Feb 08, 2016         3

МЭНДЧИЛГЭЭ

Арвандолдугаар жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл билгийн мэнд дэвшүүлэн айлтгая. 

Улиран одож буй хонин жилийг Авлигатай тэмцэх газрын хамт олон ажил үйлсийн арвин бүтээлтэй үдэж байна. Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгад нэгдсэн бүс нутгийн 31 улсын авлигатай тэмцэх байгууллагуудын төлөөлөгчид оролцсон олон улсын хурлыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг бүс нутагтаа загвар болж байна хэмээн үнэлсэн. Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөнөөс танилцуулсан авлигын төсөөллийн индексийн дүнгээр манай улс 168 орноос 39 оноогоор 72 дугаар байрт жагсч, өмнөх оныхоос 8 байр ахисан байна. Энэ бүхэн Монгол Улсын төр, засгаас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагаа болон Авлигатай тэмцэх газрын хамт олны хичээл, зүтгэлийн үр дүн билээ. 

Морилон ирж буй бичин жилдээ авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянан шалгах, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр өмнөхөөс улам бүр хичээн зүтгэж ажиллахаа илэрхийлж байна. 

Эрхэм Танд гал бичин жилдээ эрүүл энхийн хишигтэй, эв найрын даллагатай, элэг бүтэн заяатай, энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй, элбэрэл журмын андгайтай, элбэг буяны үйлстэй явахын энх мэндийн ерөөлийг өргөн дэвшүүлье. 
Азай буурлуудаа хүндлэн золгож, амар мэндээ айлтган хэлэлцэж, айл хотлоороо амгалан сайхан шинэлээрэй. 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА,
ТЭРГҮҮН КОМИССАР НАВААНСҮРЭНГИЙН ГАНБОЛД 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us