Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд илэрсэн зөрчил арилгуулах албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн төв болон зарим сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа.
Ажлын хэсэг Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрүүдийг хянан үзэхэд хуулиар олгогдоогүй эрх хэрэгжүүлсэн, ялангуяа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр зохицуулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр зохицуулж байгаа нь нийтээр дагаж мөрдөх аливаа шийдвэр гаргах явц ил тод нээлттэй байх, олон талын оролцоог ханган хэлэлцүүлдэг байх зарчмыг алдагдуулж цаашлаад ашиг сонирхлын зөрчил бүхий дутагдал илэрсэн байна. Үүнд:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “ Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ олгох журмыг нь аймаг, нийслэлийн хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана.” гэж заасан байх ба Хурлын Тэргүүлэгчдэд тусгайлан урамшуулал олгох тухай хуульд тусгаагүй, шийдвэр гаргах бүрэн эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагдаж байна. Гэтэл Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 17 дугаар “Журам батлах тухай”, 2010 оны 57 дугаар “ Төлөөлөгчдөд урамшуулал олгох журам батлах тухай” тогтоолуудыг үндэслэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2014 оны 33, 54, 82 дугаар захирамжуудаар Тэргүүлэгчдэд, 2014 оны 32, 81 дугаар тогтоолуудаар Хурлын төлөөлөгчдөд тус бүр урамшуулал олгохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг нарын 11 Тэргүүлэгч гишүүдэд давхардуулан олгосон, энэхүү урамшууллын талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ганбаатар ХАСХОМ-тээ хуулийн дагуу мэдүүлээгүй зэрэг зөрчил нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 -д “албан тушаалын байдлаа ашиглан ... давуу эрх эдлэх..”, 10 дугаар зүйлийн 10.2-д “Мэдүүлэг гаргагч нь өөрийн ... орлого, ... үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг;
2. Аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Ж.Зоригтбаатар аймгийн иргэдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн Өмчийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу төрийн захиргааны албан тушаалын /ТЗ-9-3/ -ыг эрхэлж буй нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд дээрх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хууль зөрчсөн тогтоолуудыг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, хүчингүй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг шийдвэрүүдийн хамт 2015 оны 08 дугаар сарын 20-ны дотор тус газарт ирүүлэхийг албан бичгээр мэдэгдлээ.