Монгол Улсын авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь авлигын индексээр ахицтай дүн үзүүлэхэд нөлөөлсөн
“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудын 2015 оны авлигын индексийг зарласан. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуштай ярилцав.
-“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас Авлигын төсөөллийн индекс судалгааны 2015 оны дүнгээ танилцуулсан. Та бүхэн судалгааны дүнг харсан уу?
-“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын Авлигын төсөөллийн индекс бол дэлхийн улс орнуудын авлигын түвшинг хэмжих зорилгоор жил бүр хийгддэг судалгаа юм. Энэ судалгаа нь улс орнуудын төрийн албан дахь авлигын талаарх төсөөллийн үр дүнг индексээр илэрхийлж харуулдаг. 2015 онд энэ судалгаанд 168 орныг хамруулж, дүнг танилцууллаа. Судалгааны дүнгээс харахад зарим орон оноо, байр зэрэг нь ухарсан дүнтэй байгаа бол цөөнгүй улс байр, оноо нь урагшилсан харагдаж байна.
Монгол Улсын хувьд 2015 оны Авлигын төсөөллийн индекст 39 оноогоор 72 дугаар байрт жагссан байна. Өнгөрсөн жил манай улс мөн 39 оноогоор 80 дугаар байрт орж байсан бол 2013 онд 38 оноогоор 83 дугаар байр, 2012 онд 36 оноогоор 94-т тус тус орж байсан.
-Өнгөрсөн жилийн дүнгээс энэ жил Монгол Улс уг индекст байр ахисан ч оноо хэвээрээ байгаа нь авлигатай тэмцэх ажилд ямар нэг ахиц гараагүй гэж ойлгож болох уу?
-Үүнийг төрийн албан дахь авлигын талаарх төсөөлөл төдийлөн өөрчлөгдөөгүй буюу Монгол Улс дахь авлигатай тэмцэх ажилд ахиц гараагүй гэсэн дүгнэлт хийвэл өрөөсгөл болно. Судалгааг хийсэн байгууллагаас гаргасан мэдээлэлд дурдсанаар Монгол Улс өнгөрсөн онтой харьцуулахад шүүхийн шударга байдал, хуулийн засаглал болон засаглалын шилжилт ба менежмент, өрсөлдөх чадварын үнэлгээгээр оноо буурсныг анхаарах хэрэгтэй.
Түүнчлэн 2015 онд манай улстай холбоотой таагүй зарим мэдээлэл олон улсад гарсан нь авлигын талаарх төсөөлөлд сөргөөр нөлөөлсөн байж болох юм. Тухайлбал, Өршөөлийн хуульд авлигын хэргийг хамруулахаар төсөл боловсруулсан, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулж авлигын хэргийг шалгах харьяаллыг өөрчлөхөөр хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан, эдгээр асуудлаар “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын удирдлагаас Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хандсанаас гадна Малайзад болсон авлигын эсрэг олон улсын хурлаас Монгол Улсад хандаж дээрх асуудлаар уриалга гаргаж байсан зэргийг дурдаж болох юм.
Хэдийгээр хүндрэл бэрхшээл байсан ч 2015 онд манай улс авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ахицтай ажиллаж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Өнгөрсөн онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг санаачилгын удирдах зөвлөлийн уулзалт болон бүс нутгийн семинарыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. 2015 онд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд хүүхэд багачууд, оюутан залуучууд, эрүүл мэндийн салбарт чиглэсэн аян, өндөр түвшний авлигын болон хувийн хэвшлийн авлигын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Авлига, албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалт, шийдвэрлэлтийн тоо өмнөх жилүүдийнхээс өссөн дүнтэй байгаа. Ялангуяа өндөр түвшний авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр 2015 онд ахиц дэвшил үзүүлж ажилласан. Мөн Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байгаа байнгын хяналт шалгалтын үр дүнд албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг таслан зогсоож, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах чиглэлээр ажилласан байна. Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг хамааруулахаар тусгасныг Ерөнхийлөгч хориг тавьснаар өөрчилж чадсан нь авлигын индексийн үзүүлэлтийг ахиулсан гэж үзэх үндэстэй. Түүнээс гадна Монгол Улс авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой хэд хэдэн хууль тогтоомжийг шинээр баталж, зарим нь хэрэгжиж эхэлж байгааг онцлох нь зүйтэй.
