Ашигт малтмалын газарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, ашигт малтмалын салбартай холбогдох гомдол, мэдээллийг судлан үзэх, мөрдөн байцаагчаас хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр ажиллах, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Ашигт малтмалын газарт ажиллаж эхэллээ.
Ажлын хэсэг тус газрын удирдлагаас гаргасан аливаа шийдвэр, төлбөр, хураамж тогтоосон баримт бичиг, хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллаж буйтай танилцаж, дүрэм, журам, зааврыг хянан үзэхийн зэрэгцээ орон нутагт гарч байгаа бичил уурхайн олборлолттой холбогдох гомдол, мэдээллийн талаар холбогдох асуудлыг судлан үзэх юм байна.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаагчаас хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж, шаардлагатай тайлбар, тодруулга авах, мэдээлэл гаргуулахаар ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ашигт малтмалын газарт ажиллах үеэр тус салбартай холбоотой санал хүсэлт, гомдол мэдээллээ Авлигатай тэмцэх газрын 18001969 дугаарын утсаар болон атг.мон цахим хуудсаар өгч болох юм.