Jun 23, 2015         3

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд сахилгын шийтгэл ногдуулжээ

Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг томилогдож, авлигын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан. 

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах явцад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь 2014 оны А/42, А/58, А/61, А/85, А/87, А/105 тушаалаар өөртөө удаа дараа нийт 5 522 304 төгрөгийн урамшуулал, Б/13, Б/26, Б/51, Б/72, Б/141, Б/161, Б/202, Б/228, 2015 оны Б/5 тушаалаар өөртөө удаа дараа нийт 3 125 154 төгрөгийн илүү цагийн хөлсийг тус тус олгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...өөрийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахыг хориглоно”, мөн хуулийн 8.1-д заасны дагуу “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн Мэдэгдэл” гаргах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчлийг удаа дараа гаргасныг тогтоосон байна. 

Дээрх зөрчлийн дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу “нийтийн албанаас халах” хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас албан бичгийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн юм. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нь Д.Нямхүүд 3 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан талаар хариу ирүүлсэн байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us