Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “Макс Планк” сангийн тэргүүн Рюдигер Волфрумыг хүлээн авч уулзав
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “Макс Планк” сангийн тэргүүн Рюдигер Волфрумыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням оролцлоо.
Уулзалтын эхэнд Н.Ганболд тус сангийн зүгээс Монгол Улсын болон Азийн бүсийн орнуудын эрх зүйн тогтолцоог хөгжүүлж, бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байдагт талархлаа илэрхийлэв. Ноён Рюдигер Волфрум “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Монгол Улсын Мянганы хөгжлийн 9 дэх зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр танай байгууллагатай хамтран ажиллах саналтай байна. Эхний ээлжинд бид хууль эрх зүйн орчныг судлах, олон улсын эрх зүйн зохицуулалтад нийцүүлэхийн төлөө ажиллах болно. Хүний эрхийг хангаж, олон улсын эрх зүйн тогтолцоотой уялдуулан ажилласнаар авлигатай тэмцэх нь чухал. Бид тайлан боловсруулж, зөвлөмж хүргүүлнэ” гэлээ.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “Манай улсад шүүхийн хууль тогтоомжийн шинэчлэл хийгдсэн. Шинээр батлагдсан олон хууль удахгүй хэрэгжиж эхэлнэ. Тэдгээр хуулиудыг судалж, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал. Бидний хамтын ажиллагаа цаг үеэ олсон гэж үзэх үндэстэй юм” гэв.
Хоёр тал авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын харилцаа, эрх зүйн орчин, цаашдын хамтын ажиллагаа, боломжийн талаар санал солилцов.