Jan 13, 2016         12

Авлигатай тэмцэх газар 2015 онд юу хийв?

Авлигатай тэмцэх газар 2015 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар олон нийтэд тайлагнаж байна.

Хууль тогтоомж зөрчсөн 33 дүрэм, журмыг хүчингүй болгожээ 

Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөгөөг нийт 122 байгууллага батлуулан хэрэгжүүлжээ. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр өмнөх онд хангалтгүй үнэлгээ авсан Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг байгууллагын удирдлагуудад цаашид үнэлгээгээ ахиулах, санаачилгатай ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж ажилласны үр дүнд дээрх байгууллагууд 31.5 хүртэл хувиар ахисан дүнтэй байна. 

Хөндлөнгийн шинжээчдийн багаас өгсөн “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээ”-гээр жил дараалан бага оноотой үнэлэгдсэн, оноо нь буурсан, иргэдийн санал гомдол, судалгааны дүнд үндэслэн 75 байгууллагуудад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцав. Тэдгээр байгууллагуудад ажиллахад удирдах албан тушаалтан нь өөртөө урамшуулал олгох шийдвэр гаргадаг, хууль тогтоомжид заасан мэдээллийн ил тод байдал хангалтгүй зэрэг зөрчил дутагдал нийтлэг байна. 

Илэрсэн нийтлэг зөрчил дутагдал гаргуулахгүй байх, албан тушаалтныг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлийг нийгэмд ухуулан таниулах зорилгоор төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд 15 зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн 33 дүрэм, журмыг хүчингүй болгож, 30 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, ёс зүйн 15 дүрэмд санал өгчээ. Төрийн үйлчилгээний хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 23 гомдлыг шийдвэрлэжээ. Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд томоохон эмнэлгүүд, эрүүл мэндийн төвд ажиллаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулав. 

Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр нийт 28203 хүнийг соён гэгээрүүлэх сургалтад хамруулжээ. Бага насны хүүхдүүдэд зориулан “Туулайхүүгийн адал явдал” номыг эрхлэн хэвлүүлж, уг номоор дамжуулан нийслэлийн ерөнхий боловсролын 40 гаруй сургуулийн сурагчдад зөв шударга амьдралын дадал хэвшил олгох чиглэлээр үлгэрчилсэн хичээл заасан нь өнгөрсөн онд соён гэгээрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн томоохон ажил болов. 

Цагдаагийн байгууллага дахь авлигын эрсдлийг тодорхойлох судалгаа хийв 

Авлигатай тэмцэх газраас Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөллийн2014 оны судалгааны үр дүнгийн тайланг боловсруулан хэвлүүлж, олон нийтэд мэдээлж ажиллалаа. Цагдаагийн байгууллагын авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын хандлагыг тодорхойлохоор судалгааг нийслэлийн 4 дүүрэг, 3 аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагааг хамруулан 305 цагдаагийн албан хаагч, 331 иргэнээс асуулга авч зохион байгуулсан бөгөөд дүнг нийслэл, дүүргүүдийн албан хаагчдад мөн судалгааны дүнгээр авлигад өртөх эрсдэл өндөр гарсан дүүргийн замын цагдаагийн хэрэг бүртгэгч, байцаагч нарт танилцуулав. 

“Монгол Улсын авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал”-ын талаарх, мэдээллийг боловсруулан хэвлүүлж, УИХ-д хүргүүлэв. Энэ удаагийн мэдээллийг улс, аймаг, нийслэл болон салбарын түвшинд бэлтгэн хэвлүүлснээрээ онцлог юм. Танилцуулга мэдээллийг УИХ-ын гишүүд, Олон нийтийн зөвлөлийн гишүүд, бүх яам, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлжээ.

523 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн. Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлсэн. Нийт мэдүүлэг гаргагчийн 15970 буюу 41,56 хувь нь Улаанбаатар хотод байгаа бол 22453 буюу 58,44 хувь нь орон нутагт байна. 

2015 онд мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын чиглэлээр нийт 161 байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан шалгалаа. Хяналт, шалгалтын ажлын төлөвлөгөөний дагуу болон авлигын эсрэг хууль тогтоомж, бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд түгээмэл гарч буй зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлсний дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон 634 албан тушаалтныг чөлөөлүүлж, мэдүүлгийг хянуулж, зөрчлийг арилгуулсан байна. “Илт ашиг сонирхлын зөрчилтэй” гэсэн дүгнэлт хүргүүлсээр байтал уг ажлын байранд томилогдон ажиллаж байгаа 26 албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохоор зохих этгээдэд хандаад байна. 

Өнгөрсөн онд 51854 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэн, харин энэ жил 13161-ээр буурсан нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 20 дугаар тогтоолоор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-д өөрчлөлт орсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, зарим мэдүүлэг гаргагчийг хассантай холбоотой. 

2015 онд нийт 523 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Мэдүүлгийн хяналт шалгалтад хамрагдсан албан тушаалтнуудын тоо өмнөх оныхоос 16,8 хувиар, хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтны тоо 6,5 хувиар тус тус өсчээ. Харин хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн албан тушаалтны тоо 39-өөр нэмэгдсэн байна.

iaac

Хууль бус томилгоотой холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл давамгайлжээ

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 317 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Хүлээн авсан болон хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо өнгөрсөн оныхоос нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 70 орчим хувийг хувь хүн, иргэнээс ирүүлжээ. 

