Dec 22, 2015         3

Нийслэлийн ИТХ, түүний ажлын албанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар Зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн ИТХ, түүний ажлын албаны хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд Хурлын төлөөлөгчид, бусад албан тушаалтнуудын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан дүнгийн талаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгад Зөвлөмж хүргүүлэв. 

Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна. Хурлын тэргүүлэгчид 2014 онд 231 тогтоол, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар 190 тогтоол гаргасан байхад тэдгээрт оролцсон Тэргүүлэгчдээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн” тухай мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргуулж аваагүй байв. ИТХ-ын даргын 2015 оны 46 захирамж, ажлын албаны даргын 2015 оны 104 тушаалтай танилцахад үнэлгээний хороо, ажлын хэсэгт томилогдон ажилласан, дээрх хуулийн дагуу мэдэгдэл, тайлбар гаргавал зохих 50 албан тушаалтнаас 10-аас бусад нь “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай” мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй зэрэг зөрчил илэрчээ. 

Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 01/01 дугаар тогтоолоор Цэндийн Сандаг-Очирыг Нийслэлийн хурлын төлөөлөгчөөр, Багануур дүүргийн ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн жагсаалтаар дүүргийн Хурлын төлөөлөгчөөр тус тус баталж, бүрэн эрхийг зөвшөөрсөн нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянан нягтлах шаардлагатай байгааг Зөвлөмжид дурджээ. 

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаас хүсэв. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us