Ж.Батсайхан: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө, орлогын мэдүүлэг нь ч, мөн түүнтэй шууд холбогдох эрүүгийн хэрэг ч АТГ-т шалгагдаагүй
Авлигатай тэмцэх газраас 2015 оны эхний хагас жилд хийсэн үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж байгаа эсэх асуудлаар сэтгүүлчид асууж сонирхож байв. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор УИХ-ын Ес зүйн дэд хороонд албан бичиг хүргүүлсэн юм байна. Гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө,
орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчил илэрсэн гэсэн үг үү?
-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст иргэн “С”-д холбогдох үйлдлийг шалгах явцад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан оффис, үйлчилгээний зориулалттай, зоорийн давхрын хамт 7 давхар барилгыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн гэр бүлийн хүний захиалгаар барьсан нь тогтоогдсон. Н.Алтанхуяг гишүүн өөрөө ч хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэг объектод нь хууль, хяналтын байгууллагаас халдсан гэх агуулгатай зүйлийг олон нийтэд мэдэгдсэн.
Эдгээртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг үзэхэд 2010 оноос хойш “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт, 100 м.кв талбайтай, 30 сая төгрөгийн үнэ бүхий кафены зориулалттай байшин” гэх хөрөнгийг мэдүүлж ирсэн байна. Хамгийн сүүлд гаргасан мэдүүлэг буюу 2014 оны мэдүүлэгт уг байшингийн хэмжээ, үнэлгээг мөн энэ хэвээр мэдүүлсэн байсан. Иймээс хөрөнгийн бодит хэмжээ, үнэлгээ нь мэдүүлэгт бичигдсэн байдлаасаа зөрүүтэй байж болзошгүй талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд мэдэгдсэн байгаа.
-УИХ-ын Ёс зүйн дэд хороонд мэдэгдсэн нь ямар үндэслэлтэй юм бэ?
-Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах чиг үүрэггүй, УИХ-ын гишүүний мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгана гэж Авлигын эсрэг хуульд заасан байгаа. Иймээс ч тус газар Н.Алтанхуяг гишүүний мэдүүлэгт ямар нэг хяналт шалгалт хийгээгүй, зөвхөн эрүүгийн хэрэг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгийн бодит хэмжээ, үнэлгээ нь мэдүүлсэн байдлаас зөрүүтэй байж болзошгүй асуудлыг Ёс зүйн дэд хороонд мэдэгдсэн. Ер нь мэдүүлгийг бүртгэж, хадгалах эрх бүхий албан тушаалтан нь хууль зөрчсөн байж болох үндэслэл илэрвэл зохих субъектэд нь мэдэгдэх шалгуулах үүрэгтэй юм.
-Н.Алтанхуяг гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг шалгагдсан гэсэн үг үү?
-Өөр этгээдэд холбогдох хэргийг Мөрдөн шалгах хэлтсээс шалгах явцад дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг нь ч, мөн түүнтэй шууд холбогдох эрүүгийн хэрэг ч тус газарт шалгагдаагүй.
Г.РАВЖАА