-Тухайлбал?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг 2015 онд хэрэгжүүлж эхэлсэн, энэ хуулийн ач холбогдол нь төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлж, төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр ашигтай болон хариуцлагатай байдлыг сайжруулахын зэрэгцээ үүнд олон нийтийн хяналт, оролцоо нэмэгдэж байгаа. Мөн 2015 оны 5 дугаар сард Хууль тогтоомжийн тухай хуулийг шинэчлэн, 6 дугаар сард Захиргааны ерөнхий хуулийг тус тус баталсан. Эдгээр хуулийг хэрэгжүүлж эхэлснээр хууль тогтоомж, захиргааны актыг боловсруулан гаргах үндэслэл, процедурыг тодорхой болгон журамлаж, уг ажиллагаанд олон нийтийн оролцоо, тавих хяналтыг сайжруулж байна. Үүний үр дүнд хууль тогтоомж, захиргааны акт гаргах үйл ажиллагааг нээлттэй ил тод, хариуцлагатай болгоно. Товчхондоо Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлэхээр захиргааны байгууллага, албан тушаалтан дур зоргоороо захиргааны акт гаргах, хуулиас давсан шийдвэр гаргаж иргэдийг чирэгдүүлэх, танил талдаа давуу байдал олгох боломжийг хязгаарлаж, хариуцлага нэмэгдэж байна. Түүнчлэн судалгаануудын дүнгээс харвал манайд албан тушаалаа урвуулан ашиглах, хэтрүүлэх нь нийтлэг ажиглагдаж байгаа учраас авлигаас урьдчилан сэргийлэхэд эдгээр хуулиудын ач холбогдол их байна.
Үүнээс гадна Эрүүгийн хууль шинэчлэгдэж батлагдсан бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнд Авлигын гэмт хэрэг гэсэн шинэ бүлэг орсны дээр зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт орсон байгаа. Тухайлбал, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан тохиолдолд хохирлын хэмжээнээс хамаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсныг өөрчилж хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгосон, албан тушаалтны үйл ажиллагаанд албан тушаалын эрх нөлөөгөө урвуулан ашиглаж нөлөөлсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хахууль өгөхийг шаардах, хахууль санал болгосон, амласан зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцох, мөн хахууль өгсөн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шалгуурыг тодорхой болгон хуульчилсан. Эдгээр өөрчлөлт нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн шаардлагад Эрүүгийн хуулийг нийцүүлэхэд чухал алхам болж байна.
-Авлигыг хэмждэг олон улсын байгууллагын судалгаанаас гадна манай дотоодын судалгаа байдаг уу?
-Авлигын хэлбэр, түвшинг судлах зорилгоор олон улсын болон дотоодын судалгаа цөөнгүй хийгддэг. Манай улсын хувьд төрийн бус байгууллагуудаас тодорхой салбар юм уу сэдвийн хүрээнд судалгаа хийдэг. Үүнээс тогтвортой, давтамжтай хийгддэг судалгаанууд бас бий. Жишээлбэл, Азийн сангийн авлигын талаар иргэдийн болон бизнес эрхлэгчдийн төсөөлөл ямар байгаа талаарх судалгааг тогтмол хийдэг.
Манай байгууллагын хувьд хэд хэдэн судалгааг тогтмол хийж, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд ашиглаж байна. Монгол Улсын Авлигын индексийн судалгааг 2009 оноос эхлэн 2 жил тутам хийж, дүнг олон нийтэд танилцуулж байгаа. Монголын Авлигын индекс 2009 онд 0,64 байсан бол 2011 онд 0,64, 2013 онд 0,65 гэсэн үзүүлэлттэй байгаа. 2015 онд уг судалгааны аргачлалыг шинэчилж явуулсан, удахгүй 2015 оны дүнг танилцуулна.