Авлигатай тэмцэх газар энэ оны эхний хагас жилд хийсэн ажлаа мэдээлэв
Авлигатай тэмцэх газар ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулав. Хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг оролцож, тус газраас 2015 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар мэдээллээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр “2014 оны хөндлөнгийн шинжээчдийн багаас өгсөн үнэлгээнд үндэслэн Булган аймгийн 17 сум, Говь-Алтай, Увс, Ховд аймгуудын 28 сум, түүнчлэн Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хүүхдийн төлөө үндэсний газар, Оюуны өмчийн газар, Архивын ерөнхий газарт тус тус ажиллаж, илрүүлсэн нийтлэг зөрчил дутагдлыг засч залруулах, санал дүгнэлтийг холбогдох газарт нь уламжлах зэрэг арга хэмжээг авч ажиллалаа. Дээрх байгууллагуудад өөртөө урамшуулал олгох шийдвэр гаргадаг, хууль тогтоомжид заасан мэдээллийн ил тод байдал хангалтгүй, худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа оролцогч байхгүй гэдгээр шалтгаалан шууд гэрээ байгуулдаг, олон нийтийн оролцооны аргаар хийх ажилд иргэдийн бүлгийг сумын Засаг даргын захирамжаар байгуулдаг, иргэдийн бүлэг нь ихэвчлэн ИТХ-ын төлөөлөгч байдаг, сонгон шалгаруулалтад орж ялсан хуулийн этгээд мөн албан тушаалтнуудтай шууд болон шууд бусаар холбоотой, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулдаг, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна. Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлттэй холбогдуулан нийт 12938 нийтийн албан тушаалтанд сургалт хийгээд байгаа”-г мэдээлэв.
Түүнчлэн “Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлжээ. Нийт мэдүүлэг гаргагчийн 15970 буюу 41.56 хувь нь Улаанбаатар хотод, 22453 буюу 58. 44 хувь нь орон нутагт байна. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилогдсон нийт 436 албан тушаалтан байгаа бөгөөд тэдний урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн материалыг хүлээн аваад байна. 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 322 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. 2015 онд хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын мөрөөр 41 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар, хууль тогтоомж зөрчсөн 56 зөрчлийг арилгуулахаар, гэмт хэргийн шинжтэй 6 гомдлыг шалгуулахаар шийдвэрлэсэн нь чанарын хувьд дээшилсэн бөгөөд зөрчил гаргасан нийт 180 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулсан байна. Зөрчил гаргасан албан тушаалтнуудад түүнийг удирдах албан тушаалтан нь дийлэнхдээ Сануулах сахилгын шийтгэл оногдуулжээ. Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 208 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас тайлант хугацаанд 180 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд одоо 28 өргөдөл, гомдол, мэдээлэл ажиллагаанд хянагдаж байна. Хүлээн авсан өргөдөл, гомдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 19,5 хувиар, хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол нь 34,3 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь Авлигатай тэмцэх газарт хандах олон нийтийн итгэл буураагүй байгаагийн илрэл гэж үзэж болох ажээ.
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг цааш мэдээлэхдээ “2015 оны эхний хагас жилийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 603 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 238 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна” гэв. Өмнөх оны үлдэгдэл бүхий нийт 250 гомдол, мэдээллийг энэ оны эхний хагас жилд АТГ-ын МШХ хянан үзсэнээс 50 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин 147 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 31 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 91.8 хувьтай байгаа аж.
Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл төрийн улс төрийн албанд хамаарах 56, төрийн захиргааны албанд хамаарах 105, төрийн тусгай албанд хамаарах 34, төрийн үйлчилгээний албанд хамаарах 31, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хамаарах 13, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 3, улс төрийн намын үйл ажиллагаанд хамаарах 1, бусад 7 гомдол, мэдээлэл байна. АТГ 2015 оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 232 үйлдэл, 211 холбогдогчтой 156 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 101 бүртгэгджээ. Энэ нь хамгийн өндөр хувь болж байна. Түүнчлэн төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 37, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 26, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 14, хээл хахууль авах 74, хээл хахууль өгөх 47, хээл хахуульд зуучлах 9, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 12, мөнгө угаах 5, хууль бусаар хөрөнгөжих 7, бусад хэрэг 65 /татвараас зайлсхийх 7, бусдын эд хөрөнгийг завших 39, залилан мэхлэх 8, албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэх 1, албан үүрэгтээ хайнга хандах 1, эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байх 1, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 3, нотлох баримт хуурамчаар үйлдэх 3, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх 2/ байна.
“Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 32 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 25 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 20 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 13 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 16 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэжээ. Одоогийн байдлаар 49 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдээллээ. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 оны эхний хагас жилд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, ИХШХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Баянхонгор аймгийн Заг сумын засаг дарга Э.Мөнхбаяр нарын зэрэг 37 хүнд холбогдох эрүүгийн 12 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Мөрдөн шалгасан нийт хэргээс 93 хэргийг буюу 60 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 39.7 хувьтай байна. АТГ-ын 1 мөрдөн байцаагч 9.6 гомдол, мэдээлэл, 5.9 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 30 тэрбум 984.3 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 577.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 8 тэрбум 156.9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна. АТГ орон нутагт салбар, бүтцийн нэгжгүй тул төвөөс ажилтан, албан хаагчдаа томилж орон нутагт ажиллуулдаг. Энэ оны эхний хагас жилд давхардсан тоогоор АТГ-ын 115 албан хаагч хөдөө орон нутагт 659 хоног ажилласан талаар мэдээллээ.
АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагийг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид түүнээс сонирхсон асуултдаа хариулт авав.
