Jun 25, 2015         3

Гадаад мэдээний тойм

Куйнслэндийн парламентын сөрөг хүчин Цагдаагийн сайд Жо-Энн Миллерийг шалгуулах хүсэлт гаргав

Брисбен. Куйнслэнд муж улсын парламентын сөрөг хүчний зүгээс тус муж улсын Цагдаагийн албаны сайдын талаар Гэмт хэрэг, авлигатай тэмцэх комисст мэдээлэл хүргүүлэв. Мэдээлэлд, Парламентын гишүүн Рик Уильямсийг гэмт хэрэгт буруутгаж байгаа хүнтэй Цагдаагийн албаны сайд Жо-Энн Миллер утсаар ярьсан талаар дурджээ.

Рик Уильямсийн удирдлагад ажиллаж байсан Брюс Мклийн нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа талаар мэдээлсний дараа хатагтай Миллер Брюс МкЛийн рүү утсаар ярьжээ. Хэдийгээр хатагтай Миллер тухайн асуудал цагдаад очихоос нэлээд хэдэн цагийн өмнө ноён Мклийн рүү утасдсан ч сөрөг хүчний зүгээс түүнийг цагдаагийн мөрдөн байцаалтад саад учруулсан гэж буруутгаж байна. 

Энэ асуудал “Цагдаагийн албаны сайдаас “шүгэл үлээгч”-тэй ингэж шууд харилцана гэдэг санаанд багтамгүй зүйл юм. Ийм үйлдэл хийснээрээ тэрээр Куйнслэнд муж улсын эрүүгийн хуульд заагдсан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэсэн шуугианыг үүсгэж байна. “Ноён МкЛийнтэй холбогдож утсаар ярих ёсгүй байсан бөгөөд ингэж ярьсан нь найзын хувиар залгасан хэрэг юм, цагдаагийн байгууллагын албан үүргээ гүйцэтгэх үйл ажиллагаанд би хэзээ ч хутгалдан орж байгаагүй, цаашид ч хутгалдахгүй” гэж хатагтай Миллер тайлбарласан байна. Хатагтай Миллер нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхдөө алдаа гаргасан гэж муж улсын Ерөнхий сайд Аннастасия Палашук хэлжээ. Хатагтай Миллерт холбогдох асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байх явцад тэрээр парламентын үйл ажиллагаанд оролцохгүй ажээ.

Эх сурвалж

Авлигач генералын хууль бус хөрөнгө Засгийн газрын мэдэлд ирэв

Манила. Филиппиний Засгийн газар 1.3 сая ам.долларын чек хүлээн авлаа. Энэхүү чек нь хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүйн улмаас 2005 онд шүүхээр орж ял шийтгүүлсэн Филиппиний Зэвсэгт хүчний хянан шалгагч, хошууч генерал асан Карлос Гарсиягийн АНУ дахь хөрөнгийг Америкийн Засгийн газар хураан авч борлуулаад илгээсэн мөнгө юм. 

Омбудсман Кончита Карпио-Моралес хэлсэн үгэндээ чек хүлээн авч байгаагаа онцлон тэмдэглээд энэ нь авлигын эсрэг тэмцэлд хийж буй бас нэг ялалт болж байна гэлээ. Филиппин Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Филип Голдберг 1.384.940.28 ам.долларын чекийг Моралест гардуулан өгсөн байна. Энэ мөнгө бол Гарсиагийн гэр бүлийн эзэмшилд байсан Нью-Йоркийн Манхаттан дахь орон сууцыг хураан авч худалдах болон Нью-Йорк дахь Ситибанкны 2 дансанд байсан мөнгийг хураан авах үйл ажиллагааны үр дүн юм. Эдгээр хөрөнгийг АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны үйл ажиллагаагаар илрүүлсэн байна. Армийн санхүүгийн асуудал эрхэлсэн дарга асан Гарсия 2005 онд цэргийн шүүхээс хоёр жилийн хүнд хөдөлмөр хийлгэх, албанаас хөөх, цэргийн тэтгэвэр авах эрхийг хасах ялаар шийтгүүлсэн юм. Тэрээр мөн 2002-2003 онд хөрөнгийнхөө бодит үнэлгээг худал мэдүүлсэн гэмт хэрэгт буруутгагдсан байна. 2011 онд Засгийн газраас түүнийг хууль бусаар олж авсан бүх хөрөнгөө эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр үйлдсэн гэмт хэрэгт ял оноохгүй байхаар шийдвэрлэжээ. 

Эх сурвалж

Цагаачдын төвийг тойрсон авлигын хэрэг Италид дэгдэв

Ром. 44 хүнийг баривчилсан талаар Италийн цагдаагийн газраас мэдээлэв. Цагаачдыг хүлээн авах төвийг ажиллуулах менежментийн гэрээг будлиулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа улстөрчид, төрийн албан тушаалтууд, бизнес эрхлэгчдийн авлигын сүлжээнд хамааралтай гэж үзэн тэднийг баривчилжээ. 

Энэ баривчилгаа нь өнгөрсөн жил Ром хотын засаг захиргаанд үүрлэсэн өргөн хэмжээний авлигын тогтолцоог илрүүлсний дараа болж байна. “Мафийн нийслэл” гэж нэрлэгдсэн тэрхүү хэрэг явдал нь хотын захиргааны хувийн хэвшлийнхэнтэй байгуулсан олон тооны гэрээ хэлцлүүдийг шалгах хүсэлтийг хотын зөвлөлөөс үндэсний авлигатай тэмцэх байгууллагад тавихад хүргэсэн юм. Одоогоор 44 хүн баривчлагдаад байгаа ч дахин 21 хүнийг Италийн төв хэсгийн хотуудаас баривчлах зөвшөөрлийг баталжээ. Газар дундын тэнгист үүсээд байгаа цагаачдын хямралтай холбоотойгоор цагаачдыг хүлээн авах төвийг ажиллуулах нь асар их ашигтай бизнес болоод байгаа юм. “Мафийн нийслэл” гэж нэрлэгдсэн хэрэгт холбогдсон хамгийн өндөр албан тушаалтан бол Ром хотын захирагч асан Жианни Алеманно бөгөөд тэрээр өнгөрсөн жил барууны чиглэлийн Италийн Ахан дүүс нам дахь албан тушаалаасаа огцорч байжээ. 

Эх сурвалж

Румыны Ерөнхий сайд авлигын хэрэгт холбогдов

Бухарест. Ерөнхий сайд Виктор Понта мөнгө угаах, татвараас зайлсхийх, хуурамч мэдүүлэг өгөх зэрэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг мөрдөн шалгахаа Румын Улсын авлигатай тэмцэх байгууллага мэдэгдээд байсан юм. Энэ асуудлаар тус байгууллага Ерөнхий сайдын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэв. 

Ерөнхий сайд авлигатай тэмцэх прокурорын газарт ирснийхээ дараа хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ түүнд холбогдуулж байгаа гэмт хэргүүд нь ямар ч үндэслэлгүй гэлээ. Румыны Ерөнхийлөгч Клаус Иоханнисийн зүгээс Ерөнхий сайдыг албан тушаалаа өгөх нь зүйтэй юм гэв. Ерөнхий сайдын алба хашиж байгаа хүн хуурамч бичиг баримт үйлдэх, мөнгө угаах, ашиг сонирхлын зөрчилд орох, татвараас зайлсхийхэд хамтран оролцох зэрэг гэмт хэрэгт орооцолдсон нь Румыны хувьд байж боломгүй нөхцөл байдал үүсгэж байна гэж тэрээр хэллээ.

Эх сурвалж

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us