Өргөдөл, гомдол, мэдээллийг зөрчлийн шинж чанараар нь авч үзвэл 2013 оноос албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон асуудал нь нийт гомдлын дийлэнх хувийг эзэлж байсан бол 2015 онд албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан болон хууль бус томилгоотой холбоотой асуудал давамгайлж байна.

iaac

 

317 өргөдөл, гомдол, мэдээллийг албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, хариуцлага тооцуулах, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хуулийн хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд анхааруулах, төрийн байгууллагад харъяаллын дагуу шилжүүлэх, гэмт хэргийн шинжтэй зөрчлийг шалгуулахаар харъяаллын дагуу шилжүүлэх, зэргээр хянан шийдвэрлэжээ. Гомдолд дурдсан асуудал нь тогтоогдоогүй буюу зөрчил илрээгүй асуудал ч байв. Хянан шийдвэрлэсэн нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 54,2 хувийг буюу 172-ынх нь зөрчлийг тогтоож хариуцлага тооцуулах, хууль бус тушаал, шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч ажилласан байна. 

Төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8119 хүний мэдүүлгийг хяналаа

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 8283 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 8119 этгээдийн мэдүүлгийг хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ. Тэдгээрээс 279 хүнд ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, 163 хүнд ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнийг тогтоож анхааруулсан, 706 этгээдийн материалыг хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцаасан, 38 нэр дэвшигчийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн болохыг тогтоож шийдвэрлэжээ. 

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн хүрээнд зөрчил гаргасан нийт 274 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулж шийдвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 96-гаар бага хэдий ч зөрчлийг арилгах, хууль бус тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулах зэрэг арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлсэн байна. 

345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2015 онд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг нэг бүрийн мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай гүйцэтгүүлэхэд чиглэсэн мөрдөн байцаагчдын ажлын хэсгээр шалгалт явуулах зохион байгуулалтын хэлбэрийг дэмжиж ажиллав. 

Гэмт хэргийн шинжтэй 440 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 92-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс өсчээ. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 97.1 хувьтай байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл төрийн улс төрийн албанд 88, төрийн захиргааны албанд 169, төрийн тусгай албанд 61, төрийн үйлчилгээний албанд 57 гомдол, мэдээлэл, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд 33, улс төрийн намын үйл ажиллагаанд 2, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 10, бусад 20 гомдол, мэдээлэл шалгасан. 

Хуульд заасан харьяаллын 345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 103, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 35, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 36, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 13, хээл хахууль авах 81, хээл хахууль өгөх 65, хээл хахуульд зуучлах 15, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 11, хууль бусаар хөрөнгөжих 7, мөнгө угаах 6, бусад хэрэг 103 байв. Хамгийн өндөр хувийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэрэг эзэлж байна. 

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 55 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 50 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 30 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 13 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 28 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэлээ. Өмнөх онтой харьцуулахад мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн хэрэг 0.5 хувиар өсчээ. Мөрдөн шалгасан хэргийн 163-ыг буюу 68.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 37.4 хувьтай байна.

Хэрэгсэхгүй болгосон 50 хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 4, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр 4, гэмт хэрэг нь нийгэмд аюултай шинж чанараа алдсан үндэслэлээр 1, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 40 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд 2 тэрбум 921.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Эрүүгийн хэрэгт холбогдон 410 хүн шалгагджээ. Хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл төрийн улс төрийн 42, төрийн захиргааны 79, төрийн тусгай 44, төрийн үйлчилгээний 58, төрийн бус байгууллагын албан тушаалтан 11, бусад 176 байв. Хэргийн холбогдогчоос 28 сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар буурсан байна. 

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 онд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, ИХШХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Увс аймгийн Өмнөговь сумын сургуулийн захирал Б.Лхамсүрэн, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч М.Гансүлд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүх, ня-бо М.Хулан нарын 68 хүнд холбогдох эрүүгийн 24 хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ. 

Гэмт хэргийн улмаас 46 тэрбум 478.3 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 2 тэрбум 921.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 11 тэрбум 276.9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 800.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүллээ. Шүүхээс 8 тэрбум 847 сая 242 мянга 855 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарчээ.

АТГ-ын албан хаагчид 1620 хоног хөдөө орон нутагт ажиллажээ

Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, Олон улсын эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарыг гадаадын 31 орны 80 гаруй төлөөлөгчийг оролцуулан Улаанбаатар хотноо 2015 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлыг сайтар зохион байгуулж, нийт дүнгээр “А” үнэлгээ авав. 

2015 онд батлагдсан урсгал зардлын төсвийн санхүүжилт болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийг сар бүрийн хуваарийн дагуу зарцууллаа. Байгууллагын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг хуульд заасан хугацаанд төрийн санд хүргүүлэх, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөө боловсруулж, холбогдох яамдад хүргүүлэх, үндсэн хөрөнгө, бараа материал, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвартай холбоотой тооцоог хийх, баланс гаргах зэрэг багц ажлыг хангалттай сайн гүйцэтгэлээ. Давхардсан тоогоор байгууллагын албан хаагчид хөдөө орон нутагт 1620 хоног ажилласан байна. Авлигын эсрэг хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ Авлигатай тэмцэх газар зохих ёсоор гүйцэтгэсэн хэмээн дүгнэж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us