-АТГ Алтанхуяг гишүүний боловсруулсан хуулийн төслийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
-УИХ-ын гишүүн Алтанхуягийн санаачлан өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, эдгээр хуулиудыг дагалдан гарах УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар хүсэлтээ ирүүлсний дагуу АТГ-аас тодорхой саналаа гарган хүргүүлсэн. Одоогийн байдлаар дээрх хуулийн төслийг УИХ хэлэлцэх шатандаа байгаа тул АТГ-т одоогоор ямар нэгэн илүү дутуу санал, тайлбар, дүгнэлт хэлэх шаардлага байхгүй.
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан юм уу?
-Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар биш УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгахаар заасан. Өөрөөр хэлбэл АТГ УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалтын ямар нэг ажиллагаа хийгээгүй, хянаж шалгах эрхтэй субъект нь ч биш юм. Харин хөрөнгө, орлогын мэдүүлэг нь зөрчилтэй байж болзошгүй асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд мэдэгдсэн байгаа.
-Н.Алтанхуяг гишүүн үзлэг нэгжлэг хийх үед саад учруулсан гэсэн мэдээлэл яваад байгаа?
-“Алтан тэнгэр” компанийн захирал Самбууд холбогдох үйлдлийг шалгах явцад прокурорын байгууллага болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрөлтэй хийгдэж байгаа үзлэг нэгжлэгийн үеэр УИХ-ын гишүүн Алтанхуяг хүрэлцэн ирж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах гэж оролдсон. Энэ асуудлыг АТГ цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа.
-Ерөнхийлөгч асан П.Очирбатын ХОМ-ийг шалгаж байна гэсэн. Одоо юу болж байна?
-УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Хос дэнс” ТББ-ын тэргүүн Гантамир нарын гомдлын дагуу ҮХЦ-ийн гишүүн Очирбатын ХОМ-ийг хуульд заасан хугацаанд шалгаад хариуг дээрх албан тушаалтнуудад өгсөн. Хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломж байхгүй.
-Санжийн Баярыг шалгасан асуудал юу болов?
-УИХ-ын гишүүн Г.Уянгын АТГ-т хандсаны дагуу Санжийн Баярт холбогдох асуудлыг шалгаад хариуг УИХ-ын гишүүн Г.Уянгад хүргүүлсэн. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Дэнзэнгийн хэрэг юу болж байгаа вэ?
-Г.Дэнзэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа.
-Танайхыг прокуророос шалгасан. Яагаад шалгаж байгаа юм бол?
-АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн. Энэ бол хийж байдаг энгийн нэг шалгалт. Өмнө нь хийж байсан, одоо хийж байгаа, цаашид ч хийх тийм л шалгалт. АТГ-ын мөрдөн шалгах үйл ажиллагааг прокурор хянадаг. Бүх ажиллагаа прокурорын хяналтан дор явагддаг. АТГ хэнд ч хянуулдаггүй, цагдуулдаггүй, эрх дураараа байгууллага гэсэн ойлголт байхгүй гэдгийн жишээ энэ л дээ.
-Одоогоор хэчнээн хүн цагдан хоригдоод байна вэ?
-5 хүн байгаа. ЭХТА-ийн 268, 265, 263 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 5 хүн байна. Г.Дэнзэн яллагдагчаар, Г.Түмэнхүү яллагдагчаар, М.Тамир яллагдагчаар, Д.Батзориг яллагдагчаар, Г.Мөнхбат яллагдагчаар нар байгаа.
АТГ-ын тайлангаас харж байхад шалгасан гомдол мэдээллийн ихэнхийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Энэ яагаад вэ?
-Иргэд нийгэмд байгаа болохгүй, бүтэхгүй асуудал бүрийг АТГ-т хандаж шийдвэрлүүлэх хүсэл сонирхолтой байгааг манайд ирүүлсэн гомдол, мэдээллийн бүртгэлээс харж болно. Гэтэл АТГ хуулиар харьяалуулсан 10 төрлийн гэмт хэргийг шалгадаг. Иргэдээс ирүүлж байгаа гомдол, мэдээллийн дийлэнх нь хэргийн харьяалал бус, ихэнхдээ зөрчлийн шинжтэй байдаг. Жишээлбэл, цэцэрлэгийн эрхлэгч эцэг, эхээс хандив авлаа, газрын байцаагч мэдээллийн санд бүртгэж аваагүй гэх зэрэг гомдол нь эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байдаг.
-АТГ-ын твиттер хаягийг дуурайлган Н.Алтанхуяг гишүүний эсрэг жиргэсэн. Үүн дээр АТГ ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-АТГ-ын твиттер дэх албан ёсны хаяг @NOcorruptionMGL гэж байгаа. Харин сүүлийн өдрүүдэд энэ хаягийг дуурайлгаж @NOCorruptionMNG гэсэн хуурамч аккаунт нээсэн байна. АТГ албан ёсны дээрх хаягаас өөр ямар нэгэн хаяг ашиглаж байгаагүй, ашиглахгүй, цаашид ч ашиглахгүй. Шаардлагатай гэж үзвэл АТГ энэ асуудлаар зохих газарт нь хандана.
-Иргэний харьяаллын Пүрэвдоржийн хэрэг юу болж байгаа вэ?
-ИХШХЕГ-ын дарга болон нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 273 дугаар зүйлийн 273.2, 150 дугаар зүйлийн 150.3-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
-Төмөр замын Сэрээнэндоржийн хэрэг яаж байгаа вэ?
-ЭХ-ийн 266 дугаар зүйлийн 266.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
“Цэвэр агаар” сангийнхны хоёр дахь хэрэг ямар шатанд байна вэ. Прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэдэг, дахиж яллах дүгнэлт үйлдүүлэхээр өгөв үү?
-Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.
Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүргийг танилцуулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд бүрэн дүүрэн хүргэхийг зорьсноороо энэ удаагийн мэдээллийн цаг онцлог байв.