Sep 02, 2015         11

“Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталлаа

Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад хяналт тавих, төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор хэрэгжүүлж буй “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталлаа. 

Энэхүү аргачлалыг БНСУ-ын Авлигатай тэмцэх ба хүний эрхийн хорооны Авлигын эсрэг санал, санаачилгын үнэлгээ, Авлигын эсрэг өрсөлдөх чадварын үнэлгээний арга зүйд тулгуурлан Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж боловсруулсан бөгөөд 2013 онд туршилтын журмаар хэрэгжүүлж, 2014 онд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар батлуулан ажилласан юм.

Шинэчлэн боловсруулсан энэхүү аргачлалд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх шалгуурыг төрийн захиргааны байгууллагаас тусад нь боловсруулсан, Шилэн дансны тухай хууль хэрэгжиж буйтай холбогдуулан төрийн байгууллагуудын төсөв, санхүүгийн ил тод байдалтай холбоотой шалгуурыг нэмж тусгасан зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ. 

Аргачлалын дагуу жил бүр үнэлгээ хийх нь төрийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээрх аливаа санал санаачилгыг дэлгэрүүлэхэд дэмжлэг болох төдийгүй өмнөх үнэлгээний дүнтэй харьцуулалт хийх, үйл ажиллагаагаа төлөвлөх, цаашид авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн тусгайлсан арга хэмжээ авахад ач холбогдолтой юм. 

Шинэчлэн баталсан аргачлалыг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us