Хууль зөрчсөн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр Баян-Өлгий аймгийн Өлгий, Цэнгэл суманд албан томилолтоор ажиллаж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явууллаа.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Күмисханыг холбогдох хууль тогтоомж зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад томилсон нь шалгалтаар тогтоогдсон тул тус аймгийн Засаг даргын 2014 оны А/409 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, 2015 оны Б/588 дугаар захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Пернегүль, Ногооннуур сум дахь сум дундын эмнэлгийн ерөнхий эмч А.Мухтар нарт албан тушаалын цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Баян-Өлгий аймгийн удирдлагуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах үүрэг, чиглэл өгөв.