Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа эрүүгийн 45 хэрэг өршөөлд хамрагдахаар байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст одоогийн байдлаар эрүүгийн 55 хэрэг шалгагдаж байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж байна. Эдгээрээс 45 хэрэг нь Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.
Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгасан байх ба үүнд зөвхөн Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хээл хахууль зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ. Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгагдсан байна.
Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдаж буй эрүүгийн 45 хэргийн улмаас улсад учирсан хохирлын нийт хэмжээ 12 тэрбум 243 сая төгрөг байна. Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох юм.