дугаар сарын 21-ний дотор хариу ирүүлэхийг хүссэн албан бичгийг Зам тээврийн сайд М.Зоригтод хүргүүллээ.